Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт улс орон даяар өрнөж байна. Архангай аймагт энэ сарын 2-ны өдрийн байдлаар 561.0 мянган үхэр, 1250 гахайд вакцин тарьж, дархлаажуулалтын ажил 91 хувьтай байна. Үүнийг улсын дүнтэй харьцуулахад дархлаажуулалтад хамрагдсан малын тоогоор Архангай аймаг тэргүүлж буй.
Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтыг бүрэн хийсэн найман сум, 80-аас дээш хувьтай долоон сум байна. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, хугацаанд нь бүрэн дуусгах зорилгоор 31.0 сая төгрөгийг түлш шатахуун, ариутгал, халдваргүйтгэлийн ажилд зарцуулах Засаг даргын захирамж гарсан. Дархлаажуулалтын явцад болон тарьсны дараа тодорхой хугацаанд малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн хийх нь дархлаажуулалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх, вакцины дархлаа тогтохоос өмнө голомтын болон сэжигтэй бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, халдвар дахин нэмэгдэх эрсдэлийг бий болгож байгаа аж. Иймд Улсын онцгой комиссоос 2022 оны 5 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд бүсчилсэн болон өөр хэлбэрээр морин уралдаан зохион байгуулахыг хориглож, малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгчээ.