Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга, шүгэл ажиллагааны ажлын хэсгийн гишүүн Г.Азжаргал мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хоёрдугаар сарын 15-наар албан тушаалтнуудын ХОМ-ийг авч дууссан. 47,000 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-т ирдэг. Түүнээс жилд чамлалтай хэсэг нь шалгагддаг. Жишээ нь, 500 орчим албан тушаалтны хөрөнгө орлогыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар шалгаж байгаа юм. Шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг технологи ашиглаж шалгана.
Аливаа шалгалтын арга хэмжээ олон нийтэд ил тод байх ёстой. Гомдол гаргасан иргэнд “Таны өгсөн мэдээлэл гэмт хэргийн шинжтэй байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэсэн, хариуцлага тооцсон” зэргээр эргээд заавал мэдэгддэг.
Гэмт хэргээс хурааж авсан хөрөнгийг хэрхэн ашиглахыг заах эрх зүйн орчин АТГ-т байдаггүй. Хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл явж байгаа.
АТГ-аас шалгаад нөхөн төлүүлж буй хөрөнгө, мөнгө нь хохирогчид очдог. Хохирогч хэн байдаг вэ гэвэл, зарим тохиолдолд төрийн өмчит компаниуд, улсын дансанд ордог. Нөхөн төлүүлсэн хөрөнгө юунд зарцуулагдахыг бид заах эрхгүй.
2017 онд 3.4 тэрбум төгрөг
2018 онд 11.9 тэрбум төгрөг
2019 онд долоон тэрбум орчим төгрөг
2020 онд 35.6 тэрбум төгрөг
2021 онд 96.2 тэрбум төгрөг
2022 онд 2.2 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсэн” хэмээн сэтгүүлчийн хариултад хариуллаа.