Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан гэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд “Өнгөрсөн долоо хоногт нилээн удаан хугацаанд цуглуулсан гарын үсэг бүрдээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энд Засгийн газар унаагүй учраас бид ялагдсан юм шиг хүлээж авах хэрэггүй. Энэ бол тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэж бодож байгаа. Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг УИХ олонхиороо гаргах боломж байсан. Гагцхүү эрх баригч хүчин гишүүдээ тойргоор нь барьцаалсан, нөгөө талаас “Шударга ёс” эвсэл албан тушаалын барьцаа хийж гишүүдээ базсан. Тийм учраас энэ Засгийн газар барьцаатайгаар ихээхэн хүнд нөхцөлд үлдсэн” гэж ярилаа.

Дубайн гэрээгээр авсан 6.8 тэрбум долларыг манай хойч үе маань төлнө. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газар огцрох ч багадна. Харин ч дараа дараагийн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн долоо хоногт огцрохоос бултаж амжсан ч гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүхэн хариуцлагаас мултарч чадахгүй гэж хэлмээр байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тэр чуулган бол эрх баригчдад хатуу сануулга өгсөн. Яг үнэндээ, УИХ-ын олонхи нь Засгийн газрыг сайн ажиллаж байгаа гэж авч үлдээгүй. Ямар нэг барьцаагүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санал УИХ-д давамгайлж байсан гэв.

Түүнчлэн МАН бол элдвээр хэлүүлж доромжлуулсан боловч хойч үедээ хэрэгтэй түүхэн шийдвэр гаргахад нөлөө бүхийн оролцоотой байсныг хэлье гэлээ.

Тэд мэдээллийн үеэр төв банкны удирдлагыг огцруулах асуудлыг УИХ-д өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн ч УИХ-ын даргын зүгээс хэлэлцүүлэхгүй хав дарсан учраас энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад анхааруулга өгсөн. Хэрвээ асуудлыг хэлэлцэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *