УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэдгээ энэ үеэр дуулгав. Мөн Прокурорын байгууллагын баяр дээр хэлсэн Ерөнхийлөгчийн үгэнд тус бүлгийн хуульчид анализ хийсэн байна. Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хориг болон Прокурорын баяр дээр хэлсэн үгтэй нь холбогдуулж тус бүлэг доорх мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хориг, прокурорын байгууллагын баярын хурал дээр хэлсэн үгтэй танилцлаа. “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” нь 2012 оны сонгуульд оролцохдоо “Намын харьяаллаар нь иргэдээ ялгаварлан гадуурхах, хяхан хавчих, улс төрийн өрсөлдөгчдийг хилс хэрэгт холбогдуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг нь зөрчихгүй байх нөхцөлийг бий болгоно. Иргэний болон захиргааны хариуцлага ногдуулж болох хэрэгт эрүүгийн ял оноож залуучуудыг олноор нь гэмт хэрэгтэн болгох аюултай хандлагыг нэн даруй өөрчилнө” гэж амласан билээ.
Монгол Улсын эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зүгээс намын харьяалал болон бусад байдлаар хяхан хавчиж, улс төрийн өрсөлдөгчөө хилс хэрэгт холбогдуулах, хэрвээ хууль бус үүрэг даалгаврыг нь биелүүлэх тохиолдолд цалин, хангамжийг нэмэх тухай туйлын тодорхой үүрэг чиглэлийг Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 85 жилийн ойн баярын хуралд оролцохдоо өгчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь төр засгийг иргэдтэй нь, УИХ-ыг Засгийн газартай нь, улс төрийн нам, бүлгүүдийг өөр хооронд нь зөрчилдүүлэн, улс төр, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг улам гааруулж, улмаар гарах гарцгүй хямрал, талцал тэмцэлд турхирч байгаад гүнээ харамсаж байна.
Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч түрэн хууль бусаар баривчилж ял шийтгэл тулган оноож, зарим иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө хилсээр баривчилж байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлэх заналхийлэл гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх болох уучлал үзүүлэх, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах зэрэг шийдвэрт УИХ оролцдоггүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх тухай шийдвэрт хориг тавих нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын төрт ёсны түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм.
Өршөөлийн хуульд хэсэгчлэн буюу 4.1, 7 дугаар зүйлүүдэд хэсэгчлэн хориг тавьсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн боловч үнэн хэрэгтээ уг хоригийг хүлээж авсан тохиолдолд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хүүхэд, эмэгтэйчүүд, санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж хөнгөн, хүндэвтэр ял шийтгэл хүлээсэн бүх хүн өршөөлд хамрагдахгүй юм.
Хэнийг ч өршөөлд хамруулахгүйгээр бүхэлд нь хориг тавьсан нь хүнлэг энэрэнгүй байх зарчмын эсрэг, монгол ёс заншил, төрт ёсны уламжлалд нийцэхгүй бөгөөд, төрийн өршөөл энэрлийг хүсэн хүлээж байсан олон хүн, тэдний гэр бүл, үр хүүхдэд нь хүндээр тусна гэдгийг цохон тэмдэглэж байна.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн үндсэн зарчмаас ухарч, өршөөлд хамрагдсан хүний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт хийх замаар өршөөлийн хуулиас эргүүлэн хасах нь хойшид тооцож боломгүй үр дагаварт хүргэх болно.
Илт улс төрийн зорилготой, Үндсэн Хууль болон Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан хоригийг хүлээж авах ямар ч үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Мөн тус бүлэг сайд нарынхаа нэрсийг тодруулсан гэдгээ хэллээ. Тус бүлгийн дарна Н.Батцэрэг энэ талаар “Ерөнхий сайдын зөвлөх Ц. Мөнхтөр мэдээлэл хийж сайд нарыг тодруулж чадахгүй байгаа нь улс төрийн намуудтай ойлголцож чадахгүйтэй холбоотой. Тиймээс сайдад нэр дэвшигчдийн нэрийг ирэх 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулсан гэсэн. Манай бүлгийн зүгээс гацаагаад байгаа юм байхгүй. Бид дотооддоо асуудлаа аль хэдийн шийдсэн. Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг өргөн барина л гэвэл бид өөрсдийн хүмүүсийн нэрийг өгөхөд бэлэн байна” гэв.