Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шоронд хүн амиа алдахад шүүгч, прокурор цочоо аваагүй нь шүүх хуралдаанаас харагдлаа

-Д.Амарсайхан агсны гэх хэргийн оролцогчийн өмгөөлөгчийг учир битүүлгээр зоджээ-

Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Урьдчилан хорих 461 дүгээр ангид өчигдөр өглөө 10.00 цагт эхлэхээр товлогдсон байв. Шүүх хурлыг Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батгэрэл, улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын прокурор О.Сарангэрэл болон шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгч Н.Отгонболд “Миний өмгөөлөгч өчигдөр орой гэрийнхээ үүдэнд үл таних хүмүүст зодуулж, хүнд гэмтжээ. Би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна. Тиймээс хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн юм. Харин улсын яллагч О.Сарангэрэл “Ирц 90 хувьтай байна. Н.Отгонболд хэргийн бусад оролцогчидтой адил ашиг сонирхолтой байсан. Тиймээс энд байгаа өмгөөлөгчдийн нэгийг сонгоод хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэв. Улсын яллагчийн энэ саналыг тэнд байсан бүх өмгөөлөгч эсэргүүцэж үгээ хэллээ. Тухайлбал, Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Энэ хэрэгт шүүгдэх гэж байсан хүн батлан даалтад гараагүйгээс болж амиа алдсан. Угаасаа улсын яллагч нэг талыг барьж байсан нь талийгаачийг батлан даалтад гаргаагүйгээс харагддаг. Гэтэл одоо хүний өмгөөлөгчтэй байх, эрх зүйн туслалцаа авах Үндсэн хуулийн эрхийг нь зөрчих гэж байна. Ийм байж болохгүй” гэв.
Мөн “Улсын яллагчийн хэлснээр энд байгаа хүмүүсийн нэгээр өмгөөлүүлээд, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүнтэйгээ ганцаарчилж уулзалгүйгээр хэргээ шийдүүлэх нь хүний эрх зөрчиж байгаагийн нэг хэлбэр мөн” гэдгийг ч Ц.Чандманийн өмгөөлөгч хэлж байлаа. Ингээд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Отгонболдын хүсэлтийг хэлэлцээд, шүүх хуралдааныг энэ сарын 29-нийг хүртэл хойшлуулав.

Д.Амарсайхан, Х.Анхбаяр нарын холбогдсон хэргийн тухайд

“Д.Амарсайханы хамсаатнуудыг шүүнэ”, “Х.Анхбаяр нар Д.Амарсайхантай бүлэглэн 50 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, авлига авсан” гэх мэдээлэл түгсэн. Мөн АТГ-ын эх сурвалж “Х.Анхбаяр гадаад дахь дансаараа дамжуулж их хэмжээний мөнгө угаасан, Ашигт малтмалын газрын албан тушаалтнуудтай бүлэглэн олон тооны лиценз авсан” гэх мэтээр мэдээлж байлаа. Гэвч шүүхээр хэлэлцэх гэж байгаа эрүүгийн хэрэгт 50 тэрбум төгрөгийн авлигын тухай нэг ч үг байхгүй аж. Мөн Х.Анхбаярыг мөнгө угаасан, хууль бусаар олон тооны тусгай зөвшөөрөл худалдаж авсан гэх хэрэгт буруугүйг тогтоож мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгосон юм байна. Харин шүүгдэгч Д.Амарсайхан агсныг Х.Анхбаяраас авлига авсан. Үүнд Н.Отгонболд, Ц.Чандмань нар зуучилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгт яллаад байгаа. Мөн Х.Анхбаярыг татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Авлигын гэх байрны тухайд болсон явдлыг тодруулахад, “Тэнгри Холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаяр Хас банкинд салбарын захирлаар ажиллаж байсан Ц.Чандманийг компанидаа ажиллахыг урьж машин, байр авч өгөхөөр болжээ. Ингэхдээ Зайсангийн “Роял Грийн Вилла” хотхон дахь 160 метр.кв талбай бүхий байрыг Ц.Чандманийн нэр дээр шилжүүлэхээр болж “Би компанидаа гар нийлж ажиллах цөөн тооны хүний амьдрах гэр, унах унааг нь хариуцаж байгаа. Гэхдээ чамд өгөх байр үнэтэй. Тиймээс 100 мянган ам.долларыг нь чи төл” гэсэн байна. Ингээд өөрөө гадаад явсан учраас ерөнхий менежер Н.Отгонболд байрны бичиг баримтыг Ц.Чандманийн нэр дээр шилжүүлсэн аж. Ц.Чандмань хотын төвд байртай учраас Зайсан дахь орон сууцандаа оролгүй жил болсон байна. Жилийн дараа Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан тэдний Зайсан дахь байрыг түрээслэхээр болжээ. Ц.Чандмань бол Д.Амарсайхан агсны төрсөн ахынх нь хүүхэд. Тэр үед Д.Амарсайхан агсан гэр бүлийн шалтгаанаар байр хайж таарсан байна. Ингээд авга дүүгийнхээ байрыг түрээслээд амьдарч байж.
Гэтэл 2013 онд Х.Анхбаярыг шалгаж гүйцэтгэх ажиллагаа явуулж байхдаа АТГ-ынхан Ц.Чандманийн нэр дээрх байранд Д.Амарсайхан агсных амьдарч байгааг мэдсэн гэнэ. Ингээд Ц.Чандманиар халхавчилж Д.Амарсайханд 494 сая төгрөгийн үнэтэй орон сууц өгсөн гэх хэрэгт шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлджээ. Ямар учраас авлига өгөх болсон шалтгааныг яллах дүгнэлтэд дурдсанаар “Газрын тосны газраас зарласан Олон улсын нээлттэй тендерт “Тэнгри холдинг” компанийг шалгаруулсны төлөө Д.Амарсайханд авлига өгсөн” гэжээ. Энэ тендерийг 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зарласан ч ямар нэгэн компани шалгараагүй. Тэгсхийгээд цуцлагдсан тендер аж. Өөрөөр хэлбэл, аль нэг компани шалгарч, ажил хийгдээгүй гэсэн үг. 2008 онд зарлагдаж байгаад сураггүй болсон тендерийн төлөө 2009 онд байр өгсөн, авсан хэрэгт талийгаач Д.Амарсайхан болон шүүгдэгч Х.Анхбаяр, Ц.Чандмань, Н.Отгонболд нарыг жил шахам шалгасан байна.
Өөр нэг нь Х.Анхбаярыг татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг. 2011 онд 12 тэрбум төгрөгөөр Х.Анхбаяр ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж авчээ. Ингэхдээ орлогын албан татвар болох 3.6 тэрбум төгрөгийг суутган авч төсөвт төлөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллажээ. Тусгай зөвшөөрлөө худалдаж байгаа хүн өөрөө орлогоо тодорхойлоод татвар төлөх хуультай. Харин худалдаж авч байгаа хүн өмнөөс нь татвар төлөх хуулийн үндэслэл байхгүй гэдгийг өмгөөлөгчид нь шүүх хуралдааны дараа хэлж байсан. Мөн яллаад буй Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд орлогоо нуусан, татвараа буруу тайлагнасан, хаягаа өөрчилсөн гэснээс бусдаас татварын мөнгө суутгаж аваагүй учраас татвараас зайлсхийсэн гэх үг, өгүүлбэр байдаггүй юм байна. Ийм л хуулийн хоёр зүйл ангиар бизнес эрхэлж байсан жирийн нэгэн иргэнийг жил шахам шалгаж, түүнд нь холбогдсон өөр нэгэн хүн шоронд, төрийн хамгаалалтад байхдаа амиа алдаад байгаа юм байна.

Ц.Цэрэнжээ: Нэг хүний амиар шорон тахилаа. Дахиад хүний амь үрэх хэрэгтэй юу?

Шүүх хурлын үеэр шүүгдэгч Х.Анхбаяр саналаа хэлэхдээ уйлсан юм. Тэрбээр “Би шоронд 11 сар хоригдлоо. Бие маань ч их өвдлөө. Удаа дараа хүсэлт тавьсан ч намайг батлан даалтад гаргасангүй. Гэхдээ би үүнд гомдож уйлаагүй. Найзыгаа шоронд алдсандаа харамсч, гомдож уйлж байна. Тэр хүнийг гэм буруутай гэж тогтоогоогүй. Хилс хэрэгт шалгагдаж олон сар хоригдож байгаад амиа алдчихлаа. Үнэхээр харамсалтай” гэлээ. Тэрбээр шоронд орсноосоо хойш 20 гаруй кг туржээ. Үнэхээр ч өвчтэй, ядарсан, турсан харагдаж байв. Хорих ангийн эмч нар хамгийн сүүлд бичиж өгсөн тодорхойлолтдоо “Х.Анхбаяр ходоодны архаг үрэвсэлтэй, нурууны арьсан доорх хавдрын эх үүсвэртэй” гэж оношилжээ. Энэ тухайд түүний өмгөөлөгч Д.Баярмаа “Энэ хүн хоригдоод хавдартай болсон. Хавдрыг нь хортой эсэхийг тогтоох шаардлагатай учраас батлан даалтад гаргаж өгөөч” гэсэн юм. Мөн Х.Анхбаярын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Энэ хэргийн эргэн тойронд сонин сонин юм тохиолдож байна. Хүний амь эрсэдлээ. Өмгөөлөгч зодууллаа. Шүүгдэгчдийг 50 тэрбум төгрөг идлээ, уулаа, угаалаа гэх зэргээр холбогдоогүй хэрэгт нь гүтгэж байна. Миний үйлчлүүлэгчийг мөнгө угаасан зэрэг маш том хэрэгт шалгаж байгаад тогтоогдохгүй болохоор ах, дүү нар нэгийгээ гэр орондоо байлгасан асуудалд холбогдуулж яллаж байна. Энэ хэргээс болж нэг хүний амиар шорон тахилаа. Одоо Х.Анхбаяр, Ц.Чандмань нарын бие муу байна. Дахиад хүний амиар шорон тахих юм уу. Төрийн хамгаалалтад байсан хүний толгойноос үс ч унах ёсгүй. Гэтэл хүн шоронд ороод нас барлаа. Миний үйлчлүүлэгч хавдар тусчихлаа. Батлан даалтад гаргаач гэж хүсэлт тавихаар “Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нотлох баримт цуглуулж байна. Гүйцэтгэх ажлын баримтаар буруутай нь тогтоогдож байгаа” гэдэг. Тэр нотлох баримтыг хармаар байна” гэлээ. Тэгэхэд шүүгч “Тийм баримт байхгүй байсан. Тийм үү, прокурор оо” гэж асуухад яллагч “Байхгүй” гэж хариулж байв. Үүнээс болж өмгөөлөгч “Байхгүй гэдгээ бичгээр өгөөч. Байхгүй бол та нар 11 сар хүнийг хууль бусаар хорьсон байна шүү” гэхэд танхимд байсан хүмүүс “Шалтгаангүйгээр хүнийг хорьж байсан байна” гэх зэргээр орилолдож байлаа.
Шүүгдэгч Ц.Чандмань хоёр дахиа хоригдоод сар гаруй болж байгаа аж. Түүний бие сайнгүй байгаа нь царайнаас нь харагдсан. Түүний өмгөөлөгч Д.Баяраа “Миний үйлчлүүлэгч Д.Амарсайхан талийгаачтай адил нойр булчирхайн архаг үрэвсэл гэсэн оноштой, бие нь хүнд байгаа. Батлан даалтад гаргаснаас хойш цагдан хорихоос аргагүй ноцтой зөрчил гаргасан бол хорих учиртай. Гэтэл өглөө бүр АТГ-т ирцээ бүртгүүлээд уяатай нохой шиг явж байхад дахиад хорьсон нь ямар учиртайг тогтоомоор байна” гээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхийг хүссэн юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Х.Анхбаяр, Ц.Чандмань нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.

Өмгөөлөгчийг хэн, ямар учраас зодов

Шүүх хуралдаан хойшлох болсон шалтгаан нь Н.Отгонболдын өмгөөлөгч О.Сайнгэрэл өвчтэй байснаас үүдсэн. Тэрбээр уржигдар орой ажил дээрээ байж, шүүх хуралдаандаа бэлтгэжээ. Улмаар 21.00 цагийн орчимд гэрийнхээ орцонд ортол үл таних этгээд нүүр рүү нь хүчтэй цохиж, гэмтээгээд зугтсан байна. Гэмт этгээд дээрэмчин үү гэвэл үгүй. Өмгөөлөгчөөс юу ч аваагүй. Танхай этгээд үү гэвэл үгийн зөрөөгүй нэг цохичихоод л зугтчихсан байгаа юм. Эмэгтэй хүнийг гэрийнх нь орцонд шалтгаангүйгээр зодож байгаа нь сонин. Тэр тусмаа оролцогч нь төрийн хамгаалалтад байхдаа нас барсан хэргийн тухайд гайхаш төрүүлж байгаа юм. Өмгөөлөгчид халдсан шалтгааныг хуулийнхан тогтоох биз гэж тэнд байсан хүмүүс ярьж байлаа.

“Хуулийнхан хүний мөстэй бол эмгэнэл илэрхийлж болно доо”
Шүүх хуралдаанд Д.Амарсайхан агсны ах, гэр бүлийнхэн нь ирсэн байлаа. Тэнд байсан хүмүүс “Батлан даалтад гарч эмчлүүлэх хү­сэлт тавиад байхад шүүгч, прокурор хүлээж аваа­гүй­гээс болж хүний амь эрсэдсэн. Тиймээс шүүгч, прокурор хуралдаан эхлэхэд талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, төрийн өмнөөс уучлал гуйх байх гэж хүлээж байлаа. Ядаж хүний мөстэй бол эмгэнэл илэрхийлж болно доо. Гэтэл тэдэнд тийм хүн чанар, зориг алга. Юу ч болоогүй юм шиг муухай харчихаад хуралдаанаа эхэлчихэж бай­на. Шүүгдэгчийн ширээнд суугаад гэм буруугаа шүүлгэх учиртай нэг хүн амиа алдсан гэдгийг тоож байгаа ч юм алга. Энэ бол хүний амь эрсэдсэнд шүүгч, прокурор цочроо аваа­гүйн илрэл. Хуралдааныг хара­хад шүүгч, прокурор хоёр нэг тал болчихож. Өмгөөлөгчийн үгийг огтхон ч сонсохгүй байна” гэцгээж байв.

Ц.Өрнөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *