Categories
мэдээ нийгэм

Шог зураач, боксын спортын мастер Д.Сүхбаатар: Надад хоногийн 24 цаг багаддаг


Нөхөрсөг шог зураач, зэвсэгт хүчний офицер, боксын спортын мастер Д.Сүхбаатар гуай хүнийг гурван минутанд багтааж зурдаг. Биллиард, хөл бөмбөг, спорт заагасчлал зэргээр хичээллэж байсан. Түүгээр ч зогсохгүй цөөнгүй кинонд дүрээ мөнхөлж амжсан завгүй энэ эрхэмтэй ярилцлаа.


Сайн байна уу. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

За сайн байна уу. Намайг Дамдинсүрэнгийн Сүхбаатар гэдэг. 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Зэвсэгт хүчний офицер хүн. Одоо би гавьяаны амралтандаа гарчихсан байгаа. Миний үндсэн мэргэжил цэргийн улс төрийн ажилтан. Гэхдээ бүр багаасаа, арван жилийн 7-р ангийн хүүхэд байхаасаа л зураг зурж эхэлсэн. Хэдийгээр офицер хүн ч гэсэн зураг зурах сонирхлоо орхиогүй. Эхэндээ зураг харж зурдаг байгаад дараа нь өөрөө зохиомжилж зурдаг болсон.

Анх яаж зурж сурсан бэ. Зургийн дугуйланд явах юм уу эсвэл хэн нэгнээр заалгаж байв уу?

Үгүй ээ, өөрийн минь л сонирхол байсан. 1975 оны үед улс төрийн яриа лекц сонсоод сууж байхдаа хажуудах хүмүүсийг жижигхээн цаасан дээр зураад өгдөг байсан. Тэрнээс л үүдэж хүн зурах сонирхолтой болсон болов уу.

Хэзээнээс нөхөрсөг шог зураг зурж эхэлсэн бэ?

1982 онд Үлаан-Үүд суманд анх яруу найрагч П.Бадарч гуайг зурсан зургаар миний нөхөрсөг шог зураг зурах ажил эхэлсэн. Тэрнээс хойш өдий хүртэл зурж байна. Энэ хугацаанд дөрвөн удаа нээлттэй үзэсгэлэн гаргасан. Олон сонин хэвлэлд зурсан зургаа нийтлүүлсэн дээ. Зураг зурдаг байснаас шүлэг энэ тэр оролдож байгаагүй. Тэгээд сонины газруудад яваад очихоор дөрвөн мөр элэглэл нэмчихвэл ч гээд болдоггүй.Би ийм зураг зурсан юм, энэнд тааруулаад дөрвөн мөрт элэглэл бичээд өг гэж хэнийгээ ч гуйж явахав. Саваагүйтэж өөрөө оролдож үзтэл нөгөөх маань амжилттай болоод сонинд элэглэлээр гардаг болчихсон.

Таны бүтээлүүд хэдий үед, ямар ямар сонинуудад гарч байв?

Дээр үед “Үнэн”, “Хөдөлмөр”, “Утга зохиол урлаг” сонин бас “Тоншуул” сэтгүүлд гарч байлаа. Сүүлд зах зээлд орсноос хойш “Зууны мэдээ” сонины “Өөр мэдээ” гэдэг сонин байсан. Тэрний “Өөр инээмсэглэл” буланд жил найман сар гаргалаа. Бямба гараг бүрийн амралтын дугаарт зурсан зураг элэглэл маань тавигддаг байсан. Бас “Өнөөдөр” сонины “Таван цагираг” дээр гарч байсан.

Та нийт хэчнээн элэглэл бичиж, хэдэн зураг зарсан байна, багцаагаар?

Маш олон элэглэл бичжээ. 10-аад шүлэг бичсэн. Хоёр шүлэгтээ ая хийлгэсэн. Зарим нь дуулагдсан.

Зургийн хувьд бол тоогоо алдсан. Миний Драмын театрын 60 жилийн ойд зориулж зурсан зурагнуудыг нэг япон бүсгүй бөөнд нь худалдаад авчихсан.

Хэдэн төгрөгөөр худалдав?

Би зурагаа үнэ хүргэж мэдэхгүй. Зураг зарж үзээ ч үгүй. Өөрөө мэдээд л ав гэсэн. Тэгсэн нэлээн хэдэн доллар өгөөд л аваад явсан. Тэр хүн өөрөө Драмын театрын 60 жилийн ойд уригдаж ирсэн байсан. Тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүсийг л зурсан юм л даа, би.

Та өнгө будгаар ялгаж зурдаг уу, эсвэл дан хар цагаанаар зурдаг уу?

Тосон будгаар, гуашаар өнгөт зурагнууд ч зурж байсан. Хар цагаанаар ч зурдаг. Сайн зураач нарын зургийг хуулах маягтай ч зурж байсан. Их л зүйл оролдож саваагүйтэж үзсэн дээ.

Хэзээ анхны үзэсгэлэнгээ гаргасан бэ?

1991 онд анх нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Өөрөө цэргийн хүн болохоор Офицеруудын ордонд гаргасан. Тэрнээс хойш нээлт хийж телевизүүд ирж дөрвөн удаа үзэсгэлэн гаргасан. Драмын театрын 60 жилийн ой, Монгол боксын 70 жилийн ойгоор бас үзэсгэлэн гаргасан шүү.

Одоо энэ зурсан зургуудаараа ахиж үзэсгэлэн гаргах уу?

Долоо дахь үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа. Үзэсгэлэнгийн зурагнууд маань өнгөт болон хар цагаан холимог.

Танай хүүхдүүд дунд тантай адил зурах сонирхолтой хүн байгаа юу?

Манай том охин Шинэцэцэг монгол зургийг надаас илүү зурна. Арьс, ширээр урлал хийдэг. Англи хэлний мэргэжилтэй. Манай хүү Шинэбаяр харин намайг дуурайгаад боксоор хичээллэдэг. Анхны багш нь би. Миний хүү Монгол улсын аварга, Монгол улсын мэргэжлийн боксын аварга, Байгаль сэтгүүлийн ОХУ-ын том тэмцээний аварга, Зүүн Азийн наадмын хүрэл медальтай, Английн аварга, Английн нээлттэй аваргын цэнхэр бүстэй, Монголын аваргын бүстэй. Монголын анхны аваргын бүсийг зүүсэн. Английн иргэн болсон хүн зүүдэг хамгийн хүндтэй бүсээ сая ирэхдээ надад бэлэглээд явсан. Англид эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Английн Манчестер хотод боксын клуб ажиллуулдаг. Энэ миний хувьд их том бахархал шүү.

Зурагнуудаараа ном гаргаж байв уу?

Өмнө нь нэг жижиг цагаан ном гаргаж байсан. Тэр ч нэг их өөдтэй юм болоогүй. Нэг сэтгүүлч, нэрийг нь хэлээд яахав, цуврал юм чинь хаа хамаагүй шинэ юмнуудтайгаа холиод гарга гэсэн. Тэр их буруу болсон. Бүр дээжилж чанартайг нь сонгож гаргах байсан юм байналээ. Одоо ахиад нэг шинэ ном гаргах гээд ажилдаа орчихсон байгаа.

Та “Тэнгис” кино театр дотор сууж зурдаг шүү дээ. Ингэе гэж та өөрөө анх санаачилсан уу?

Би өөрөө л санаачилсан. “Тэнгис” кино театрынхан ч намайг маш сайхан хүлээж авсан. Би өмнө нь 1991 онд Ард кино театр дээр суугаад зурдаг байлаа. Тэр үед үнэгүй зурдаг байсан. Мөнгө өгвөл л авдаг. Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим дотор зураач нар дунд хоёр сандал, нэг ширээ тавьчихаад “Зурж байна” гэсэн бичиг хадчихсан суудаг байлаа. “Тэнгис” кино театрын зарирал Энх-Амгалан өөрөө спортын хүн. Би бас боксын спортын мастер, тулааны спортын тайлбарлагчийг 23 жил хийсэн. 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн Олимпыг 25-р суваг телевизээр бүтэн тайлбарласан шүү дээ. Эндээ суугаад нэг жил болоход “Тэнгисийн өвөө” гэдэг нэртэй болсон. Өмнө нв “боксын Сүхээ ах” гэдэг нэртэй байсан юм.

Та нэг хүнийг ойролцоогоор хэр хугацаанд зурдаг вэ?

Гурван минутанд л зурчихдаг юм. Хэтэрхий үс гэзэг болсон төвөгтэй тийм хүн таарвал 4, 5 минут л болно.

Зургаа зуруулчихаад голох, гомдоллох тохиолдол гарч байв уу?

Үгүй ш дээ. Ихэвчлэн баярлалаа, адилхан болсон байна гэсэн урмын үгийг сонсч байсан. Тэрнээс, өө та хамрыг минь ондоо зурчихсан байна, далий муруй болчиж гэж өдийг хүртэл нэг ч удаа сонсоогүй л явна.Гурав дахь үзэсгэлэнгээ гаргасны дараа юмдаг. Танхимдаа түрээс төлдөг болохоор билет тасалж оруулаад, орж ирсэн улсуудыг зураад сууж байсан чинь ардын зураач Одон гуай ороод ирсэн. Бас болоогүй офицер хувцастай танилцуулга тавьчихсан, тэрийг уншаад байхаар нь гүйгээд очтол хэрэггүй миний хүү. Чи очиж тэр хүнээ зур, би чам дээр өөрөө очно гээд. Тэгээд над дээр хүрч ирээд “За баяр хүргэе. Заавал зургийн сургуульд сурч байж зурж сурдаг юм биш. Тэнгэрийн хишгээр зурдаг юм. Чамд бурхнаас өгсөн авьяас юм шүү. Би бол гадаад дотоодод зургийн сургууль төгсөж ирээд надаас өөр хүн зурж чадахгүй гэх нь холгүй амьтан ирсэн. Тэгээд намын төв хорооноос даалгавар аваад шог зураг зурах гэтэл тав хоног ноцолдоод байраагүй. Миний хийдэг ажил биш юм байна гээд орхиосон. Чи бол хүн зураад гурав дахь үзэсгэлэнгээ гаргаад сууж байна. Энэ ажлаа цааш нь үргэлжлүүлээрэй” гээд их сайхан урам зориг өгч байлаа.

Танаар шог зураг зурахыг заалгах санал ирж байв уу?

Зөндөө ирж байсан. Зургийн сургууль төгссөн хүн ч ирээд шавь болъё гэж байсан. Цаг зав муу, тэгээд ч би ямар сургуульд нь сурч байсан юм биш учраа хэлээд л татгалздаг. Надад хоногийн 24 цаг багаддаг. Эрүүл мэнд хамгийн чухал учраас спортоор хичээллэхдээ цаг гаргах хэрэгтэй гэж боддог.

Хэзээнээс боксоор хичээллэж эхэлсэн бэ?

Би 10 жилээ төгсөөд, сургууль дээрээ ирсэн хувиараас зургийн сургууль, цэргийн сургууль байна уу гэж асуухад аль аль нь байгаагүй. Тэгээд шууд цэрэгт яваад тэндээсээ намын гишүүн болсон. Цэргийн сургуульд сураад офицер болсон доо. 70-аад оноос цэрэгт яваад л бокс тоглож эхэлсэн.

Боксын спортоороо ямар ямар амжилт гаргаж байсан бэ?

Энд их сонин юм яригдана. Монголд 21 орчим тулааны спортын төрөл байдаг. Тэрнээс би арван дөрөв, тавыг нь шүүсэн хүн. Надаас олон төрөл шүүсэн хүн Монголд одоохондоо байхгүй. Тэгээд яриад ирэхээр би хүн бэлдэж дасгалжуулна. Хажуугаар нь тулааны тэмцээн болохоор тамирчдыг нь сонгож, техникийн зөвлөгөөнийг нь хийлцэж, хэвлэлийн бага хурлыг нь хөтөлж, тэмцээн болохоор тэмцээн дээр шүүгч, хөтлөгч, тайлбарлагч хийнэ. Эхлэхээс нь дуустал нь л хамт байдаг байлаа.Тэгээд залуудаа бэртэл аваад тэмцээн уралдаан гэж яваагүй. Энэ спортод хүчин зүтгэж, сэтгэл зүрхээ зориулсныг минь үнэлж намайг мастер цолоор шагнаж байсан.

Та түрүүнд билльяард тоглож байгаад ирлээ гэсэн. Хэзээнээс тоглож эхэлсэн бэ?

Өдөрт хоёр, гурван цаг бэлтгэл хийдэг. Чадвал билльяардаар мастер хийчих юмсан гээд зүтгэж яваа. 1982 оноос тоглож эхэлсэн. 1996 он хүртэл орос билльярд тоголсон. Тэрнээс хойш спорт загасчлал хийж баахан загас сүйтгэсэн. Сүүлд нь больсон.Буцаад снүүкер билльяард руугаа орж улсын аварга шалгаруулах тэмцээнд найман жил тоглож байна. 60 хүрээгүй байхдаа 45-аас дээш насны залуучуудад навсайтлаа хожигдож байсан. Одоо 60 хүрээд ахмадынхдаа орж байна. Билльяард тоглодог надаас олон ах улсууд ч бий. Монгол улсын долоон удаагын аварга Т.Алтанцог гэж хүн байна. Намайг өлхөн хожно шүү дээ. Би бас ахмадын хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа орж үзсэн. Хоёр жилийн өмнө хөлдөө зөөлөн эдийн гэмтэл аваад одоо тоглож чадахгүй байгаа.

Танай гэр бүлийнхэн таны энэ олон хоббиг хэрхэн хүлээж авдаг вэ?

Их сайхан дэмжинэ. Намайг гэр бүлийн бахархал гэдэг. Архи, пиво, тамхины алийг нь ч хэрэглэхгүй өөрийгөө хөгжүүлээд, эрүүл мэндээ бодоод спортоор хичээллээд бас ч гэж чамгүй амжилтанд хүрээд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа юм чинь.

Энэ олон спортоор хичээллээд, архи тамхи хэрэглэдэггүй юм чинь эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх тийм үү?

Хааяа зураг зураад шөнө дүлээр суучихаар даралт жоохон ихэснэ. Одоо хоёр номны зураг зураад нэлээд завгүй байгаа. Хөдөлгөөн дутагдах гээд байхаар нь билльяардаа тоглоод сүүлийн хоёр сард 8кг жин хассан. Хажуугаар нь эрүүл хоол хүнс иддэг.

Сая та хоёр ном гэлээ. Нэг нь ямар ном бэ?

-Фитнессийн ном зурж байгаа.

Энэ их ажлыг яаж амжуулж байна?

Өглөө дөрөв, тав гэж босоод шүлгээ бичээд, зурагаа зураад, автобусанд явж байхдаа номоо уншина. Билльяардаа тоглочихоод орой “Тэнгис”-ийн сүүлийн үзвэр хүртэл зурагаа зураад гэртээ харьдаг. Хааяа үздэг киногоо өглөө нь ухрааж үздэг. Би одоо 37-р точка киног үзэж байгаа. Тавдугаар анги дээр нь миний тоглосон хэсэг байдаг. Энэ миний оролцсон тав дахь кино.

Өмнө нь ямар ямар кинонд тоглосон бэ. Ямар ямар дүр бүтээж байв?

“Аз ойрхон”, “Үндэсний баялаг”, “Гэрлэн дохио”, “Миний супер аав”, “Ханиа даргад үнсүүл” гэх зэрэг кинонуудад боксын дасгалжуулагч, шүүгчийн дүрээр өөрийгөө дэлгэцэнд мөнхөлсөн.

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

М.БОЛОР-ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *