Наадам дөхөөд ирэхээр 22-ын
товчоо бараадан шөлний хонь зарж
эхэлдэг. Өнөө жилийн тухайд
зургадугаар сарын эхнээс Архангай,
Өвөрхангай, Булганаас малчид
хонио ачаад иржээ. Өчигдөр
очиход хориод “Портер” зогсчихож. Эр хонь
200-220 мянган төгрөг, сайн яриад
өгнө шүү гэнэ. Шүдлэн
бол 160-180, төлөг 110-130 мянган төгрөгийн үнэтэй
ажээ. Ямаа 110-120 мянга гэсэн. Өвлийг
өнөтэй давсан учраас малын
тарга тэвээрэг сайн байна. Нас
гүйцсэн хонь 30 гаруй кг
татаж байгаа ажээ. Хонь
худалдаж авч байгаа хүмүүс
ч их байгаа
юм байна. Байсгээд л
нэг машин ирж хонь
аваад явах юм. Худалдаж
авсан хонио газар дээр
нь нядлуулах бол тэнд нэхийн
дээр нь таван мянган
төгрөг нэмээд өгчихөд болохоор
юм. Хонь нядалж, гэдэс
арилгаж буй арваад хүн
бий ажээ. Нэг хүн
өдөрт дунджаар долоогоос найман хонины гэдэс
цэвэрлэж байгаа гэсэн. Харин
амралтынхаа өдөр хорь дөхөхөөр
тооны мал муулж байна.
Ингээд бодоод үзэхээр ажлын
өдөр 50-80, ажлын өдөр зуу
хол давсан хонь зарагдаж
байгаа ажээ. Энд дандаа
малчид ирж хонио зардаг.
Ченжүүд бараг байхгүй. Харин
өглөөгүүр ганц нэг ченж
ирж хонь авч тэр
дор нь мах болгоод
аваад явдаг юм байна.
Бусад нь дандаа гэр
бүлээрээ, эсвэл албан байгууллагаараа
салхинд гарахаар хотоос гарч яваа
улс. Наадам дөхөх тусам
шөлний хонь сурсан хүмүүс
нэмэгддэг ч гэлээ долдугаар
сарын хорьд, наймдугаар сарын
эхээр борлуулалт илүү сайн байдаг
гэсэн.
Ойрхон шиг салхинд гарахаар
яваа улс эндээс хонио
аваад хөдөлдөг ажээ. Харин энүүгээр
малын хулгай их гарч
байгаа гэнэ. Зарж байгаа
хэдэн хонио шөнө хүзүүнээс
нь тэврэх холгүй манаж
хонохгүй бол хулгайч нар
нүд ирмэхийн зуургүй аваад явчихдаг
болжээ. Энд ирсэн эхний
долоо хоногт арваад хонь
хулгайд алдсан талаараа малчид
ярьж байлаа.
Хонио
зарахаар ирсэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчин Б.Жигжиддоржтой уулзлаа.
–Энд
ирээд хэд хонож байгаа вэ. Хонь хэр зарагдаж байна?
-Зургадугаар
сарын 5-нд ирсэн. Анх
ирэхдээ дөчөөд хонь, арав
гаруй ямаатай ирсэн. Хонио
бол зараад дуусчихсан. Одоо
гурван ямаатай үлдчихээд байна.
Би энд саахалт айлынхаа
залуутай хамт өнгөрсөн жил
мөн ирж байсан юм.
Өнөө жил бас л
сумынхаа хэдэн залуусын хамт
ирээд байна. Хотод хонины
мах үнэтэй байгаа болохоор
хонь гайгүй сайн зарагдаж
байна. Голдуу салхинд гарах
гэж байгаа хүмүүс хонь
авч байх шиг байна.
–Малын
тарга тэвээрэг хэр байна вэ?
-Өнгөрсөн өвөл ойрын хэдэн
жил байгаагүй өнтэй сайхан байлаа
шүү дээ. Тиймээс малын
тарга ярилтгүй сайн байгаа. Сайн
эр хонь 30 гаруй кг
жин татаж байна. Бид
сайн ярьж байгаад 200 мянгад
өгөөд байгаа. Тэгэхээр нэг
кг мах таван мянга
гаруй төгрөг болж байгаа
байх. Хотод хонины мах
8000-тай байгаа юм биш
үү. Ер нь амралтын
өдрөөр нэг хүн дор
хаяж арван хонь зарж
байгаа. Гэхдээ ажлын өдөр
ч ялгаагүй болж
дээ. Доод тал нь
таван хоньтой буюу сая
орчим төгрөгтэй бууж байна.
–Хаана
хонож байгаа вэ?
-Эндээ машиндаа унтана. Хэдэн хонио
харж байхгүй бол алдчих
гээд байх юм. Сонгинохайрхан
дүүргийн цагдаа нар манай
энүүгээр ирээд хүн бүрээс
20 мянган төгрөгийн хураамж авдаг. Бас
мэргэжлийн хяналтынхан ирээд л явна.
Юу нь мэдэгдэхгүй арав,
хорин мянган төгрөгийн хураамж
авдаг. Цагдаа нар авах
юмаа аваад байгаа хэрнээ
малын хулгайч нараас хамгаалж
чадахгүй юм.
–Хонь
үнэтэй байх шиг байна. Буух болов уу?
-Бараг буухгүй болов уу
даа. Өнгөрсөн жил ч гэсэн
иймэрхүү л ханштай байсан.
Үнээ буулгаад байхаар бидэнд ашиггүй
байх юм. Тэр холоос
машин унаа хөлсөлж ирчихээд
үнээ буулгачихаар энд ирсний ашиг
гарахгүй байна.
–Уг
нь наадам дөхөхөөр бага зэрэг хямдардаг даа?
-Долдугаар
сар гарав уу үгүй
юу бараг бүх аймгийн
малчид хонио ачаад хүрээд
ирдэг. Баян-Өлгийгөөс л
ирдэггүй байх. Тэгэхээр мэдээж
хэрэг хямдарна. Бас олон хоньтой
ирээд арваадхантай үлдчихвэл хурдхан дуусгах гээд
үнэ буулгаад байдаг. Мөн наймдугаар
сарын хорьдоор нэг хэсэг бууна
даа. Одоогийн байгаа үнээсээ дор
хаяж 20-30 мянган төгрөгөөр хямдардаг
юм. Оюутнууд сургуульдаа ирэхдээ хэдэн хоньтой
ирж зараад мөнгөө өвөртлөөд
хот руу ордог.
Энд голдуу баруун аймгийнхан
хоньтойгоо ирнэ дээ. Харин
Баянзүрхийн товчоон дээр Хэнтий,
Сүхбаатар, Дорнодын малчид зогсдог ажээ.
Баруун, зүүн аймгаас ирж
байгаа хонины үнэ ерөнхийдөө
адилхан. Гэхдээ зүүн аймгийн
хонь 10-20 мянган төгрөгөөр татуу
байгаа гэсэн. Учир нь
хүмүүс хонь авахаар 22-ын
товчоо руу л явахаас
Баянзүрх рүү явдаггүй тул
зүүн аймгийнхан хямдавтар үнээрээ худалдан авагчдыг
татах арга хэрэглэж байгаа
юм байна.
Д.ДОРЖДЭРЭМ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН