Сонгинхайрхан
дүүргийн АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрхүү хурлынхаа үеэр
СХД-ын Засаг дарга М.Чинболдыг огцруулсан асуудалд санал нийлэхгүй
байгаагаа мэдэгдсэн бөгөөд шударга бус үйлдлээ зогсоохыг шаардсан
шаарлагыг хүргүүлсэн юм.
Тус шаардлагад
“Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө
Ардчилсан нам биелүүлэхээр чамгүй хичээж ажиллаа. Засгийн газар, Нийслэл
болон Дүүргийн түвшинд томоохон шинэчлэлийн ажлуудыг хийж чадлаа.
Цаашид хийж бүтээх олон ажлын суурийг тавьж, Монголын ирээдүйг өөдрөгөөр
харан ажилллаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг хүчин
болох МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд АН-ын Засгийн газрыг огцруулах,
хийж бүтээсэн болгоныг харлуулах, гацаах ажлыг хийсээр ирлээ.
МАН-ын
хийдэг ганц ажил нь Засгийн газрыг огцруулах, сайдуудыг шүд сугалах
мэтээр огцруулахаар өргөн барьж УИХ-ын чуулганы ихээхэн цаг хугацааг
барсан байдаг. Сонгууль дөхсөн энэ үед тэдний засаг огцруулах, төрийн
ажлыг гацаах явуургүй үйлдэл нь дүүргүүдрүү шилжиж байна. СХД-ийн МАН-ын
санаачлагаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцруулах хурлыг ИТХ-ын
дарга Х.Нямбаатар удаа дараа зохион байгуулсан. 2016 оны 4 сарын 22 нд
ИТХ-ын хуралдаанд нийт 41 төлөөлөгчөөс МАН-ын 21, МАХН-ын 1 төлөөлөгч
ирүүлэн ирц бүрдүүлж, өмнөх жилүүдэд дүүргийн Засаг даргын ажлыг 90
гаруй хувиар “Хангалттай” хэмээн дүгнэсэн байтал муу ажилласан хэмээн
олонхиороо огцруулах шийдвэр гаргалаа. Дашрамд дурьдахад СХД-ийн ИТХ-ын
дарга Х.Нямбаатар нь 2012 онд сонгогдохдоо хууль зөрчин байж намын
жагсаалтаар сонгогдсон, олонхиороо хаацайлуулж 4 жил хууль бусаар
ажиллаж байна.
Тодруулбал Х.Нямбаатар нь “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн … тухайн дүүрэгтээ
сонгуулиас өмнө 180 хоног амьдарсан байх … ” заалтыг зөрчин сонгогдсон
Баянгол дүүргийн иргэн юм. СХД-ийн Засаг дарга М.Чинболд сүүлийн 3
жилийн хугацаанд Нийслэлийн 152 хорооноос 152-р байранд орсон 22-р
хорооны Засаг даргыг ажлын хариуцлага тооцож, мөн 5-р хорооны ИНХ-аас
ажлын тайланд “Хангалтгүй” үнэлгээ өгч огцруулсан ИНХ-ын тогтоолыг
хүлээн авч шийдвэр гаргасан.
Гэтэл ажил хийдэггүй, ажлын үзүүлэлт
хангалтгүй Хорооны засаг дарга нарт хариуцлага тооцсон дүүргийн Засаг
дарга М.Чинболдыг буруутгаж, улс төржүүлэн жагсаал цуглаан зохион
байгуулж, улмаар ИТХ-ын хуралдаан зарлаж огцруулж, иргэдэд чирэгдэл
учруулж байгааг СХД-ийн Ардчидсан нам хүлээн зөвшөөрөхгүй. Иймд СХД-ийн
ИТХ болон СХД-ийн иргэд хүндрэл учруулж, улс төрийн тоглолтоо зогсоохыг
СХД-ийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, СХД-ийн ИТХ-ын хууль бус дарга
Х.Нямбаатар нараас шаардаж байна. Хууль бус шийдвэрээ зогсоох хэрэгтэй”
гэжээ .