ШӨХТГ-аас мэдээлэл хийж шатахууны үнэ, махны үнэ, сурагчдын үдийн цай зэрэг асуудлуудаар мэдээлэл хийлээ. 2017, 2018 онуудад иргэдээс гомдол санал ихээр ирдэг байсан бол 2019 онд иргэдээс зөвлөмж, зөвлөгөө хүссэн хүсэлт ирэх болжээ. Иргэдээс ирсэн гомдлын дийлэнх нь жижиглэн худалдаатай холбоотой гомдол байжээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, “Үдийн цай хөтөлбөртэй холбогдуулж олон төрлийн шалгалтыг хийж байгаа. Зөрчил дутагдал гарсан хэвээр байна. Бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн гэрчилгээ хангалтгүй, бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ хангалтгүй зэрэг нь тогтоогдсон гэв. Махны үнийн өсөлтийн талаар “Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос буурч байна. Махны үнэ өсөхөөр манай агентлаг хянадаг гэж ойлгодог ч бидэнд үнэ хянах эрх байдаггүй. Бид зөвхөн монополь ААН-үүдийн үнийг хянах эрхтэй. Гэхдээ бид махны үнийн өсөлттэй холбоотой шалгалт хийж дүгнэлт гаргасан. Эмээлт зах, Хүчит шонхор худалдааны төвүүдэд шалгалт хийсэн.
Шалгалтын явцад үнэ өсөхөд малчдаас шууд худалдан авах үйл явц саадтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, олон дамжлага байсаар байна. Жилд багадаа 12 мянган тонн мах нөөцөлдөг байсан ч энэ жил дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн. Мөн экспортын квотын эрхтэй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн учир үнэ нэмэгдсэн гэж үзсэн. Шатахууны үнийн асуудлын тухайд IV сард хоёр, энэ сард нэг удаа үнээ нэмсэн. Шатахуун жижиглэнгийн үнэ төрөл тус бүрээс хамаарч 97-161 төгрөгөөр өссөн байна.
Үүнийг бид хилийн үнэ, худалдан авч буй “Роснефть” компанийн үнийг судлахад жижиглэн борлуулалтын үнийг өсгөх нөхцөл үүсээгүй гэж үзэж байна. Холбогдох шаардлагуудыг тавьсан. Мөн төрийн байгууллагуудад холбогдох саналыг хүргүүлсэн” гэлээ.