Өнгөрсөн ням гаригт Словенийн сонгогчид бие даан нэр дэвшигч Наташа Пирц Мусарыг улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгожээ. Н.Мусар одоогийн Ерөнхийлөгч Борут Пахорын бүрэн эрхийн хугацаа дуусах үед буюу ирэх 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөнө.
Саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаарх урьдчилсан дүнгээр, Н.Мусар 54 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан, сөрөг хүчний Словенийн Ардчилсан намын гишүүн Анзе Логар 46 хувийн санал авчээ. Өдгөө 54 настай Н.Мусар нь өмгөөлөгч, сэтгүүлч бөгөөд улсын мэдээллийн комиссарын алба хашиж байжээ. Тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувиар өрсөлдсөн ч хоёрдугаар шатанд түүнийг Ерөнхий сайд Роберт Голобын зүүний төвч үзэлт “Эрх чөлөөний хөдөлгөөн” болон түүний эвслийн түншүүдийн нэг “Социал Демократ” нам дэмжжээ.