Categories
мэдээ цаг-үе

Сметана

– Чехийн эрх чөлөөний тэмцлийн оюун санааны удирдагч байсан түүний мэндэлсэн өдрийг эх оронд нь үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг –

Чехийн сонгодог хөгжмийн эцэг Бедржих Сметаны мэндэлсний 191 жилийн ой энэ сард тохиож байна. Улс үндэстнийхээ эрх чөлөөний төлөөх тэмцлийн оюун санааны удирдагч асан түүнийг Монголын сонсогчид “Худалдагдсан бэр” дууриар нь сайн мэднэ. Сметаны байгалиас заяасан сод авьяас бага насанд нь тодорч зургаан настайдаа төгөлдөр хуурчийн анхны концертоо тавьж байжээ. Долоон настайдаа хөгжмийн бага сургуульд сурч байх үедээ “Бяцхан Голоп” нэртэй богино хэмжээний зохиол бичсэн байна. Энэ их хүний амьдрал намтраас товчхон сонирхуулахад, тэрбээр Чехийн нийслэл Праг хотын зүүнтээ, Литомышль дүүрэгт төржээ. 1948 онд Прагийн хөгжмийн консерваторийг төгсөхдөө «Эрх чөлөө» дуу, «Үндэсний Гвардын марш» зохиолоо бичсэн нь тухайн үед эх оронд нь Австрийн эсрэг өрнөж байсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааны илэрхийлэл болж байв. Сметана Прагийн консерваторт багшаар үлдлээ. 1850 онд төгөлдөр хуурын гурван цуврал бүхий «Хуримын үзэгдэл» зохиолоо бичсэн байна. Энэ нь хожим “Худалдагдсан бэр” дуурийнх нь үндэс болж өгсөн гэдэг. Сметана найрал хөгжмийн томоохон бүтээл “Ялалтын симфони”-оо 1853-1854 онд туурвилаа. Энэ үеэс түүний хувийн амьдралд уй гашуу нүүрлэв. 1854 онд охиноо,1856 онд хайрт эхнэрээ алдаж сэтгэлийн гүнзгий хямралд ожээ. Ингээд төрөлх Праг хотоо орхин гарч Шведийн Гётеборг хотыг зорив. Гётеборгт 1859 он хүртэл гурван жил амьдарчээ. Энд тэрбээр симфони найрал хөгжмийн томоохон бүтээлүүдээ бичиж эхэлсэн бөгөөд хэд хэдэн концертоо тоглуулав. Охиныхоо дурсгалд зориулсан төгөлдөр хуурын “Трио” тэргүүт зохиолууд нь ийнхүү Гётеборгт анх тоглогджээ. Түүнчлэн «Викингийн аялал», «III Ричард», «Валленштейний зуслан», «Гакон Ярл» симфони найраглалууд, төгөлдөр хуурын «Макбет ба Уитч», Этюд зохиолуудаа бичив.

1860-аад оны эхээр Чехэд улс төрийн байдал тогтворжиж Сметана төрөлх Прагдаа эргэн ирлээ. Алдарт “Бранденбургчууд Чехэд”, “Худалдагдсан бэр” дууриудаа 1863-1866 онд бичив. Үүгээр хөгжмийн амьдралд шинэ эргэлт хийж, Австри-Пруссийн дайны хөлд нэрвэгдсэн ард түмний амьдралыг өгүүлсэн эдгээр дууриараа Чехийн дуурьт шинэ төрөл жанрыг бүтээв. Хоёр дуурийг 1866 онд Прагийн театрт тавив. “Худалдагдсан бэр”-ийн анхны тавилт амжилт олоогүй ч 1870 онд шинээр тавьсан сүүлчийн хувилбар нь маш их амжилт олж дэлхий даяар алдаршсан. 1892 онд Венд, 1893 онд Чикагод, 1895 онд Лондонд, 1902 онд Нью-Йоркт тавигдлаа. Германд энэ дууриар 1932 онд “Макс Офюльс” нэртэй кино хийв. Сметана 1867 онд «Далибор» дууриа бичлээ. Үүнээс таван жилийн дараа 1872 онд «Либуше» дууриа бичсэн нь Сметаны алдар хүндийн оргил, сод бүтээл болсон байна. Тэрбээр “Далибор”-ынхоо араас бараг жил дараалан гурван дуурь бичсэн. 1873-1874 онд “Бэлэвсэн эхнэрүүд” 1876 онд “Үнсэлт”, 1878 онд “Нууц” дууриа бичсэн нь түүний сүүлчийн бүтээлүүд байв. Бедржих Сметана улс орныхоо хувь заяаны түүхэн адармаатай он жилүүд хийгээд хувийн амьдралынхаа хүнд бэрхийг оюун санаа, онгод билгийн их хүчээр туулан, туурвин бүтээж хөгжмийн соёлын асар өргөн далайцтай баялаг ертөнцийг Чех эх орондоо үлдээв. Эх оронч үзлийнх нь нэгэн тод илэрхийлэл, улс үндэстнийхээ дуулал болсон “Миний эх орон” симфони найраглал нь нэн алдартай. Тэрбээр амьдралынхаа сүүлийн таван жилийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өнгөрүүлж 1884 онд насан өөд болсон. XIX зууны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Европын олон улс орны дуурийн урлагт цоо шинэ үеийг авчирсан үе юм. Улс орнуудад үндэсний дуурийн шинэ чиглэлүүд бий болон хөгжлөө. Чехэд ч мөн адил. Бедржих Сметан дууриудаараа Чехийн үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн оюун санааны хүч, уриа дуудлага нь болж байв. Чехийн сонгодог хөгжмийг үндэслэгч тэрбээр эх оронч сэтгэлгээ бүхий баатарлаг шинжтэй хошин дуурийг бий болгосон хүн юм. Үндсэндээ Францын хөрөнгөтний хувьсгалын үеэс дэлхийн дуурийн урлаг нийгэм, улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлөх болж, энэ нь дуурьт өөрт нь төрөл хэлбэрийн эрс шинэчлэлийг авчирсан. Агуу хөгжмийн зохиолчид баатарлаг, туульсын, уянгын, хошин зэрэг дуурийн олон төрөл хэлбэрийг чухам энэ үед бүтээсэн байдаг. Сметаны “Худал­дагдсан бэр” хоёр бүлэгт хошин дуурийг манай ДБЭТ-т найруулагч Лхасүрэн, нэрт удирдаач Ч.Жамсранжав нар 1974 онд анх тайзнаа тавьж байв. Тэгэхэд энэ дуурьт дуулсан ардын жүжигчин, алтан басс Д.Жаргалсайхан таван жилийн дараа 1979 онд зохиогчийнх нь эх орон Чех улсад очиж Прагийн дуурийн театрт уг дуурийн Кецалийн дүрд дуулсан байдаг. Энэ тоглолтоос үлдсэн нэгэн сонирхолтой дурсамжийг сөхөхөд, дуурь өндөрлөмөгц үзэгчдийн суудлаас нэгэн эмэгтэй босч ирэн хүзүүнийхээ зүүлтийг тайлан авч Жаргалсайхан гуайн хүзүүнд зүүж өгсөн гэдэг. Өнгө өнгийн чулуу хэлхсэн уртаас урт тэр чамин зүүлтийг нэрт дуучин маань гэргий Ц.Цэндэмдээ бэлэглэжээ. Жаргалсайхан гуайн гэргий тэр зүүлтийг насан туршдаа зүүж гоёж яваагаа дурссан байдаг юм. Чехийн дуурийн урлагт шинэ төрөл жанр болон гарч ирсэн “Худалдагдсан бэр” дуурьтай холбогдсон Монголын нэрт басс хоолойт дуучны ийм нэгэн сонирхолтой түүх байдаг юм. Бедржих Сметана 1824-1884 оны оны хооронд амьдарч туурвисан. Тэрбээр Чехийн хөгжмийн ертөнцийн эцэг хэмээгддэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *