-ШИНЖЛЭХ УХААНАА АШИГЛАХ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦЭЖ ХӨГЖИХ САНААЧИЛГЫГ ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН ШИГ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА НЬ АРЧААГҮЙ ХЭРЭГ
МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, профессор С.Буднямтай ярилцлаа.
–Математикийн хүрээлэн МУИС-ийн харьяанд очоод багагүй хугацаа өнгөрсөн. Танай хүрээлэнг их сургуулийн бөөрөнд очоод ажиллахаа больсон гэж ярих эрдэмтэд байна. Үнэн үү?
-Тийм сонин, худлаа мэдээллийг УИХ-ын зарим гишүүн, Шинжлэх ухааны академи (ШУА)-ийнхан ярих боллоо. Тэд ийм утгагүй зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйх ёстой. Математикийн хүрээлэн өнгөрсөн жил 40 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Манайх 1997 онд МУИС-ийн харьяанд очсон шүү дээ. Хуучин класик чиглэлээр хөгжиж байсан бол орчин үед шинэ салбаруудаар эрчимтэй хөгжиж байна. Англи, Япон, АНУ-д сурч ирсэн залуус энд ажиллаж, залуу боловсон хүчнээр байнга сэлгэгдэж байгаа. Хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат Төрийн шагнал хүртлээ. Академич Т.Жанлав Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн хүндэт доктор боллоо. О.Чулуунбаатар доктор Дубнад секторын эрхлэгч хийж байна. Ч.Алтаннар АНУ-д доктороо хамгаалаад Англид ажиллаж байгаад ирлээ. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг хоёр ч залуу авлаа. Гадаад, дотоодод үнэлэгдэж байгаа хамт олныг ингэж үгүйсгэсэнд харамсч байна.
–Танай хүрээлэн Их сургуулийн харъяанд очоод эерэг өөрчлөлт гарсан уу?
-Шилжилтийн үед ШУА-аас салгаж байсан учраас нэг үе боловсон хүчин, гадаад харилцаа доголдсон нь үнэн. Харин сүүлийн жилүүдэд доголдлоо нөхөж, үйл ажиллагаа сайжирсан. Их сургуулийн дэргэд байгаа учраас залуу боловсон хүчнээр байнга нөхөгдөж, тэр хэрээр хөгжижбайна. Багшилж байгаа залуучуудаас сонгох, тэднийгээ гадаадад сургаж авахад ойр байдаг. Ахмад эрдэмтэд мэдлэгээ залуу үед дамжуулдаг. Ингэж эргэх холбоотой, цусаа сэлбэж хөгждөгийг олон улсын жишиг харуулж байна. Багш хүн өөрөө эрдэмтэн байх учиртай. Барууны “профессор, оюутан” гэдэг нь өөрөө шинжлэх ухааныг хөгжүүлэх сонгомол загвар шүү дээ.
Их сургуулиудаас тасарчихсан академид энэ бол боломжгүй, удирдлагууд нь ч хүн сургах гэдгийг мартчихсан. Тийм ч учраас ШУА өнөөдөр маш хүнд байдалд орчихсон.
–Их сургуулиудын харъяанд эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд байх нь оюутнуудад ч ашигтай болов уу. Олон улсын нэр хүндтэй сургуулиуд ийм жишгээр хөгждөг.
-Чанартай боловсон хүчин бэлтгэгдэх үндэс нь болж байгаа юм. Барууны сургуулиудын харьяанд биеэ даасан судалгаа хийдэг төвүүд бий. АНУ-ын Харвард, Калифорнийн Технологийн их сургууль гэх мэт сургуулиуд дотроо том лобараторитой. Тэнд ажиллаж байгаа эрдэмтэд нээлт хийгээд Нобелийн шагнал аваад байна шүү дээ.
–Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их сургуулийн харьяанд өгнө гэсэн Ерөнхий сайдын саналыг ШУА-ийнхан эсэргүүцэж, жагсаал хүртэл хийсэн. Ер нь олон улсын жишиг ямар байдаг юм бэ?
-Хуучин социалист, социализмын чиглэлтэй орнуудын шинжлэх ухааны хөгжил хоцрогдсон шалтгаан нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн хоёрыг эртнээс салгасанд байгаа юм. Манайх ОХУ-ын загварыг авч хэрэглэсэн шүү дээ. Петр-I хааны байгуулсан академид гаднаас уригдаж ирсэн хүмүүстэй нь Ломоносов муудалцаад тусдаа их сургуулиа байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Орост их сургууль, академи хоёр 300 гаруй жилийн турш салангид байсан түүх бий. Харин их сургууль төвтэй шинжлэх ухааны загварыг Германы Гумболд бий болгосон. Тэр хүн шинжлэх ухаан бол их сургуульд төвлөрсөн байх ёстой гэдгийг тодорхойлж өгснөөрөө ач холбогдолтой. XX зууны эхэн, дунд үед Германы том мэргэжилтнүүд их сургуульдаа байсан. Шинжлэх ухаан нь ч дэлхийд тэргүүлэх байр суурьтай болсон. Харин дэлхийн II дайнаас болж Германы олонхи том эрдэмтэд нь Америк руу гарч, дэлхийн шинжлэх ухаанд тэргүүлэх байр сууриа алдсан л даа. Ер нь их сургуулийг түшиглэж хөгжсөн шинжлэх ухаан хамгийн өгөөжтэй, сонгомол загвар гэдгийг олон улсын жишээ харуулж байна. Техникийн хувьсгал, нийгмийн бүх л өөрчлөлт шинжлэх ухаантай холбоотой. Шинжлэх ухааны том том нээлтүүд хүн төрөлхтөнд дэвшлийг авч ирдэг. Харин тэр дэвшлийг хэн хурдан хүлээн авч, улс орныхоо хөгжилд ашиглаж байгаа нь бусдаасаа тэргүүлж байна. Шинжлэх ухааныг төр, эдийн засгийн бодлогодоо зөв тусгаж байгаа улс хөгжиж чадаж байна шүү дээ. Газар нутаг багатай, хүн ам цөөтэй Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоогч Ли Куан Ю “Хөгжил бол ард түмний толгойтой холбоотой. Ард түмний ухамсарт юу байгаа нь хөгжлийн хөшүүрэг байх ёстой” гэж тийм бодлогоор улсаа хөгжүүлсэн шүү дээ.
–Барууны орнууд их сургуульдаа түшиглэн шинжлэх ухаанаа хөгжүүлдэг юм байна. Харин социалист байсан орнуудад ямар өөрчлөлт гарсан бэ?
-Бид шилжиж байгаа нийгмээ муу мэдэрч, өнгөрсөн 25 жилийн турш ихэнх асуудлыг туршилтын байдлаар шийдлээ. Харин одоо өнгөрсөндөө дүгнэлт хийж хөгжлийн гарц нь сайн боловсролтой иргэд, шинжлэх ухааныг хүлээж авдаг чадавхитай болох ёстой. Инженер, эрдэмтэд, зохион бүтээгчид ийм чадвартай байвал дэлхийн шинжлэх ухаанд гарч байгаа том том нээлтийг хүлээж авах чадвартай, бэлэн байна шүү дээ. Өмнө нь газар, хөдөлмөр, байгалийн баялаг эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл байсан бол одоо хүний оюуны багтаамж шингэсэн технологи, бүтээгдэхүүн хөгжлийн тулгуур болж байна. Хуучин социалист орнууд үүнийг мэдрээд бүгд шинжлэх ухааны хуучин менежментээ өөрчилсөн. ОХУ-ын эрдэмтдийн нээлт дэлхийн шинжлэх ухааныг тэтгэж байлаа. Харамсалтай нь шилжилтийн үед үүргээ шинэ нөхцөлтэй уялдуулж чадаагүй. Тиймээс өнгөрсөн жил дээрээс нь Шинжлэх ухааны хүрээлэнг татан буулгаж “Та нар эрдэмтдийн клуб. Бид та бүхнээс зөвлөгөө авна. Та нар их, дээд сургуулийн судалгаанд дүгнэлт хийж, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиглэлийг нөхцөл байдалдаа тохируул” гэдэг чиглэлийг өгчихсөн.
–Манай загвар болсон ОХУ өөрчлөлтийг хийчихэж гэж ойлголоо. Харин манай эрдэмтэд яагаад энэ өөрчлөлтийг хүлээж авахгүй гээд эсэргүүцээд байгаа юм бол?
-Үе, үеийн Засгийн газар зохицуулалт хийхийг оролдсон. Харин ШУА-ийнхан өөрийгөө хамгаалаад, социализмын үеийнхээ нэрийг ашиглаад өөрсдийгөө бөөцийлж байсан хэрэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилга үнэндээ мөнгө хэмнэх, эдийн засгийн хямралтай ямар ч холбоогүй. Харин хөгжилд нийцүүлж боловсрол, шинжлэх ухааныг ашиглах хэрэгцээ гарсан учраас олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон. Нүүрс, зэсээ зарсан эдийн засгийн өсөлт чанарынх биш хөөсөн байж гэдгийг хүлээн зөвшөөрч зөв гольдиролд оруулах гэсэн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл энэ саналыг хямралтай холбож эмзэг бүлгийнхэн шиг хүлээж авч байгаа нь арчаагүй хэрэг. Харин ч ШУА-ийнхан өөрсдөө “Таны санал зөв байна. Бид ийм байдлаар хүчээ нэгтгэж эдийн засгийг өөрчлөхөд шаардлагатай судалгаа хийж ажиллах хэрэгтэй” гэдэг санал гаргаж, Засгийн газрын дэмжлэгийг авах ёстой байсан. Ерөнхий сайд энэ ажлаа хөгжлийн нөөц гэдэг талаас нь шийдвэртэй хийгээсэй гэж хүсч байна. Үүний тулд ШУА-ийн хүрээлэнгүүдийг БСШУ-ны яамандаа авах ёстой. ШУА-ийн 64 гишүүний сар бүр авдаг 500 мянган төгрөгийг хасах хэрэгтэй. Тэдэнд ямар агуулгаар тэтгэлэг өгч байгаа нь ойлгомжгүй. Дэлхийд хоёрхон улс академийнхаа гишүүдэд тэтгэлэг өгдөг. Манайх тийм баян улс биш. Жилд 400 гаруй сая төгрөгийг ШУА-ийн гишүүдэд тэтгэлэг болгон өгч байна. Гишүүд нь энэ тэтгэлгийнхээ хажуугаар цалин, тэтгэврээ бас авна.
–Тэгвэл ШУА-ийн гишүүд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд эсэргүүцээд байна уу. Эсвэл ажилгүй болохоос айгаад байгаа хэрэг үү?
-500 мянган төгрөгөөсөө салчихна гэж айж байна. Бас их сургуульд очоод юу зааж, юу сургаж чадах вэ гэдэг нь толгойны өвчин болчихож. Бэлэн болсон зүйл дээр гарын үсэг зурах, зөвлөгөө өгөх нь их сургуульд ажиллахаас огт өөр. Их сургууль дээр оюутнууд тэднийг зүгээр суулгахгүй. ШУА-ийн гишүүдийн олонхи нь их сургуульд багшилж үзээгүй, оюутнуудад уншчих лекц бичээгүй, сургалтын системээсээ тасарчихсан хүмүүс.
–Эрдэмтэд 500 мянган төгрөгийн тэтгэмжтэйгээ үлдэхийн тулд тэмцэж байна гэхэд өрөвдөлтэй санагдаж байна. Олон улсад эрдэмтэд бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зардаг, хамгийн орлоготой хүмүүс байдаг шүү дээ. Манайд тийм боломж байхгүй юу?
-Ажиллаж чадвал тийм боломж байгаа. Дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд компаниуд шинжлэх ухааны бодлого боловсруулдаг төвүүдтэй байх шаардлага гарч байна. Шинэ технологи, патентийн мэдээллийг судалж, дүгнэлт хийн бизнестээ ашиглах шаардлага гарчихаад байна. АНУ-д инновацийн менежер ажиллаж байна. Нэг судлаачид есөн менежер ажиллаж байна шүү дээ. Үүний хүчинд технологийн шинэчлэлээ цаг алдалгүй хийж чадаж байна. Манай бизнес эрхлэгчид энэ тал дээр дутуу ажиллаж байгаа учраас бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадваргүй байгаа хэрэг. Хөдөө аж ахуй, эрдэс баялгаа боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд эрдэмтдээ ашиглах хэрэгтэй. Газ гаргах, коксжуулах технологи дээр хөрөнгө оруулагчидтай хатуу тохирвол хөгжил ойр байна.
Эрдэмтэд оюутнуудаа ашиглаад өөрийнхөө онолыг хөгжүүлэх боломж байгаа. Технологитой холбоотой судалгаа хийдэг эрдэмтэн бизнес эрхлэгчдийг өөртөө татах шинэ санаа гаргавал тэтгэмж байтугай мөнгө олно. Барууны зарчим ийм. Эрдэмтэн судалгаагаа л хийнэ. Шинжлэх ухааны нээлт бүх нийтийн хүртээл. Тэр технологийг дамжуулж, өөртөө нутагшуулах чадвар өндөртэй нь хөгжиж байна шүү дээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд цусаа сэлбэж, дэлхийн нээлтийг нутагшуулбал хөгжил аяндаа ирнэ.
–Эрдэм шинжилгээний байгууллагуудыг их сургуулиудад шилжүүлбэл хэр хугацаа хэрэгтэй бол?
-Их сургуулиудад бие даасан төвүүдийг яаж байршуулж, хөгжүүлэх вэ гэдэг загвараа гаргана. Дараа нь ШУА-ийн хүрээлэнгүүдийг хаана нь байршуулах шийдвэрээ гаргах ёстой. Төрийн статуст авсны дараа алийг нь их сургуульд аажмаар өгөх вэ, алийг тусад нь байлгах вэ гэдгийг шийдэх учиртай. Түүнээс их сургууль руу шууд механикаар хийж болохгүй шүү дээ. УИХ-ын зарим гишүүн “Их сургууль чинь 17 настай “охин”. Ийм байхад юм нэмж “жирэмслүүлэх” хэрэг байна уу” гэж ярьсан гэнэ лээ. Их сургууль дотор шинжлэх ухааны төвүүдийг бойжуулах гэж байгаа бол эхлээд бэлтгэж байгаа мэргэжилтнүүд нь эргээд төвөө тэжээх байдлыг харгалзах ёстой. Энэ бүхэнд гурван жилийн хугацаа хэрэгтэй болов уу. Засгийн газрын хугацаанд амжихгүй гээд битгий орхиосой гэж хүсч байна. Үндсэн хуульд шинжлэх ухааны бодлого, хөгжлийг Засгийн газар хэрэгжүүлэх тухай тодорхой заачихсан. Үүнийгээ хийг л дээ. Шинжлэх ухааны салбарт олонхиороо асуудлыг шийддэггүй. Хэн зөв сэтгэж, хэн онол гаргаж байгаа нь хүлээн зөвшөөрөгддөг. Санал хураалтаар, эсвэл хэсэг улстөрчдийг худалдаж авах замаар хийгддэггүй. Ардчилал нь тэргүүлж байгаа цөөнхдөө байдаг. Түүнийг хүлээж авах нь ёс зүйн асуудал.
Ц.ӨРНӨХ