Categories
гадаад мэдээ

Шри Ланкийн сургамж DNN.mn

Өнгөрсөн сард дефолтоо зарласан Шри Ланк улсын уурлаж бухимдсан иргэд эсэргүүцлээ илэрхийлэн гудманд гарч жагсав. Төр засаг нь жагсагчид руу цагдаа, цэргийн хүчнээс гадна засгийн газрыг дэмжигчдийг илгээж хүч хэрэглэсэн байна. Засгийн газрын дэмжигчид болон жагсагчдын хооронд нийслэл Коломбо хотод сүмийн гадна, дараа нь Галле Фас Грин дэх эсэргүүцлийн гол талбайд ширүүн мөргөлдөөн болжээ.

Үүний дараа жагсагчид босогчид болон хувирч ерөнхийлөгч Ражапакса болон парламентын гишүүдийн хэд хэдэн байшинг шатаасан байна. Мөн ерөнхий сайдыг албан ёсны байрандаа байхад нь эсэргүүцэгчид дайрч, галдан шатаахыг завдсан ажээ. Бослого эхэлснээс хойш таван хүн нас барж, 190 гаруй хүн шархдаад байна. Эрх баригчид хүчирхийллийг дарах гэж арлын хэмжээнд хөл хорио тогтоов. Өнгөрсөн сараас хойш үнийн өсөлт, цахилгааны хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал энэ улсад олон долоо хоног үргэлжилсэн. Түүнчлэн жагсагчид ерөнхий сайд Махиндагаас гадна түүний дүү ерөнхийлөгч Готабая Ражапаксаг ажлаа өгөхийг шаардаж байгаа аж.

Цагдаагийн хүчин жагсагчид руу нулимс асгаруулагч хий, усан буугаар буудсан байна. Уурласан жагсагчид хариу арга хэмжээ авч, засгийн газрын дэмжигчид рүү дайрч, эрх баригч намын парламентын гишүүдийг барьж авах гэж оролдсон аж. Шөнө дунд жагсагчид ерөнхийлөгч Ражапакса болон зарим сайд, парламентын гишүүдийн байшингуудыг шатаажээ.

Өнгөрсөн сарын эхний өдөр иргэд ерөнхийлөгч Готабая Раджапаксыг огцрохыг шаардан гудманд гарч жагссан юм. Жагсагчид цэргийн автобус болон цагдаагийн машиныг шатаажээ. Цагдаа нар нулимс асгаруулах хий, хийн буу ашиглаж олон хүн шархаджээ. Үүний дараа ерөнхийлөгч Готабая Раджапакс өөрийн олон хамаатан садан оролцсон сайдуудыг огцруулан 17 сайд шинээр томилсон ч өөрийн ах Махиндаг ерөнхий сайдын суудалд нь үлдээв. Энэ үед эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байлаа. Өнгөрсөн сарын 19-нд төмөр зам хаасан жагсагчид руу цагдаа нар гал нээж нэг хүн нас барав. Тавдугаар сарын эхнээс мянга мянган дэлгүүр, сургууль, улсын болон хувийн компаниуд хаалгаа барив. Мөн автобус, төмөр замынхан ажилгүй болж нийслэл Коломбогийн төв вокзал хаагдав. Энэ сарын 7-нд улс орон даяар онцгой байдал зарлав. Үүнийг ерөнхийлөгчийн төлөөлөгч нийгэмд эмх замбараа тогтоох зориулалттай гэж тайлбарласан. Энэ сарын 9-нд бүрэн хөл хорио тогтоов. Ерөнхий сайд Махинда Раджапакс ерөнхийлөгч Готабая Раджапаксад огцрох өргөдлөө өгөв. Засгийн газрыг дэмжигчид мод, төмөр саваагаар зэвсэглэн эсэргүүцэгчдийн жагсаал руу довтолж 180 хүн эмнэлэгт хүргэгдэж, хэд хэдэн хүн амь эрсдэв. Мөн энэ өдөр эрх баригч намын депутат Амаракерти Атукорала машиныг нь хаасан жагсагчдыг буудаж хажуугийн байшинд зугтан орж удалгүй амиа хорлов. Бас нэг улстөрч жагсагчид руу буудаж хоёр хүн хөнөөж, таван хүн шархдуулав. Жагсагчид руу халдсан хэмээн эсэргүүцэгчид парламентын гишүүн Санат Нишантын болон засгийн газар, парламентын хэд хэдэн гишүүний байр байшинг галдан шатаав. Хамгийн сүүлийн мэдээгээр цагдаа нар уурлаж, улангассан иргэд рүү гал нээснээс 15 хүн амь үрэгдсэн байна.

Энэ улс 1948 онд тусгаар тогтносноос хойш ийм байдалд орж байгаагүй билээ. Тэгвэл иргэд яагаад төр, засгийг эсэргүүцэн гудамжинд гарав.

Улс нь дефолт зарласнаас хойш иргэд нь ахуйн хэрэгцээний хий, зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, бензингүй болжээ. Эмнэлгүүд эм бэлдмэлгүй болсноос өвчтөнг хэвтүүлж эмчлэх, мэс засал хийх ямар ч боломжгүй болсон. Цаасгүй болсноос сургуулийн сурагчид шалгалт өгч чадахгүй болов. Улс орон даяар хоногт 10-12 цаг цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүйд тулав. Юмны үнэ тасралтгүй нэмэгдэж инфляци хүчрэгдэхгүй өсөх болов. Энэ бүхний эцэст өнөөдрийн байдалд хүрчээ.

Дефолт гэдэг нь маш товчоор улсын зээл өр болон хувирахыг хэлнэ. Улстөрчид нь улсынхаа өмнөөс өр тавьж өөрсдөө завшин, ээлжит төлбөрөө нийтээрээ төлж чадахгүй болохыг дефолт гэдэг гэсэн ч болно.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *