Өнөө жил 51 сая толгойд
хүрээд байгаа манай орны мал аж ахуй гадныхны тийм анхаарал хандуулах зүйл биш
бололтой. Монгол Улс мах экспотлохыг хүсч байгаа ч хойд хөрш төдий л нааштай
хүлээж авсангүй. 20 жилийн өмнө Оросын тал “Монгол Улс ОХУ-ын
мал эмнэлгийн болон ариун цэврийн шаардлагыг хангасан нөхцөлд ихээхэн хэмжээний
мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх боломжтой”
гэдэг байсан. ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путин ч энэ удаа өмнөх үгээ л хэлээд
буцав. Мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улсын махыг ОХУ авахгүй байгаа шалтгаан
нь мэдээж эрүүл ахуйн шаардлага. Дэлхийн мах, махан бүтээгдэхүүнийг замын
гэрлэн дохио адил ногоон, шар, улаан гэсэн гурван
бүст хуваадаг аж. Ногоон гэрэлтэй бүсийнх мэдээж махаа шууд экспортлох эрхтэй.
Харин шар бүсийнхэн эргэлзээтэй бөгөөд улаанаас арай дээр гэж үздэг. Харин
улаан гэрэлтэй бүс бол үнэхээр авралгүй гэсэн үг л дээ. Монгол, Орос, Хятад
гурав гурвуулаа улаан бүсийнх гэнэ. Тиймээс манай орны хувьд мах экспортлоно
гэдэг нь бараг л үлгэр юм байна.
Дэлхийн
мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн гурван жил ямар нэгэн малын
өвчлөл гараагүй орнуудын махыг экспортлох талаар судалж байж экспортод гаргах
эсэхийг шийддэг аж. Гэтэл манай улс гүрийж гүрийж гурван жил ямар нэгэн мал
амьтны өвчин гаргалгүй судалгаа хийж эхлэхийн даваан дээр зүүн аймгуудыг нийтэд
нь хамарсан шүлхий өвчин гараад авсан. Энэ шүлхийгээс болоод дахин мах
экспортлох чиглэлийн судалгаа хийх боломжоо алдсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд
мөнгөтэй бизнес эрхлэгчид гаднаас үхэр оруулж ирэх болсон нь махныг экспортлох
чиглэлд анхаарч эхэлсэн алхамуудын нэг болж байна. Учир нь Монгол малын махыг
төдий л ойшоодоггүй гадныхан гарал үүслийн гэрчилгээ, малын паспорт, үүлдэр
угсааг харснаар боломж нээгдэнэ гэж үзжээ. Малын өвчлөл ихтэй гэдэг утгаар
манай малын махыг гадныхан авахгүй гэдэг аж. Бид 51 сая малаа бүгдийг нь
паспортжуулж, хэдэн жил дараалан мал амьтны гаралтай өвчин гаргалгүй байж
өөрсдийн малын махыг экспортлох тал дээр гэрэл гарах бололтой. Гурван сая хүнээ
олигтойхон бүртгэлжүүлж чадахгүй байгаа манай улс лөөлөө байлгүй гэх нэгэн
байна. Малын махаа экспортлодог болъё.
Э.ЭНХ