Categories
мэдээ нийгэм

Швейцар улсын Элчин сайд Бернардино Регаццонитой уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Бернардино Регаццониг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Б.Регаццонитой дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа тэмдэглээд өнгөрсөн долоо хоногт хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн тавдугаар уулзалтыг Берн хотод зохион байгуулсан Швейцарын талд талархал илэрхийлэв.

Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцаж, тохирсон зүйлсийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын тухай талууд ярилцав. Тухайлбал, хоёр улсын хооронд санхүү, татвар, банкны асуудлаар мэдээлэл солилцох тогтолцоо бий болгох, швейцарын талаас ирэх жилүүдэд олгох хөгжлийн тусламжийн цар хүрээ, мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Элчин сайд Б.Регаццони 2005 оноос хойш хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл, мөн энэ өдөр зохиогдсон “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт форумын тухай мэдээлж, Монгол Улсад хэрэгжүүлэх Швейцарын хөгжлийн тусламжийн стратегийг 2024 он дуустал сунгахаар болсныг нотлов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *