Categories
гадаад мэдээ

Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn

Швед улсын засгийн газар Умард Атлантын Цэргийн эвсэл буюу НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ зарлажээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө хөрш Финланд улс мөн шийдвэрээ эцэслэн зарлаад байсан юм. Эрх баригч Социал Демократ нам болон сөрөг хүчин, ард түмэн НАТО-д элсэхийг дэмжиж буй тул ойрын өдрүүдэд албан ёсны хүсэлтээ гаргахаар болсон гэж мэдэгдсэн байна.

Швед улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш төвийг сахих байр суурь баримталж ирсэн ба сүүлийн хоёр зуун жилийн турш ямар нэг цэргийн эвсэлд нэгдэж байгаагүй юм. Гэвч ОХУ-ын зүгээс Украинд халдан довтолсон явдал энэхүү уламжлалт бодлогоос нь татгалзахад хүргэжээ. Финланд улс ОХУ-тай 1,300 км шугамаар хиллэдэг бол Швед улс шууд хил залгадаггүй. Гэхдээ Шведийн засгийн газар өөрийн улсын газар нутагт цөмийн зэвсэг байрлуулахгүй, цэргийн бааз байгуулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр НАТО-д элсэхээр төлөвлөжээ. НАТО-д гишүүнээр элсэх нь Швед улс болон Шведийн ард түмний аюулгүй байдлыг хангах хамгийн зөв шийдэл” гэж тус улсын ерөнхий сайд Магдалена Андерссон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. “Эвсэлд үл нэгдэх бодлого нь Швед улсад үүргээ сайн гүйцэтгэсэн, харин ирээдүйд ийм байх боломжгүй гэж манай Социал Демократ нам үзэж байна” гэж тэр хэлжээ. Андерссон бас Балтийн тэнгисийн бүс нутагт Швед улс ганцаараа НАТО-гийн гадна үлдэх нь “сул тал” болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

НАТО-д гишүүнээр элсэх үйл явц жил хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ завсрын хугацаанд Швед, Финланд улсуудын аюулгүй байдалд баталгаа өгөхөө Берлинд уулзаж буй НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар амласан байна. Тухайлбал, Герман улсын Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок дээрх улсуудын хувьд “шилжилтийн, статус тодорхойгүй үе шат” гэж байх ёсгүйг мэдэгджээ. НАТО-гийн гишүүн орнуудаас ганцхан Турк улс дээрх хоёр улсыг гишүүнээр элсүүлэх асуудалд шүүмжилсэн байр суурьтай байгаа. Учир нь Турк улсын зүгээс террорист байгууллагад тооцдог Курдистаны Ажилчны Намыг дээрх хоёр улс дэмждэг нь үүнд нөлөөлжээ. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу дээрх хоёр улсыг гишүүнээр элсэхээсээ өмнө өөрийнх нь газар нутагт үйл ажиллагаа явуулдаг террористуудыг дэмжихээ зогсоох ёстой гэж мэдэгджээ.

Гэхдээ тэр ингэснээрээ Турк улс хэн нэгнийг сүрдүүлээгүй, уг асуудлыг хөшүүрэг болгон ашиглах санаагүйгээ тайлбарласан байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг нар Финланд, Швед улсуудыг гишүүнээр элсүүлэхэд Турк улс саад хийхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлцгээжээ. НАТО-д аль нэг улс гишүүнээр элсэхийн тулд бүх гишүүн орнуудын дэмжлэгийг авах ёстой юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *