Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Six feet” кино АНУ-д нээлтээ хийнэ

Цар тахлын улмаас 2020 онд нээлтээ хийх байсан дотоод, гадаадын олон кино хойшилсон. Гэхдээ цаг наашилж дэлхийн кино театрууд нээлтээ хийж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Монголын кино найруулагч Балхжавын Чингүүний ээлжит бүтээл “Six Feet” УСК эхний нээлтээ АНУ-д хийхээр товоо зарласан байна.

Уг кино нь найруулагч Б. Чингүүний долоо дахь бие даасан уран бүтээл ба “ Mogul Pictures”– ийн өргөн дэлгэцийн 10 дахь бүтээл юм.

Энэхүү бүтээлийг АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид зургаадугаар сарын 12, 13, 19, 20-нд дэлгэцнээ толилуулна.

“Six Feet” УСК зохиолыг кино найруулагч Б.Чингүүн өөрөө бичсэн бөгөөд 2020 оны цар тахлын хамгийн хүнд үеүдэд зураг авалтууд амжилттай хийгджээ. Түүнчлэн кинонд Монголын болоод гадаадын залуу чадварлаг жүжигчид тоглож, кино зураг авалтаа АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид хийжээ. Киноны гол дүрд Монгол талаас жүжигчин Ч.Сэлэнгэ, жүжигчин Б.Болдбаатар нар тоглосон юм. Жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд “18 нас би чамд хайртай”, “Хайр” “Аз жаргал”, “Охид” ОАКино зэрэгт гол дүрийг бүтээж үзэгчдэд танигдсан бол УДЭТ-ын тав дахь Жульеттад тоглосноор тайз дэлгэцийн уран бүтээлчдэд төдийгүй үзэгчдэд өөрийн чадвараа харуулж чадсан юм.

Харин жүжигчин Б.Болдбаатарын хувьд одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд, уг кинонд год дүр болон продюсераар ажилласан байна.

Мөн Америк талаас залуу жүжигчин, дуучин Брайан Лопез, Чарльз Смит, Эд Сайтс нар гол дүр ба туслах дүрүүд тогложээ.

90 минутын турш үргэлжлэх уг кино нь адал явдалт, драмын төрлийн кино бөгөөд, цаг хагас үргэлжлэх энэхүү хугацаанд хүний шунал, мөнгөний үнэ цэн, гэр бүлийн хайр, харь нутгийн хүнд хэцүү тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд гунигт түүх болон үлдэх ковид–19, болоод цагдаа нарын гарт харамсалтайгаар амиа алдсан африк гаралтай иргэн Жорж Флойдын талаар ч бодит үнэнг харах боломжтой.

Монголын киночдын чансааг харуулж, кино бүтээгчдийн өлгий нутаг гэгдэх АНУ-д эхний нээлтээ хийн салхийг хагалах “Six Feet” УСК-ны хамт олонд амжилт хүсэхийн сацуу, эх орондоо ч ирэн нээлтээ хийхийг тэсэн ядан хүлээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *