Сири дэх ОХУ-ын ЭСЯ-ны байр луу их буугаар хоёр удаа бууджээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албанаас “Террорист этгээдүүд Дамаск дахь ОХУ-ын Элчинс айдын яам руу дараалан хоёр удаа их буугаар буудлаа. Азаар хүний амь үрэгдэж шархадсангүй” гэж мэдэгджээ.
Их бууны сум Элчин сайдын яамны хашаанд туссан боловч дэлбэрээгүй, холбогдох албаныхан тэсрэх бодисыг аюулгүй болгосон талаар “Лента.ру” мэдээлэв. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “ОХУ-аас Сирид суугаа Элчин сайдын яам болон дипломат ажилтнууд Дамаскийн дүүрэг дэх зарим бүлгийн заналхийлэлд өртөж байна. Дамаск хотын зүүн дүүргийн ихэнх нутагт Засгийн газрын эсрэг зэвсэгт хүчин болон хэт даврагч бүлэглэлийн хяналтад байсаар байна” гэж мэдэгджээ.