Categories
гадаад мэдээ

Сирид цохилт өгснийг зэмлэн буруушаах тухай тогтоолын төслийг НҮБ-ын аюулгүйн зөвлөл баталсангүй

ЗурагАНУ, Франц болон Их Британи Сирид пуужингаар цохилт өгснийг зэмлэн буруушаах тухай Оросын санаачилсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл баталсангүй гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний гурав нь л, тодруулбал ОХУ, Боливи болон Хятад улс уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. Харин Эквадорын Гвиней, Этиоп, Казахстан болон Перу улс санал өгөхөөс түдгэлзсэн бол үлдсэн найман гишүүн нь уг тогтоолын төслийг батлахыг эсэргүүцжээ.

АНУ ба түүний холбоотнуудын Сирийн эсрэг явуулсан ажиллагааг “түрэмгийлэл” бөгөөд “олон улсын хууль ба НҮБ-ын дүрэм журмыг зөрчсөн хэрэг” гэж тодорхойлох, цаашид Сирид хүч хэрэглэхгүй байхыг АНУ-аас шаардах зэрэг агуулгыг уг тогтоолын төсөлд тусгасан байжээ.

Өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр уг тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулсны дараа ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензиа үг хэлэхдээ “Өнөөдөр дэлхий дахин, НҮБ-ын хувьд гунигт өдөр тохиож байна. АНУ ба түүний холбоотнууд олон улсын хууль, НҮБ-ын дүрэм журмуудыг маш балмадаар зөрчлөө” гэжээ.

Харин Их Британийн төлөөлөгч Карен Пирс хэлэхдээ “Химийн давшилт үйлдэн энгийн номхон иргэдийг хөнөөж, хордуулж буй Сирийн засгийн газрын хүчнийхний эсрэг манай улс АНУ ба Францын хамтаар хүмүүнлэг ёсны үүднээс цэргийн ажиллагаа явуулсан. Бид ямар ч хууль, дүрэм журмыг зөрчөөгүй” гэсэн байна.

Энэ сарын 7-нд Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газар руу химийн зэвсэг ашиглан давшилт үйлдсэн гэх хэргийн хариуд АНУ, Франц болон Их Британи баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Сирийн засгийн газрын цэргийн байгууламжууд, тухайлбал химийн зэвсгийн агуулахуудад 100 гаруй пуужингаар цохилт өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *