Categories
гадаад мэдээ

Шри Ланкад исламын шашны 1000 гаруй сургуулийг хаана

Энэтхэгийн далайн арал улс Шри Ланка үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс исламын шашны эсрэг томоохон арга хэмжээ авах болсноо өчигдөр зарлажээ.

Тухайлбал муслим эмэгтэйчүүдийн нүүр, биеэ халхалдаг өмсгөл буюу буркаг бүрэн хориглохоор болсон байна.

Шри Ланкын дотоод хэргийн сайд Сарат Верасекара өчигдөр болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ “Бурка нь манай үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Олон жилийн өмнө бид маш олон муслим найзтай байсан. Тэр үед муслим эмэгтэйчүүд бурка огт өмсдөггүй байлаа. Харин саяхнаас ийм соёл дэлгэрсэн нь шашны экстремист үзэл нэмэгдсэний шинж юм. Тиймээс бид үүнийг хориглоно” гэжээ.

Үүнээс гадна Шри Ланка улсад оршдог 1,000 гаруй исламын шашны сургуулийг хаахаар бэлдэж байгааг сайд мэдэгдсэн юм.

Эдгээр сургуулиудыг тус улсын боловсролын хөтөлбөрийг дагадаггүй, голдуу араб хэл, коран судар заадаг гэж буруутгажээ.

Исламын шашныг хязгаарлах энэхүү шийдвэрийг удахгүй засгийн газрын хурлаар оруулж, батлуулахаар болсныг Сарат Верасекара мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *