Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан. Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга энэ сарын 17-нд гаргажээ.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг энэ оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар болсон байна.
Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг энэ оны аравдугаар сарын 16-ны өдрөөс аравдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болгож өөрчлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөр болсон. Энэ тухай мэдээллийг http://www.judcouncil.mn/main/6121–.html холбоосоор унших боломжтой.