Categories
гадаад мэдээ

Сибирийн түймэр нэн сүйтгэлтэй байна DNN.mn

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын баруун Сибирийн бүс нутагт ойн түймрийг хүчтэй салхи улам эрчимжүүлж, хэд хэдэн тосгон шатан 10 хүн амь үрэгдсэн тул Красноярск мужийн захиргаа онц байдал зарлаад байна. Красноярск хотоос 200 км зайтай оршдог Талашанка тосгон шатахад гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байсныг Интерфакс агентлаг орон нутгийн онцгой байдлын алба тогтоогоод байна.

Красноярск хотоос баруун зүгт 300 км зайтай оршдог Никольск тосгон шатаж мөн хоёр хүн амиа алдсан байна. Бас Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсан нурамнаас гурван хүний цогцос олджээ. Омск мужид бас хоёр хүн түймэрт өртөж нас барсан байна.

Секундэд 40 метрийн хурдтай салхи ойн түймрийг улам эрчимжүүлж, унтраахад хэцүү болгож байгааг Красноярск мужийн захирагч Александр Усс мэдээлжээ. Тус мужид 90 машинтай 300 гал сөнөөгч түймэртэй тэмцэж байгаа гэнэ. “Бид хөрш зэргэлдээ мужуудаас тусламж хүссэн ч хугацаа орохоор байна” гэж Александр Усс хэлсэн байна. Тус бүс нутагт түймэрт өртсөн иргэдийг байрлуулах түр байр нээж, эмч, сэтгэл зүйчдийг дайчилсан байна.

“Салхи хүчтэй байгаагаас түймэр унтраах ажилд нисэх онгоц ашиглах боломжгүй байна” гэж Красноярск мужийн онцгой байдлын алба Телеграмм хуудсандаа мэдээлжээ. ОХУ-ын Ойн Агентлаг цахилгааны шугамд гарсан богино холболт гал түймэр гарах шалтгаан болсон ба одоогоор нийтдээ 350 орчим байшин, барилга шатаад байгаа гэж мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд ой, хөвчөөр бүрхэгдсэн Сибирийн бүс нутагт гал түймэр жил алгасалгүй гардаг болоод байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн онд энэ нутагт гарсан түймрийн улмаас 16 сая тонн нүүрстөрөгчийн хий дэлхийн агаар мандалд цацагдсаныг Европын уур амьсгалын жил тутмын тайланд дурдсан байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *