-СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ НЭГ УДААГИЙН ЗҮҮ Ч АЛГА-
Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй хэмээн нийгмээрээ уриалаад ч газар авдаггүй энэ цаг үед хүн өвдөх эрхгүй болсон мэт. Өнгөрсөн амралтын өдөр Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч н.Гэрэлсүрэн, н.Нараа гэх хоёр эмч “Сарын сүүл болохоор манай эмнэлэгт эм тариа байхгүй. Гаднаас тариа ав” хэмээн өвчтнүүддээ загнан бүх эм тариаг нь гаднаас авахуулж тэр ч бүү хэл нэг удаагийн зүү тариурыг хүртэл авахуулсан байна. Учрыг нь асуусахад дээрх хоёр эмч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг ёс бус үгээр дайрч доромжилон “Тэр Удвал сайддаа хэл” хэмээн эмч хүнд баймгүй мэргэжлийн ёс зүйн алдаа гаргажээ. Энэ бүхнээс харахад Монголын эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар хэмжээнд хүрсэн нь тодорхой байна. Мэдээж алтан гартай эмч нарын ачаар хүнд өвчнөөсөө ангижирч, эрүүл тунх амьдарч буй олон иргэд байгааг хэлэхгүй өнгөрвөл хэтэрхий шударга бус явдал болно. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндээр тоглосон эмч нарт хариуцлага хүлээлгэсэн нь хэр олон билээ. Хүнд суртал нь хэрээс хэтэрсэн, алдаанаас нь болж насан турш тахир дутуу болж үлдсэн хохирогч дэндүү олон гэдгийг бид мартаж болохгүй ээ. Нэг үеэ бодоход энэ салбарт санхүүжилт нэмэгдэж, эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан. Гэсэн ч хүнд суртал, өнгө мөнгөнд шунасан эмч нарын цөөнгүй хувь нь хувийн амбиц, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөн ажиллах болсон гэдгийг иргэд шүүмжилэн ярьдаг.
Ардчилсан, хүмүүнлэг нийгэмд монголчууд бид амьдарч байна гэж ярих дуртай. Гэтэл энэ нийгэм нь ард түмнийхээ төлөө юу хийж байна. Бид хөлсөө урсгаж олсон мөнгөнийхөө багагүй хэсгийг “Буруу харж уйлан зөв харж инээн” татварт төлдөг хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүртэх эрх нь хамгийн доод төвшинд буй. Эрүүл мэндийн салбарын доройтол Эрүүл мэндийг толгойлж буй сайд болон ёс зүйгүй эмч нартай шууд холбоотой гэдэгтэй олон хүн маргахгүй биз ээ. Бид Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилүүлж буй иргэн Д-гийн хүүтэй утсаар холбогдож зарим нэг зүйлийг тодруулж асуулаа.
-ЭМ, ТАРИАГАА ГАНДНААС ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ “ЭМНЭЛГЭЭС ГАР” ГЭЖ ХӨӨЖЭЭ-
-Таны ээж хэд хоногийн өмнө дүүргийхээ эмнэлэгт хэвтсэн юм бэ?
-Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа нэг л биш. Миний ээж улсад 30 гаруй жил ажиллаж байгаад өнгөрсөн жил насандаа суусан хүн. Харъяалалынх нь дагуу өнгөрсөн дөрөв дэхь өдөр эмнэлэгт хэвтүүлсэн чинь нэг ч тариа, эм өгөөгүй. Өнөөдөр өглөө /VII.28/ том эгч дүүргийн эмнэлэг дээр очоод “Эмнэлэгт тав хоночихоод байхад яагаад нэг ч эм, тариа байдаггүй юм бэ” гэсэн чинь Гэрэлсүрэн, Нараа гэх хоёр эмч “Та нар баян цатгалан байж яах гээд улсын эмнэлэгт хэвтээд байгаа юм. Ээжийгээ хувийн эмнэлэгт хэвтүүл” гэж загнаж. Энэ хоёр эмч манай ээжийг элдвээр доромжилж “Хэл амтай балиар бүдүүн авгай” гэж хэлсэн байна. Эмч хүн ингэж болохгүй биз дээ.
-Та өөрөө Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай биечлэн уулзсан уу?
-Би өдөр очоод /VII.28/ Нараа гэдэг эмчтэй нь уулзаад “Ямар эм, тариа авахыг хэлээд өг. Бид нар аваад өгье” гэтэл “Та нар хоёрын хооронд зүйл дээр ямар их хэл ам гаргадаг юм бэ. Амьдралын боломжгүй хүмүүс эм тариагаа зүгээр авч ирээд хийлгэдэг” гэж байхын. Уг нь бид нар чинь эрүүл мэдийн үйлчилгээ авах гэж татвар төлдөг биз дээ.
-Би өнөөдөр /VII.28/ Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Хажидмаатай уулзахад 20 сая төгрөгний эм тариа татсан гэж хэлсэн.
-Үгүй, үгүй ямар ч эм тариа байхгүй наад эмнэлэгт чинь. “Эмнэлэгт нь ганцхан тариа байна. Энэ тариаг хийлгэвэл хийлгэ эсвэл боль” гэж манай ээжид эмч нар нь хэлсэн байна. Би өнөөдөр ээж дээрээ очиж шаардлагатай бүх эм тариаг нь авч өгсөн. Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэг удаагийн зүү тариур ч байхгүй байна. Эмнэлэг эм, тариа болсон гэж анхнаасаа учирлаж хэлсэн бол бид ойлгоно биз дээ. Гэтэл тариагаа авахгүй бол “Эмнэлгээс гар” гээд хөөж байна шүү дээ.
-Ямар тариа юм бол та мэдсэн үү?
-Ээжид хийх гээд байгаа тариа нь зүрхний тариа гэнээ
-Таны ээж ямар өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтэж байгаа билээ?
-Манай ээж зүрхээр биш бөөрний уйланхайтай гэсэн оношоор дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Цаашид хүндэрвэл хорт хавдар болох аюултай гэж бүх шатны шинжилгээгээр тогтоогдсон. Бид өгөх ёстой бүх шинжилгээг нь өгсөн. Миний ээж жаахан тарган л даа тэгээд бөөр нь уйланхайтай болсон юм. Гэтэл энэ эмнэлэг миний ээжээр тоглож байгаа юм шиг бөөр нь өвдсөн хүнд зүрхний тариа хийх гээд байхын. Би аргаа ядаад бичлэг хийж фэйсбүүк сүлжээнд байршууллаа. Намайг бичлэг хийж байхад миний ээжийг түлхээд унагаасан. Намайг юм хэлэхээр “Чи тэр Бат-Үүл, Алтанхуяг, Удвалдаа хэл” гээд хүн рүү дайраад энэ эмч нарт мэргэжлийн ёс зүй гэж огтхон ч алга.
-Биднийг сурвалжлага бэлтгэхээр Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очиход эмнэлэгийн дарга нь шуурхай хурал зарласан байсан?
-Аргагүй шүү дээ. Би өчигдөр шөнө /VII.27/ өнөөдөр /VII.28/ Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаагийн гар утас руу зогсоо зайгүй мессеж бичсэн юм чинь. Улсын эмнэлэг нь эмчилгээ сайтай болов уу гэж л дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Бид нар яаж ажиллаж улсын татварыг бүрдүүлдэг билээ дээ. Ингэж болохгүй биз дээ.
-Ш.ХАЖИДМАА: МАНАЙ ЭМНЭЛЭГ 20 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЭМ, ТАРИАНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА-
Харин Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Хажидмаа бидэнд дээрх асуудлаар ийм хариулт өглөө.
-Танай эмнэлэгийн Нараа, Гэрэлсүрэн гэх хоёр эмч өвчитнүүддээ “Сарын сүүл болсон учраас эмнэлэг эм, тариагүй байна эмчилгээгээ гаднаас худалдаж ав” гэж загнаад байна гэхийн та мэдсэн үү?
-Бид одоо наад асуудлаар чинь эмнэлгийн бүх тасгийн эрхлэгч нарт шуурхай хурал заралчихаад сууж байна.
-Танай эмнэлэгт хэдэн иргэн хэвтэн эмчлүүлж байгаа вэ. Эм, тарианыхаа нөөцийг дуусчихсан юм уу?
-Манай эмнэлэгт 166 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өглөө чанар шалгагч бүх эм, тариаг шалгаад шаардлагатай бүх газарт нь хувиарласан. Манай эмнэлэгт 20 гаруй сая төгрөгийн эм, тарианы нөөц байна гэх хариултыг бидэнд өгч шуурхай хурал руугаа орсон юм.
М.АМАРЖАРГАЛ