Categories
гадаад мэдээ цаг-үе

Шри-Ланкын төрийн албан хаагчдад хоол хүнсээ бэлдэхэд нь зориулан нэг өдрийн чөлөө олгохоор болжээ DNN.mn

Эдийн засгийн гүн хямралтай байгаа Шри-Ланка улсын засгийн газар төрийн алба хаагчдаа долоо хоног бүр нэг өдөр чөлөөлөхөөр болсон байна.

Энэ өдрийг тэд хашаандаа ногоо тариалж, хүнсний асуудлаа шийдэхэд зориулах юм.

“Төрийн албан хаагчдад долоо хоногийн нэг ажлын өдрийг хашаандаа хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулан чөлөөлж өгөхийг зохистой гэж үзэж байна” гэж засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Нэг өдөр ажлаас чөлөөлөгдөх нь ирээдүйд тохиолдож болзошгүй хүнсний хомстлоос сэргийлэх шийдэл болохоос гадна ажилдаа ирэх, явах зорилгоор шатахуун үрэлгүй, хэмнэлт хийхэд чухал нөлөөтэй гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ тус улсын 22 сая хүн амын таван хүн тутмын дөрөв нь хоол хүнсний хямралд өртөхөөр байгааг анхааруулж байв.

Ирэх гурван сарын турш төрийн албан хаагчид долоо хоног бүрийн Баасан гарагийг хүнсээ бэлтгэхэд зориулахаар болж байна.

Шри-Ланка улсад 1.5 сая төрийн албан хаагч байдаг. Төрийн албан хаагчид гадаадад ажил хөдөлмөр эрхлэх бол таван жил хүртэл хугацаанд чөлөө олгох шийдвэрийг засгийн газар бас гаргажээ.

Ингэхдээ уг чөлөөтэй байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдаж, тэтгэвэрт нь нөлөөлөхгүй байхаар зохицуулсан байна.

Энэ бодлого нь иргэдээ аль болох олноор гадаадад ажиллуулж, эх орон руугаа валютын урсгал үүсгэх зорилготой юм.

Шри-Ланка улс валютын нөөцгүй болсноос $51 тэрбумын гадаад өрөө төлж чадалгүй дефолт зарлаж байв.

Одоо тус улсын засгийн газар Олон Улсын Валютын Сангаас тусламж авах талаар хэлэлцэж байгаа.

Цар тахал, түүнийг дагасан аялал жуулчлалын салбарын уналт, гадаадад ажилладаг иргэдийн эх орондоо илгээдэг мөнгөний хэмжээ багассан зэрэг нь хямралын үндсэн шалтгаан болж байгаа. Бас эрх баригчид татварыг бууруулах цагаа олоогүй популист шийдвэр гаргасан нь үүнд гол нөлөө үзүүлжээ.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *