Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээг хийж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит хурлаа хийж, нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

  • Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний сорьц нь өчигдөр наашаа гарч, өнөөдөр өглөө ирсэн. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторид шинжилгээ хийж байна.
  • ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж буй 28 хүний биеийн байдал тогтвортой дунд, хоёр хүн нь хүндэвтэр байгаа.
  • Энэ бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. ДЭМБ-аас цар тахал гэж зарласан нь халдварын тархалтын цар хүрээ нэмэгдэж, бүх улс оронд халдвар тарах эрсдэл өндөр болсон үед дэлхийн улс орнууд анхаар гэсэн дохио юм. Манай улс зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа тусгаарлаж, хавьтлуудыг хяналтдаа байлгаж чадаж байгаа. Гэхдээ энэ бол шинэ вирусийн халдвар учраас эдгэрсэн ч дахин өвчлөхийг үгүйсгэхгүй, шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүмүүсийг байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс хэзээ ч гарах эрсдэл байгаа гэж бодож, хүн бүр анхаарал сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

  • Нүүдлийн шувуугаар дамжин коронавирусийн халдвар ирсэн, тархаах магадлалтай тухай мэдээлэл, судалгаа одоогоор байхгүй. Харин гэрийн тэжээвэр амьтдаас шинэ коронавирус илэрсэн. Ингэхдээ эзнээсээ халдвар авч өвдсөн байгаа. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гэрийн тэжээвэр амьтдаа дагуулан гадагш гарахгүй байх, гарсан тохиолдолд хүнээс 1.5 метрээс багагүй зайтай байлгах зөвлөмжийг гаргасан.

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авсан. Тэднийг хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авчирч, шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахад есөн сурагчийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг мөн мэдээллийн үеэр онцолсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *