Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас иргэд угаарын хийнд хордсон, амь насаа алдсан явдалтай холбоотой мэдээлэл хийсээр байна. Хэвлэлийнхэн ч зүгээр суусангүй Улаанбаатар хотын гэр хорооллуудаас сурвалжлага бэлдсээр байгаа. Манай сурвалжлах багийн хувьд Хан-Уул дүүргийн Яармагийг зүглэсэн бөгөөд гэр, байшинтай хэд хэдэн өрх айлаар орж, сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлэл авахыг зорьсон юм.
Яармагт Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хороод багтах бөгөөд Вива Сити, Хүннү Моллын ойр орчмын IV хороог эс тооцвол бүгд л гэр хорооллын гэр, байшинтай айл өрхүүд амьдардаг. Тиймээс IV хороог алгасч V хороогоор орж нөхцөл байдлыг асууж сураглалаа. Яармагт ойролцоогоор 10600 орчим өрх айл амьдардаг бөгөөд үүнээс бараг дийлэнх нь хашаа байшинд гэртэй, амины орон сууцтай аж төрдөг аж.
Тааралдсан иргэдээс сайжруулсан шахмал түлшний тухай асуухад наанатай цаанатай янз бүрийн л хариулт өгөх. VII хорооны нутаг дэвсгэрт орших шахмал түлш борлуулдаг цэг онгорхой байгаа сураг сонсоод хүнээр заалган шууд тийш давхив. Харин түлш борлуулах цэгийн хашаагаар орвол том том цагаан шуудайны дэргэд ярилцах гурван хүн л байх бөгөөд нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд байж таарав.
Яармагаас сонгогдсон Л.Болд гишүүн шахмал түлштэй холбоотой таагүй мэдээлэл гарч эхэлсэнд шуурхайлан тойрогтоо ажиллаж, айл өрхүүдээр орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж явааг мэдээд харин ч олзуурхаж хэдэн асуултад хариу авахаар зөвшөөрүүлж, тэдний яриаг чих тавин сониучирхав.
Түлш борлуулах цэгийг ажиллуулдаг ах хүүг н.Баярсайхан гэдэг аж. Тэрээр “Миний бодлоор модоо түлхүү шиг хийгээд хурдан асаавал сайн юм уу гэж бодсон. Манайхан чинь модоо гамнаад нарийхан жижигхэн юм хийгээд тавьчихаар нүүрс ч гэсэн уугиад таг болчихдог. Түүн шиг л байх шиг. Тавантолгойгоос ийм 1 тонны цагаан том шуудайгаар крантай машинтай ирж бөөнөөр нь буулгадаг, хангамж жаахан тааруухан байна. Хүмүүс орой үдэш хаалга үүд нүдээд түлш авья гэдэг” хэмээн зовлонгоо тоочиж байв.
Л.Болд гишүүн VII хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалангаас “Хэсгийн ахлагч нарыг цуглуулаад сургалт хийж байгаа юм уу” хэмээн асууна. Хариултыг нь сонсоод “Ийм хожуу юу? Ямар хожуу юм бэ, аль хэдийнэ түлшээ тараагаад эхэлсэн үед нь сургалт орчих ёстой биз дээ. Ноднин сургалт хийгээгүй юм уу?” хэмээн зэмлэнгүй асуултаар шахах. Учир нь Тавантолгой компанийн зүгээс шахмал түлш хэрхэн яаж асаах вэ гэдэг аргазүйн зөвлөгөөг хороодын хэсгийн ахлагч нарт сургалт хийж байгаа аж.
н.Баярсайхан “Ченжүүдийн гар дамжчих гээд байгаа болохоор Тавантолгой компанийн бодлого байгаад байх шиг байгаа юм. Гэхдээ компани гоё гоё болзол тавьж байгаа. Портер түлш авах гэж байгаа айл байвал утсаа өгөөд шууд утасд гэж байгаа юм. Тэгвэл тэр айлд нь шууд портероор нь шахмал түлш аваачаад буулгаад өгчихнө. Нэг тонн шахмал түлшнээс 20 кг орчим хог гарч байна. 1 тонн савалгаатай ирэхээр нь энд шигшинэ, савлана” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.
Тэд яриагаа өндөрлөж, Л.Болд гишүүн туслахтайгаа хамт хажуугийн гудамж руу айлаар орохоор хэд хэдэн хашааны хаалга цохив. Хаалга цохихыг сонссонгүй юу тайлсангүй, удаахь айлд нь том хүн байсангүй. Харин гурав дахь хашааны хаалгыг гэрийн эзэн тайлж, гишүүн ч туслахтайгаа хамт хэрэг зоригоо тайлбарлаж, хэд гурван үг солих зөвшөөрөл аваад, бид ч дагаад орж явчихлаа.
Яармагийн VII хорооны иргэн, гэрийн эзний нэрийг н.Гүнсэндорж гуай гэдэг. Гэрийн эзэн болон гишүүний хооронд ийм яриа өрнөв.
Л.Болд гишүүн “Нартай, налгар намар болж байгаа ч нэг хүйтрээд авлаа. Галлагаа эхэлж байна, нөхцөл байдал ямар байна гээд судалж явна. Шахмал түлшээ авч байна уу. Асалт нь хэр байна?
– Олны жишгийг дагаад л энэ өвлийг давна даа. Асах нь асч л байгаа юм, үнс ихтэй юм аа. Хүйтрээд эхлэхээр яах юм байгаа юм мэдэхгүй. Үнс ихтэй л болохоос биш илчтэй байгаа юм. Монгол гэрт бол сайн байна гэнэ.
– Тийм ээ гэрт сайн асч байгаа гэж байна. Ханан пийшинд хэр их хийж байна?
– Нэлээн их хийж байна. Нэг түлэхдээ ахиухан хийчихэл зүгээр шиг байгаа юм. Цогон дээр нүүрс хийчихдэг байсан, энэ түлш заавал мод хийхгүй бол уугиад байх шиг.
– Ойрдоо сайхан дулаахан байна л даа. Өчигдөр аюул боллоо, хүн хордлоо, угаартлаа. Хольц нь буруу байсан уу, юундаа учир байна, сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй байна. Хангамжийн асуудлаа л хараад байсан, аюулгүй байдлаа бодох хэрэгтэй байна даа. Үнс их ч одоо дүүрч, аюулгүй байдлын асуудалд санаа зовж байна. Маргааш бид Их хурал дээр энэ асуудлуудыг ярина. Иргэдийн санал хүсэлт ч их ирж байна. Манай Хан-Уул, Яармагийнхан ямар бодолтой, яамаар байна, биеэр харж, ярилцаж судалж яваа юм. Энэ өвөл шахмал түлшээрээ хангаад, найдвартай өвөлжиж байвал нэг хэрэг. Гэхдээ бас аюулгүй байдал ямар байх нь уу, болохоо байвал өөр гарцууд ч гэсэн бодож байх хэрэгтэй юм. Айл өрх, гудамжуудыг нийлүүлээд 200 өрхийн дунд нэг дэд бүтцийн төвтэй байх шийдэл гаргаад ямар ч байсан ирэх жилийн төсөвт мөнгийг нь суулгачихлаа. Түрүүчээс нь эхлүүлнэ. Дулааны алдагдалгүй орчин үеийн технологиор барьсан байшинтай болох зээлийг ипотект хамруулдаг болчихлоо. Энэ хажуугийн сургуульд Германы профессор Гүнтен Клаус гэж хүнийг урьж дунд сургуулийн нам даралтын зууханд шинэ технологи туршиж байна. Тэр бас ямархуу байх нь вэ, ер нь янз янзын л гарц, гаргалгаа гаргаад явж байна.
Ингээд тэд шахмал түлшийг имэрч долоох нь холгүй түлж, үнэрлэж үзээд яриагаа өндөрлөж гишүүн дараагийнхаа айлаар орохоор яаравчлав. Яармагийн залуус сагсан бөмбөгийн лигт баг бүрдүүлэн тоглож байгаа бөгөөд гишүүнийг тоглолтдоо урьсан гэнэ. Бид ч сурвалжлагаа үргэлжлүүлэхээр зам салцгаав.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: Оллоо.мн