Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг Монголын тал хүлээж байгаа. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Эрдэнэс Монгол” ХХК болон “Шинэ Шивээ” ХХК-иуд хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрхи үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд багтаан байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа юм.
Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчийг экспортлох боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.