Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Ууцны үнэ хөөрөгдсөн зарим иргэнийг 500 мянган төгрөгөөр торгов DNN.mn

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.

Хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалж байжээ.

Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн

  • 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж,
  • 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж,
  • 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа.

Бодит байдалд 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байсан юм.

Иймд хэрэглэгчдэд хандан өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлд хэмжүүлэх замаар үнэн, бодит мэдээлэл авах, нэгж бүтээгдэхүүнд хамаарах үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийх талаар ШӨХТГ-аас сэрэмжлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *