Categories
мэдээ нийгэм

“Шүүхийн үйлчилгээний төв” нээгджээ

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгосонтой холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Шүүхийн үйлчилгээний төв”-ийнхөө нээлтийг энэ сарын 28-нд хийсэн юм. Энэхүү шинэ стандарт нь нийслэлийн бусад дүүргийн шүүхүүд болон хөдөө орон нутгийн шүүхүүдэд ч хэрэгжих аж. Энэ үеэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар хэлэхдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оныг “Шүүхийн үйлчилгээний жил” болгосон билээ. Манай хамт олон энэ ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь та бүхний харж байгаа “Шүүхийн үйлчилгээний төв” юм. Тус төв нь нээлтээ хийснээр иргэд олон нийтэд тав тухтай, ил тод нээлттэй, түргэн шуурхай үйлчилж шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой” гэж байлаа.

Мөн шүүхийн үйлчилгээний шинэ стандартын дагуу “Нээлттэй танхим”-даа Тамгын газрын үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх үүднээс “Иргэн өөртөө үйлчлэх хэсэг”-ийг нээжээ. Энэ хэсэгт Шүүхийн үйл ажиллагааны хөтөч, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны хөтөч мэдээллийн самбар, өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэлийн загвар, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хаана төлөх зэрэг тайлбар мэдээллүүдийг байршуулсан байна. Ингэснээр шүүхээр үйлчлүүлэгчдэд шаардагддаг мэдээ, мэдээллийг иргэн бие даан олж авах боломжийг бүрдүүлсэн гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *