Categories
мэдээ цаг-үе

“Симба” Ц.Батаа: Монголчуудын иддэг талхыг ярихаар Их хурлын гишүүд огтоос хүлээж авдаггүй байсан


“Симба” группийн захирал, УИХ-ын гишүүн асан Цогтын Батаатай ярилцлаа.

-Таны хувьд Их хурлын гишүүн, Монгол төрийн түшээ байсан хүн. Үнэг хөөж яваад онгоц унагаж шуугиан тарьсан. Улс төрийн бас л сонирхолтой фигуруудын нэг та мөн. Харин сүүлийн үед чимээ аниргүй байх чинь. Бизнесийн ажлаа эрхэлж байна уу?

-Их хурлын гишүүний албаа өгснөөс хойш зундаа тариа будаагаа тариад, өвөл нь аахар шаахар юм хийгээд арваад жилийн нүүр үзэх шив дээ. Сүр дуулиантай байсан хүн гэхээр та хэд онгоц унасныг яриад байгаа юм. Уул нь бид гаднаас буюу япончуудаас мөнгө оруулж ирэх гэсэн юм. Монголоо зарах гэж байсан юм биш л дээ. Тэгтэл гайтай юм шиг онгоц осолдсон. Онгоцны өрөөсөн сэнс нь мултарч унаад салхинд уначихсан юм билээ л дээ. Инженерүүдийн баг ажиллаад Иргэний нисэхийн ерөнхий газрын дүгнэлт гарсан. Бидний буруугүй гэдэг нь нотлогдсон. Миний хувьд мөнгөө төлөөд л явсан. Япончууд, хятадуудыг хардаж сэрдээд хорьчих гээд байсан учраас хэвлэлийн хурал хийлгээд нөгөө хүмүүсээс чөлөөлүүлж явуулсан. Тэрхүү хэвлэлийн хурал дээр сэтгүүлчидтэй жаахан маргалдсаны улмаас асуудал над руу чиглэсэн. Би хариу юм хум ч дуугараагүй. Муу хэлүүлэх надад сонин биш л дээ. Цаашид улс төрд байнга явна гэсэн бодолтой байсан бол хариу өгөх байсан байх. Онгоц унагасан дуулиан товчхондоо тийм учиртай. Тариа будаагаа тариад энгийн амьдарч явахдаа юуг илүүтэй ойлгож мэдэрч байна вэ гэвэл Монголоо улам дордсоор байгааг харж байна. Дөчин мянгатын хүний нэг дуу бий л дээ. “Хөлгүй болсон миний бие өдрөөс өдөрт дордсоор байна” гэж. Түүн шиг Монголын амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна. 2008, 2009 онд Монголыг Азийн Дубай боллоо гэж ярьж байсан. Гэтэл төрөөс төрсөн тэрбумтнууд зарж идсээр байгаад 2010, 2011 оноос дордоод эхэлсэн. Монгол шиг муу нэртэй улс, Монголын дарга сайдууд шиг үнэ цэнгүй хүмүүс алга. Хөдөөний айлд ороход хөдөө аж ахуйн сайд нь зурагтаар ярьж байна. Тэгтэл зурагтаа шууд унтраачих юм. “Та яаж байгаа юм. Салбарын сайд чинь ярьж байна” гэхэд “Энэ нөхдийн худлаа ярихыг ханатлаа сонслоо. Үнэндээ дургүй хүрч байна” гэсэн. Ингэж л төрийн түшээд дарга сайд нар нь үнэ цэнгүй болоод зогсохгүй үзэн ядалт, өшөө хорслын бай болж байна. Өнөөдөр Монголын амьдрал үнэндээ тартагтаа тулсан. Хоёр хөрш маань тоохоо больсон. Европ мэдэхгүй юм. Америк, тэр холоос ирээд хэр туслах юм бол доо.

-Таныг кино үйлдвэрт ажилласан гэдэг. Ингэхэд төгссөн сургууль юу билээ?

-Гомбожавын Жигжидсүрэн гэж хүний шавь юм. Цэргийн алба хаагаад кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байсан. “Хатанбаатар”, “Нарны унага”, “Фронтод явах өргөдөл”, “Зарлаагүй дайны оршил” зэрэг кинонуудад явж байлаа. “Зуун ламын сургууль” гэж кино хийж байлаа. Хүмүүс “Араажав хутгалдаг кино” л гэж байдаг. Үндсэн нэр нь “Намар нахиалсан мод” юм . Анх “Зуун ламын сургууль”нэртэй байсан. Сэлэнгийн Алтанбулагт тийм сургууль байсныг уг киноны зохиолыг бичсэн Өвгөний Баасанжав мэднэ. Баасанжав гуай ламын тийм сургуульд сурч байсан түүхтэй. Миний бие 1988 онд Алма-Атад кино найруулагчийн сургуульд явсан. Оюутан байх үед нийгэм задарсан. Сургуулиа төгсөөд иртэл кино үйлдвэр байтугай соёлын яам нь ч алга болчихсон байсан. Кино үйлдвэрт ажиллаж байсны хувьд хэлэхэд, дахиж хэзээ ч ийм үйлдвэр, студи Монгол Улс байгуулж чадахгүй. Мөн Кино урлагийн дээд суургуулийг төгссөн тэр үеийн төгсөгчид, шилдэг найруулагч, жүжигчид шиг мундаг хүмүүс дахиж төрөхгүй. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тэгж их өлссөн, зовлон зүдгүүрийг яс махаараа амссан хүмүүс хоолтой болоод номыг үнэн сэтгэлээсээ заадаг байсан. Монгол хүнийг жинхэнэ юманд сургаж байсан. Одоо бол дэлхийд цуутай Кино урлагийн сургуульд жилд 100 мянган доллар өгч сураад ч мундаг болох боломжгүй. Хуучин шиг хичээлээ үнэн сэтгэлээсээ заадаг багш гэж байхгүй. Ялгаа нь ердөө л энэ. Тэр үеийн сургалт орос хүн хоёр шал өөр. Өнөөдрийн орос хүн монголыг хараад тэмбүүтэй монгол гээд бөөлжис нь цутгана. Монгол хүнтэй найзалсныхаа төлөө эх орондоо нэр хүндгүй болж байна. Хуучин цагт монгол хүнтэй суух гэж орос хүүхнүүд гүйлддэг л байсан. Бид оюутан байхдаа вьетнамуудыг “төлгүүд” гээд тоодоггүй байсан. Одоо тэр төлгүүд чинь толгой дээр гишгэчих гээд байгаа юм биш үү.

-Таныг “Симба Батаа” гэдэг. Бүр нэршил нь болсон. Симба гэдэг нэр таны талийгаач хүүтэй холбоотой юм билээ. Сүүлд мэдсэн л дээ?

-Симба бол хүүхэлдэйн киноны гол баатрын нэр. Манай талийгаач хүү тэр киног их үздэг байсан юм. Хүүгийнхээ үздэг хүүхэлдэйн киноны баатраар компаниа анх нэрлэж байлаа. Ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Агваандондовын Баясгалан лам “Симба” гэдэг нэрийг манай компанид анх өгч байсан. Баясгалан лам, Насаа жолооч, “Хонх”-ын Цогтсайхан энэ гурав эсэргүүцлийн зар мэдээг монгол шуудангийн өмнө анх нааж байсан түүхтэй юм шүү.

-2004 онд М.Энхсайхан, “Эрэл”-ийн Эрдэнэбат нарын тэргүүлсэн “Ардчилсан холбоо эвсэл”-ээс та Их хурлын гишүүн болж байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, М.Энхболд Ерөнхий сайд болоход та голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, 2004 онд Их эвслээс нэр дэвшиж Их хурлын гишүүнээр сонгогдсон. Ардчилал ялаад гараад ирсэн чинь будлиад эхэлдэг юм байна. Манай намынхан дотроо хэрэлдээд засаг ч бүрддэггүй, өөх ч биш, булчирхай ч биш болоод явчихлаа. Намайг Ардчилсан намаас урваж Ху нам руу орсон гэдэг. Гэвч би Элбэгдоржид дургүйдээ, ардчилалд хайргүйдээ Ху нам руу урвасан юм биш. Ху нам руу орж суугаад 39 суудал болгосон нь үнэн л дээ. Тэр үедээ Ху намын гишүүн нэртэй байсан. Одоо бол надад хамаагүй. Би Ардын намын нэг ч хуралд сууж үзээгүй. Үнэндээ намын хурал гэхээр залхдаг. Төр шиг төр байгаасай, хүчтэй байгаасай гээд нэг тал руу нь орсон юм. Зөв ч байсан юм уу, буруу ч байсан юм уу, өөрөө ч мэдэх юм алга. Монголын төлөө л гэсэн бодолтой байсан. Түүнээс Ху намд хайртайдаа биш. Элбэгдоржийг ад үзээд Энхболд руу урвасан юм ч биш. Хүмүүс намайг Энхболдын хүн гэдэг. Түүнээс хойш Энхболдтой нэг ч уулзаж байсангүй. Нэг ч юм гуйж очоогүй, тааралдсан ч үгүй. Миний хувьд эхний нэг жил идэвхтэй суусан. Дахиад сонгогдъё ч гэсэн бодолтой байсан. Чингэлтэйн 73 дугаар тойрог гэдэг эмзэг бүлгийнхэн. Мөнгөтэй хүн цөөн, ажилгүй хүмүүс их. Тэр үед ядуурал учиртай байжээ. Юм хийе, ард түмнийхээ төлөө зүтгэе гэсэн чин эрмэлзлийг сандал ширээ булаалдсан сахилга хариуцлагагүй нөхөд унтраасан. Хариуцлагагүй, зовлон үзээгүй, өлсөж цангаж үзээгүй, дээрээс нь Оросоос салаад удаагүй байгаа монгол яаж бие даана даа гэж боддог байлаа. Бүгд л амар хялбар ажиллахыг боддог, хулгай хийхийг боддог. Ийм хүмүүсийн дунд хүн чинь удаан байхыг боддоггүй юм билээ. Тэгээд л залхаад явсан даа. Газар тариалангийн хууль гэж саяхан батлагдлаа. Энэхүү хуулийн үндэс суурийг бид тэр үед ярьж байсан. Гэвч тариа мэддэг хүн цөөхөн байсан. Газар тариалан мал аж ахуйг тоодог ч гишүүн байдаггүй. “Батаа дэмий юм яриад” гээд л. Уул уурхай эхлээгүй байсан цаг. Уул нь би монголчуудын идэх мах, талхыг л ярих гээд байгаа юм. Бусад нөхөд болохоор сандал ширээгээ ярих гээд л.

Хөдөө аж ахуй гэснээс мах экспортлоё гэж ярьж байгаа Ерөнхий сайдыг мэдэхгүй юм. Мах яагаад экспортлогдохгүй байна гэхээр Орос, Хятад хоёр худалдааны татвараа 50-70 хувь тавьчихсан. Хоншоортой Ерөнхий сайд үүнийг тэглэх юм уу, арав хорин хувь болгох хэрэгтэй юм. Худалдааны татвар бага бол монгол махыг Хятадын ямар ч компани авна. Уг хуулийг Монголын Ерөнхий сайд мэдэхгүй байна гэж үгүй, харин мэдэхгүй дүр эсгээд л байгаа байх. Нэрэлхээд байна уу, эсвэл хувьдаа юм гуйгаад байна уу. Тэр хоёрын л нэг. Манай мах шиг амттай, чанартай, мууддаггүй мах ховор. Оросын генерал хэлж байсан “Монгол махаар консерв хийсэн, таван жил болоход муудаагүй байсан” гэж. Үнэн л байхгүй юу. Манай улсад тийм өндөр татвар тавина гэдэг их гүрний дээрэнгүй бодлого биз дээ.

-Нэг хэсэг трактор угсралтын үйлдвэр бий болох нь гээд шуугьсан. Тэр юу болсон бэ. Тариа тарьж, энэ хүрээнд явдгийн хувьд асууж байна?

-Парист төвтэй Европын холбооны хөгжил буурай оронд зориулах Польшийн Засгийн газрын 50 сая еврогийн 32 саяар нь Монголд тракторын үйлдвэр байгуулахаар болсон. Энэ асуудлыг бид 4-5 жил хөөцөлдөөд дөнгөж бүтэх гэж байтал засаг солигдоод, хөдөө аж ахуйн сайд өөрчлөгдсөн. П.Сэргэлэн сайдын үед бараг л бүтэх өнгөндөө байсан. Хөдөө аж ахуйдаа тулгуурлаж хөгждөг Монгол Улс трактор угсардаг болчихсон бол ирээдүйн хөгжил дэвшилд тун хэрэгтэй байсан. Дархан юм уу, Эрдэнэтэд үйлдвэрээ барихаар болсон байсан. 200-300 хүний ажлын байр бий болно. Орчин үеийн трактор угсардаг үйлдвэртэй болох байлаа. Ганц трактор биш ардаа чиргүүл чирэх анги, газар хагалагч, будаа тээвэрлэгч, өөрөө буулгагч гээд олон зүйл байсан. Энэ бүхнийг өөрийн орондоо бий болгож чадаагүй, азгүй монголчууд юм бид. Польшийнхон Монголд гурван ч удаа ирсэн. Бид гурван ч удаа очсон. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад нь уулзуулсан. 45-50 жилийн хугацааны зээл, бараг хүүгүй Монголд маш том боломж байсан. Манайхыг Америк хүртэл сонирхож байсан. Намайг Их хурлын гишүүн байхад Америкаас Буш хүртэл ирж байсан. Киргизээс онгоцны том баазыг татан буулгаад Америкийн том хүчнийг гаргасан. Манайд байгуулах гэж санаархаж ирсэн байх л даа. Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай ирсэн. Их хуралд үг хэлээд л сүрхий юм болсон. Гэтэл Монгол Улс хуулиндаа гуравдагч орны цэргийн баазыг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахгүй, төвийг сахина гэж тов тодорхой заасан байсан. Түүнийгээ хэлээгүй ч юм уу, ямар нэг аргаар Бушийг аваад ирсэн. Тэр үгийг Буш сонсоод шууд л буцсан. Монгол руу бараг эргэж хараа ч үгүй .

Монголыг Хятад халхлаад, орос бас алдахыг хүсэхгүй байгааг Америкийн Ерөнхийлөгч ойлгосон нь тодорхой.

-Бизнесмэн хүний хувьд асуухад, энэ улсыг хоёр нам аль нь ч удирдаад ялгаагүй байна. Тэгэхээр одоо бидэнд ямар зам байна аа. Баялаг бүтээж яваа бизнесмэнүүд юу гэж хэлэх юм?

-Миний дандаа л бодож явдаг асуултын нэг байна. Нээрээ монголчууд бид одоо яах ёстой вэ. Жижиг улсад байлдана гэхээр цус асгаруулж болохгүй. Улсын хөрөнгийг хувьдаа завшсан бүгдийг бариад шоронд хорино гэхээр хэдэн хүн үлдэх үү. Харин ингээд яваад байхаар цаагуураа даамжраад нэг том гүрний колони болох аюултай. Наад захаас нь бодоход эхлээд төрөөс хулгай хийсэн хүмүүс оффшорт байгаа мөнгөө авчраад Монголын төрийг өрнөөс гаргачих хэрэгтэй. Дараа нь гэрээ хийгээд засаг нь өгөхгүй юу даа.

Өнөөдөр биш гэхэд маргааш хулгай хийсэн хүмүүсийг яллаж л таараа. Тиймээс мөнгөө авчирч улс орноо өрнөөс гаргах хэрэгтэй байна. Төрөөс уг асуудалд зохицуулалт хийх хэрэгтэй байна. Хэрвээ оффшорт байгаа мөнгөө өрөнд өгөхгүй бол нэг л өдөр АНУ ч юм уу, өөр орнууд хураагаад авчихна. Африкийн орнуудын тусламжид гээд идчихнэ. Аль ч үгүй хоцрохын оронд улс орондоо нэмэртэй байвал зүгээр.

-Таны хувьд Булган, Сэлэнгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг . Тэр тухайд тань сонирхмоор байна?

-Юуг нь сонирхдог юм. Анхдагчдын өлгий Булган нутагтай хоёр мянгаад оны эхэн үеэр хувь заяагаа холбосон. 2000 онд МАХН-ын Засгийн газар гарч ирээд хүн бүр 3000 га-гаас дээш газартай байж болохгүй гэж хуульчиллаа. Би гэдэг хүн 18000 га газартай байсны талыг нь хурааж аваад үлдсэнийг нь гурав хувааж авсан. Одоо болохоор 3000 ч хамаагүй, бүр 30 мянга ч хамаагүй л гэж байна. Ийм л дампуу төр улстай байж байна. Газар тариалан гэдэг тухайн орны хамгийн амин чухал салбар. Гэвч манайд хөсөр хаягдсан. Тариаланчдад өндөр хувийн хүүтэй техник хэрэгсэл шахна. Мөнгөгүй болохоор өнөө үнэтэй зээлийг нь авахаас өөр аргагүй. Будаагаа хямдхан өгнө. Хамгийн аюултай нь ургац хураах үеэр тариаланч болгоны тонн бүрээс 20 хувийн хорогдол бий болгодог. Хогийн хорогдол, болц дутуу, чийглэг, дээрээс нь цавуулаг гээд явж өгнө. 1000 тонн будаа тушаахад 200 тонныг нь хорогдол болгож байна. Тэр 200 тонн будаа хаашаа ордог вэ гэхээр бас сонин. Зүгээр будаа шүү дээ, яахав хоёр, гурван хувийн хог хаягдал байж болох юм. 20 хувиар хасаад тэр мөнгийг нь хэн халаасалж байна гэдэг асуудалтай. Дэлхий дээр хамгийн ядуу хүмүүс Монголын тариачид байдаг. Хоёр хөршийнхөө тариачидтай харьцуулах юм биш. Хоёр хөрш маань газар тариаландаа төрөөс татаас өгдөг. Энэ мэтчилэн олон асуудлыг Хөдөө аж ахуйн сайдтайгаа уулзаад ярья гэхээр зугтаад байдаг. Их хурлын гишүүнтэй болохоор уулзаад байдаг. Ард түмнээсээ зугтаад байдаг, ойлгомжгүй. Миний бие сайдын үүд сахиж явсангүй. Харин одоо Хөдөө аж ахуйн сайдтай уулзах гээд чадахгүй байна. Булган аймгийн тариаланчдыг доромжлох нь буруу л даа. Сүүлд нь нэмээд хэлэхэд Монголд ирээдүйн асуудал үнэндээ бүрхэг байгаа. Гадны юм мэддэг бизнесмэнүүд Монголын дарга сайд, Их хурлын гишүүдтэй уулзахын хэрэггүй гэдэг болжээ. Хаана ч очсон тийм бодолтой болсон нь харамсалтай. Бүр зугтаадаг болсон гээд бодохгүй юу. Түүний оронд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзаж асуудлаа ярьдаг болсон байна. Сайд дарга нар нь худлаа ярьж байгаад маргааш нь солигдчихдог гэнэ. Монголын нийгэм бодит байдлаараа яг үнэндээ ийм л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *