Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг зардал өндөр байдаг. Харин төрөөс гемодиализын аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг даахаар болсон. Энэхүү шийдвэрийн үр дүн эхнээсээ гарч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв гемодиализ эмчилгээг хийхээр болж байна. Ингэсэнээр диализийн аппаратанд өдөрт 3 оронд 2 ээлжээр 6 үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой болох юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь дотор, мэдрэл, сэхээн амьдруулах, ахмадын 200 ортой 5 тасаг, 4 салбараар дамжуулан дүүргийн нийт 307224 хүн амд эрүүл мэндийн хоёрдах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. 26 нарийн мэргэжлийн эмч нарын кабинет, 16 нэр төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн багажийн оношлогоо хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Дүүргийн хүн амын дунд бөөрний өвчлөл, дутагдалын улмаас Хөдөлмөрийн чадвар алдагдсан 138 хүн байдаг бөгөөд эдгээрээс 80 гаруй нь гемодиализ буюу цус шүүх эмчилгээг хийлгэдэг. Иймд тус Эрүүл мэндийн төв нь эдгээр өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдэлийг бага ч болов багасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гемодиализ эмчилгээг шинээр нэвтрүүлж байна. Одоогоор дүүргийн харьяат 60 орчим өвчтөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын 3-р төв эмнэлгээр диализ эмчилгээнд ордог. Хүлээгдэж байгаа 10 орчим үйлчлүүлэгчийг өөрийн дүүрэгт энэхүү гемодиализийн аппаратандаа эмчилгээнд хүлээн авч эхлээд байна.