Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд анх удаа болж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргах юм.
Зөвлөгөөн нь “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Уламжлал ба өнөөгийн байдал”, Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Хөгжлийн хандлага” гэсэн үндсэн хоёр сэдэвтэй.
Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн шүүх хуралдаанд 2015 онд 3368 иргэдийн төлөөлөгч, 2016 онд 4567 иргэдийн төлөөлөгч тус тус оролцсон байна.