Categories
мэдээ нийгэм

Сингапурт хотноо үндэсний баярын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол Улсын Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний баярын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг Сингапур хотноо зохион байгуулав.

Сингапур хотод байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газруудын дунд уламжлал болсон уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон бусад төрийн байгуулага, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон дэд тэргүүн зэрэг нийт 150 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.Монгол, Сингапур хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд 2015 онд зохион байгуулж байсан хүндэтгэлийн арга хэмжээнээс хойш ийнхүү зохион байгуулж буй уг арга хэмжээнд Сингапурын талаас хүндэт зочноор тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яам, Боловсролын яамны Тэргүүн дэд сайд Чий Хонг Тат, Парламентын гишүүн Лим Био Чуан, Парламентын гишүүн Рахаюу Махзам нар тус тус оролцов.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Үндэсний баярын өдрийн арга хэмжээг нээж, үг хэлэв. Монгол, Сингапур хоёр улсын улс төрийн харилцаа хөгжин дэвшихийн сацуу иргэд, бизнес эрхлэгч нарын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд илүү найрсаг, дотно болж байгааг тэмдэглэв. Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн-ийн 2016 онд Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрхтэй болсон нөхцөл байдал нь хоёр улсын иргэд, бизнес эрхлэгч нарын харилцааг ийнхүү хөгжүүлж, цаашид аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг салбарт тодорхой ахиц гарах хандлагатай байгаа талаар Элчин сайд дурдав.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яам, Боловсролын яамны Тэргүүн дэд сайд Чий Хонг Тат мөн нээлтийн үг хэлж, хоёр улсын харилцааны талаар товчхон дурдав. Монгол, Сингапур хоёр улсын харилцаа нь 50 гаруй жилийн арвин түүхтэй бөгөөд энэ хугацаанд талууд цөөнгүй өндөр, дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлсэн юм. 2018 оны хувьд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Сингапур хотноо хүрэлцэн ирж, Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын сайд, Соёл, нийгэм, залуучуудын сайдтай тус тус хоёр талт уулзалт хийснийг Чий Хонг Тат онцлон тэмдэглэв. Уламжлалт ёсоор талууд Монгол, Сингапур хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, тус тус Ерөнхийлөгчийн төлөө оргилуун дарс өргөв.

Дипломат төлөөлөгчийн газрууд Үндэсний баярын өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд манай Элчин сайдын яам жижиг оврын нисэх онгоцны хадгалалт, үйлчилгээний цогцолборт зохион байгуулсан нь зочдын хувьд онцлог байв. Түүнчлэн, Монголын аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр монголын үндэсний нүүдэлчин соёл иргэншлийн илэрхийлэл болсон таван ханатай гэрийг Сингапур хотноо авчирч, зочдод танилцуулах, монголын уран нугаралтын үзүүлбэрийг толилуусан зэрэг нь хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод Монголын соёл, урлагийн гайхамшиг, нүүдэлчийн ардын соёлыг танилцуулсан онцлог зүйл болов.

Арга хэмжээг дэмжин оролцсон Монгол, Сингапурын аж ахуйн нэгжүүдийн танилцуулгыг байршуулсан бэлгийн уутыг ирсэн зочид бүрт гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *