Categories
мэдээ цаг-үе

Шүүхийнхээ хаалгыг зөөлхөн хаагаарай, шүүхдэлцэж заалдсан засаг минь баяртай

Захиргааны хэргийн шүүхийг татан буулгахаар Засгийн газраас улайран чичирч байгаа. УИХ-аас гарсан шийдвэрийг Засгийн газар биелүүлдэг. Их хуралд шургуулсан Захиргааны ерөнхий хуулийн төсөл батлагдвал засаг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах нь ээ. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл шүүхгүй засаг хазааргүй азарга шиг болно гэсэн үг. Тэд юу л бол юу хийж дур зоргоороо авирлана. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй. Учир нь Засгийн газраас өргөн барьсан тэр төсөл нь Үндсэн хуулинд харшилж байгааг нийгэм даяар мэдэж, эсэргүүцэж байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хэд хэдэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчлөө гээд хуульчид ч бухимдаж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт нь батлагдчихвал иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах нь мэдээж. Цэц маргааныг хянан хэлэлцэхдээ Үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргахгүй. Тиймээс хуулинд орсон өөрчлөлтүүдийг Цэц хүчингүй болгоно. Энэ процедур ямар хугацаанд яаж үргэлжлэхийг Захиргааны хэргийн шүүхийг татан буулгагчид мэдэхийн дээдээр мэдэж, нарийн тооцоолсон байгаа. Гол нь тэд шүүхгүй байх хугацаанд хэд хэдэн асуудлыг өөрсдөдөө ашигтай хувилбараар шийдэж амжина гэсэн төсөөлөлтэй яваа байх.

Захиргааны хэргийн шүүх байхгүй болбол хамгийн түрүүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг мөр болгоод, өмч хувьчлалыг явуулна. Ашиг сонирхол шингэсэн энэ том асуудлыг саадгүй явуулахын тулд л хууль өргөн баригдаад байгаа юм. Ц.Нямдорж сайдын ярьж буй захиргааны хэргийн хоёр шүүгч болох Ц.Одмаа, М.Батсуурь нар бол зүгээр л шалтаг. Хэдийгээр Худалдаа хөгжлийн банкны хуулийн газрын захирал, Төрийн өмчийн хорооны Захиргааны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан энэ хоёр захиргааны хэргийн шүүгч болсон нь асуудлын гол зангилаа биш. “Эрдэнэтийн 49” хувийнхан захиргааны шүүх дээр маргаан үүсгэсэн болохоор Ц.Одмааг шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэж хардаж байгаа нь Ц.Нямдорж сайдын л гаргалгаа. Хэрэв хоёр шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа юм бол шүүхийн системийг нураах гэж санаархана гэж үү.

Үнэн хэрэгтээ засаг олны анхаарлын төвд орсон асуудлыг шүүхийн дарамтгүйгээр явуулах гэж байгаа юм. Магадгүй шийдвэр гаргасных нь дараа Үндсэн хуулийн цэц Захиргааны хэргийн шүүхийг сэргээлээ гэж бодъё. Тэр үед Засгийн газрын гаргасан шийдвэрт шүүх үйлчлэхгүй болох биз. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүхгүй байх хугацаанд гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчлээд явна. Ийм тактикаар “Эрдэнэт”-ийн 49 хувь, өмч хувьчлалыг явуулах хувилбар сохор хүнд ч ил байна.

Энэ бол ардчилалаас ухрах буруу жишгийг тогтоож байна. Дараа, дараагийн улстөрчид ийм бохир аргыг хэрэглэдэг болно. Ер нь явуургүй зүйлийг хугацаа нь дуусах дөхсөн нам, тэтгэвэрт гарах гэж байгаа улстөрч хоёр л хийдэг. “Ангийнхаа хаалгыг зөөлөн хаалаа. Алдрайхан насаа үдлээ дээ, баяртай” гэсэн дууны мөртүүд шиг “Шүүхийнхээ хаалгыг зөөлхөн хаагаарай, шүүхдэлцэж заалдсан засаг минь баяртай” болно доо.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *