Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөл нь 200 ортой яаралтай тусламжийн тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хэвтэн эмчлүүлэх тасгуудтай. Өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд олон улсын стандартад нийцсэн ая тухтай орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхээс гадна 40 гаруй ажлын байрыг нэмэгдүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман давхар өргөтгөлийн барилга нь 2019 онд ашиглалтад орох ёстой байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас ажил саатсан байна. Тиймээс 2022 онд ЭМЯ-наас нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр өчигдөр /2022.12.21/ барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо. Тус төв нь иргэдэд үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Ингэснээр дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү хүртээмжтэй хүрэх боломжтой болжээ. Азийн хөгжлийн банктай хамтран Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.