Categories
мэдээ нийгэм

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр дадлага, сургуулилт болж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр зохион байгуулж байгаа дадлага, сургуулилт өнөөдөр ШЕЗ-ийн байранд эхэллээ. Өмнө нь хоёр ч удаа зохиогдсон сургалтыг энэ удаад улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Сургалтад нийслэл дэх Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар, нийслэл, орон нутгаас үүрэг гүйцэтгэж буй 65 цагдаагийн албан хаагч, оффицер хамрагдаж байна.

Тэд “Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр дадлага, сургуулилт хийнэ.

Нээлтийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр нар оролцож сургалтад оролцогчдод хандан үг хэлж, амжилт хүссэн юм.

Өнөөдрийн сургалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, шүүх хуралдааны дэг журам сахиулах болон яллагдагчийг хуяглан хүргэх, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх чиглэлээр Шүүхийн Тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлын талаар нийслэл дэх шүүхийн тамгын газрын дарга нар мэдээлэл хийж, сургалтад оролцогчидтой санал солилцов.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэв журмын хамгаалалт, түр саатуулах байрны үйл ажиллагаа, харуул, хамгаалалттай танилцаж туршлага солилцсон юм.

Арга хэмжээний үеэр холбогдох хүмүүсээс сургалттай холбоотой тодруулга авснаа хүргэе.

Э.Батбаяр:Шүүхэд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай

/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор/

-Сургалтын гол зорилго нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны хамтарсан тушаалын дагуу Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг журам сахиулах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журмын хэрэгжилтийг хангах. Тодруулбал, энэ чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн байгууллага, албан хаагчийн гүйцэтгэх үүрэг, удирдлага зохион байгуулалт, техник тусгай хэрэгслийг ашиглах, бэлэн байдлыг хангуулахад чиглэгдэж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн сүүлийн таван жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 0 хувьтай батлагдаж, хөрөнгө оруулалтыг хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна. Гэвч дотоод нөөц боломжоо ашиглаад энэ онд нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нарыг бие хамгаалах тусгай хэрэгслээр хангах, шүүгчийн өрөө болон шүүх хуралдааны танхимд аюулгүйн товчлуур суурилуулах, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. Цаашид шүүхэд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах техник тоног төхөөрөмжийг үе шаттай хангах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхан шатны нэгжид ажилладаг эдгээр хүмүүсийн санал хүсэлт хоёр байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна.

Ж.Сайнхишиг: Бэлэн байдлаа сайжруулах хэрэгтэй гэж үзсэн

/Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга/

-2016 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах Тахарын албыг татан буугдаж, энэхүү үүрэг цагдаагийн байгууллагад очсон байгаа. Үүнээс хойш Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтраад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 41 Шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулж шүүхийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа сургалт явуулсан байна. Энэ жилийн сургалт ихээхэн онцлогтой. Яагаад гэвэл дандаа цагдаагийн алба хаагч нар оролцож байна. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Улаанбаатар хотод нэг хэлтэст байдаг төрөлжсөн байгууллага бий. Харин орон нутагт төрөлжсөн нэгж, тасаг байдаггүй. Тиймээс орон нутагт мэргэших чиглэл дутмаг байдаг. Улсын хэмжээнд шүүхийн аюулгүй байдал цагдаагийн байгууллагын бүтцийг бэхжүүлэх, энэ албан хаагч нарыг нэгдсэн мэдээлэлтэй, зорилготой болгох, бэлэн байдлыг хангах үүднээс нь анх удаа Цагдаагийн албан хаагч нарт зориулж сургалт явуулж байгаа нь энэ.

Тулгамдаж буй асуудлыг та бүхэн мэдэж байгаа байх. Улаанбаатар хотод гэхэд Захиргааны шүүх дээр хэд хэдэн удаа хэргийн оролцогчид өмгөөлөгчийн биед халдах оролдлого гарсан. Мөн олон нийт жагсаал цуглаан хийдэг. Яг энэ бодит нөхцөл байдал дээр бид дотооддоо дүн шинжилгээ хийгээд тодорхой хэмжээнд бэлэн байдлаа сайжруулах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Тэгэхээр энэ удаагийн сургалтын гол зорилго нь шүүх хуралдааны дэг сахиулах үед шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүсэхэд яаж хамгаалах вэ, шүүгч, иргэний хохирогчийн аюулгүй байдалд халдах тохиолдол гарсан үед цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллага яаж хамтарч шуурхай арга хэмжээ авах вэ гэдэг бэлэн байдлаа ярилцах юм.

Энэхүү сургалт маргааш Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд үргэлжилж оролцогчид аравтаар ажиллах ажиллагааны тактик, шүүх, шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх ажиллагааны сургуулилт хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *