СӨХ-ны ард мөнгө угааж байгаа гэх асуудал сүүлийн арван хэдэн жилийн турш хөндөгдөж байна. Энэ асуудлын хүрээнд СӨХ-г шинэчлэх ард түмний түр зөвлөлийн гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
-СӨХ-ныхон гэх нөхөд оршин суугчдыг хохироож байгаа тухай гомдлыг та хэлж байна. Жишээ баримттай мэдээлэл танд байна уу?
-2019 оноос хойш СӨХ-ны үйл ажиллагаа холбогдох хуулийг мөрдөж байгаа эсэхэд судалгаа хийлээ. Шинээр байгуулагдсан СӨХ-д төлбөрийг журмын дагуу тогтоолгүй оршин суугчдыг дарамталж хууль бусаар авдаг нөхцөл байдал харагдлаа. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дын 80 орчим хувь нь хууль бусаар төлбөр тогтоогоод оршин суугчдыг дарамталж төлбөр авч байна.
-Ингэхэд төлбөрийг нь ямар аргачлалаар бодож тогтоодог юм бэ?
-Сууц өмчлөгчид хамтран хийдэг анхны хурал хамгийн чухал нь. Энд хоорондоо зөвлөөд үнээ тогтоох учиртай. Гэтэл СӨХ байгуулах хурлыг тэр бүр зарлахаа больсон. Хүмүүсийн мэдээллийг ашиглаж гарын үсгийг нь хуурамчаар зураад дурын үнэ тогтоогоод айл бүрээс нэхээд сууж байна. Хэн сонгосон нь мэдэгдэхгүй, хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй нөхөд гэнэт бий болоод л айлуудын хаалга нүдэж мөнгө нэхдэг болсон байна. Ямар үндэслэлээр ингэж тогтоосныг нь тодруулахад зохион байгуулалттайгаар дайрч харлуулна. Тухайн орон сууцны группт троллууд бэлэн байж байдаг. Үүнээс нь айгаад оршин суугчид нэхсэн мөнгийг нь л өгдөг. Өгөхгүй бол шүүх, цагдаагаар далайлгаж нэхсэн тохиолдлууд ч байна. Цаашлаад шүүхийн өмнө очих нь ч энүүхэнд.
-Цэвэр орчинд амьдрахын тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг шүү дээ?
-Сард 30-50 мянган төгрөгийг айл бүр төлж байна. Ийм хэмжээний мөнгө авчихаад цэвэрлэгээ хийж байгаа нь гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Ийм хэмжээний мөнгө төлчихөөд л тоос шороондоо дарагдаад амьдарч байна. Угтаа бол таны онцолж байгаагаар цэвэр орчинд суухын тулд л ийм хэмжээний мөнгө төлдөг. Энэ нь ажил хэрэг болдоггүй. Тус тусын ажилтай хүмүүс тэр бүртэй заргалдаад явах ч завгүй байдаг. Энэ нь ч тэдэнд олз болдог.
Түүнчлэн СӨХ-ны ард явдаг өөр нэг мөнгө угаах арга нь шахаа. Жишээ татаад хэлэхэд тухайн хорооллын хашааны хаалга нь эвдэрнэ. Хэн нэг нь санаатайгаар эвддэг ч юм уу. Ингээд хашааны хаалга солих нэрээр айл өрхүүдээс мөнгө хураана. Хямдхан хаалга авч нүд хуураад л өнгөрнө. Төд удалгүй өнөөх нь хэмхрээд унадаг дахиад л мөнгөө татна. Энд би 30, 40 мянган төгрөгийн асуудал яриад байгаа юм шиг боловч нэг хорооллын айл бүрээс авна гээд тооцоход үүний ард аманд багтахгүй мөнгө эргэлдэж байдаг. Нэг хорооллын 300 өрхөөс сар бүр 30 мянган төгрөг татахад л есөн сая төгрөг. Ганцхан сард л энэ шүү. Хамгийн багаар бодож байгаа нь 30 мянган төгрөг. Үүнийхээ тайланг оршин суугчдад огт тавьдаггүй. Шаардсан нэгнийг гадуурхаж, дээрэлхдэг. Энэ бол ил цагаан дээрмийн гэмт хэрэг. Хамгийн том луйвар СӨХ гэх нэрийн ард цэцэглэчихээд байна. Энд хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байгаа шүү.
-Бодитой жишээ танд байна уу. Хаана ямар СӨХ ингээд аманд орсон мөнгөө нэхээд байна вэ?
-Хангай хотхоны сүүлд ашиглалтад оруулсан хорооллыг энд онцолж болно. Байр шинээр ашиглалтад ороход оршин суугчид дундаасаа СӨХ байгуулах ёстой. Гэтэл өмнөх байрны нөхөд нь СӨХ гэж гарч ирээд оршин суугчдаас мөнгө нэхээд эхэлсэн. Сард 37000 төгрөг авдаг. Энэ тоог хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхой биш. Төвлөрүүлсэн мөнгөө хаана юунд зарцуулсан нь тодорхой биш.
-Орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хаана, хэн хариуцах нь мэдэгдэхгүй эзэнгүйддэг үзэгдэл бий…?
-Гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулсан компани хариуцдаг. Гэтэл үүнийг дагаад нэгэн заль гарч ирээд байгаа нь ашиглалтад оруулсан компанийн төлөөлөл СӨХ-нд нь ороод суучихдаг. Хуульд заасан гурван жилийн хугацаанд барилгад ямар нэгэн асуудал гарахад арга ухаан сийлж байгаад оршин суугчдаас гаргадаг. Том хэмжээний эвдрэл гарахад шууд хаяад явчихдаг. Ингээд эзэнгүйддэг үзэгдэл түгээмэл болоод байна. Энэ мэт гажуудал нь СӨХ-ны тухай хуулийг үндсээр нь өөрчлөх болсныг л харуулж байгаа юм. Хэдхэн жил СӨХ-ны удирдах зөвлөлд суугаад л хөлжчихсөн хүмүүс олон болсон байна. Насаараа суусан зарим нь саятан болж оршин суугчдыг дарамталж, дээрэлхэж байна л даа. Юу ч хийхгүй гэртээ сууж байгаа нь саятан болчихдог. Ийм байж хэрхэвч таарахгүй. СӨХ гэх нэрийн дор бусдын мөнгийг дээрэмдэж байгаад үзэгдлийг хуулиар хориглох цаг нь болсон. 2003 онд батлагдсан СӨХ-ны тухай хууль хуучирсан байна. Хулгайчдад боломж олгоод байна.
-Танд ямар шийдэл байна вэ?
-Орон сууцны засвар, үйлчилгээ, барилгын баталгаат хугацааны асуудал, нийтийн эзэмшлийн талбай, дулаан, өмч хөрөнгийн захиран зарцуулалтыг Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам нь хариуцаад явах нь зөв. Хаа хамаагүй хөндлөнгийн хүмүүс оршин суугчдаас мөнгө нэхэж аваад зарцуулалтаа тайлагнахгүй яваад байж болохгүй. Орон сууцны харуул хамгаалалтын асуудлыг хорооны цагдаа нь хариуцвал зөв. Хэдэн өвгөчүүл орцны үүдэнд тамхи татаж суучихаад сул цалин аваад байж таарахгүй. Энэ ажлыг цагдаа нар хариуцах ёстой. За тэгээд хог цэвэрлэгээг ТҮК хариуцна. Ийм зохион байгуулалтад шилжихэд оршин суугчид бүрэн хяналт тавиад явах боломж бүрдэнэ. Ажил эзэнгүйддэг явдал цэгцэрнэ. Хэн юу хариуцах нь тодорхой болно.