Categories
мэдээ нийгэм

Шударга бусын хонгилд хэлмэгдсэн 83 хүнээс санал хүсэлт ирсэн

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо өнгөрсөн сарын 16-нд байгуулагдсанаа зарласан. Энэ хугацаанд тус холбоонд 83 хүнээс санал хүсэлт ирсэн байна. Тухайн хүмүүс нь хууль хяналтын байгууллагын хууль бус ажиллагаа, захиалгат хэлмэгдүүлэлт өртсөн талаараа санал гомдлоо ирүүлжээ. Иргэдийн гомдлыг Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооны хуульчдын баг судалж буй аж. Ингэхдээ зарим иргэний хэлмэгдсэн түүхээр нэвтрүүлэг хийж, олон нийтэд цацахаар зэхэж байгаагаа тус холбооны тэргүүн Л.Гансүх хэллээ.

Мөн эхний ээлжинд гурван иргэний хэлмэгдсэн асуудлаар УИХ-аас байгуулагдсан хүний эрх, шударга ёсыг хангах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон ЦЕГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсийн удирдлагад хандаж буй аж.

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо нь гурван зорилготой.

Нэгдүгээрт, хонгилд хохирогч болсон бизнес, лиценз, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, шүүхээр цагаатгуулах, хохирлоо олж авахад нь хамтран ажиллана.

Хоёрдугаарт, шүүх, цагдаа, АТГ, тагнуул, прокурорт шургалсан хонгилын гишүүд, мөн тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчлэх, хуулийн арга хэмжээг оногдуулах тал дээр төр засгийг шахаж ажиллана.

Гуравдугаарт, хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахад өөрсдийн дуу хоолойг оруулж, УИХ-ын тодорхой бүтцүүдтэй тулж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *