Categories
мэдээ нийгэм

Шүүх хуралдаануудыг энэ сарын 13-ныг дуустал хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт шуурхай арга хэмжээ авах тухай зөвлөмж хүргүүллээ.

Тус зөвлөмжид: Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн төвүүдийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна.

Иймд уг тогтоолыг хэрэгжүүлэх, коронавируст халдвар тархах, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн дараах арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд нэн даруй авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

• Шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой аливаа шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж гаргах, зохион байгуулалтын яаралтай арга хэмжээ авах,
• Шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал түр хойшлуулах, зарлахгүй байх, шүүх хуралдааныг зайлшгүй явуулах шаардлагатай бол халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах, шүүх хуралдаанд оролцогчдын овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийг бүртгэж авах,
• Нэхэмжлэлийг шуудангаар авах, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээн авах,
• Давж заалдах шатны шүүхийн хувьд хуульд зааснаас бусад тохиолдолд оролцогч ирээгүй үед шүүх хуралдаан явуулах хуулийн зохицуулалтыг баримтлах,
• Шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчдод нэн даруй мэдэгдэх,
• Энэ чиглэлээр өөрийн цахим хуудас, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн үйлчлүүлэгч, хэргийн оролцогч нарт хандан уриалга гаргах,
• Шүүгч, ажилтныг олноор суулгахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаантай албан хаагчдыг ажлын цагт нь тараах замаар шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарах,
• Шүүгч, ажилтныг амны хаалт, бусад хамгаалах хэрэгслээр хангах,
• Шүүхийн байранд нэвтэрч буй иргэдэд амны хаалт заавал зүүх шаардлага тавих, биеийн халууныг тогтмол хэмжих ажлыг шүүхийн байранд шуурхай зохион байгуулах,
• Дээрх хугацаанд байгууллагын хэмжээнд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл дэх жижүүрийн багтай тогтмол мэдээлэл солилцон ажиллах,
• Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бусад арга хэмжээ.
Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тухай бүр Та бүхэнд мэдээллийг хүргэх болно гэжээ.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *