БШУЯ, ШУА хамтран зохион байгуулж буй “Хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтыг шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн удирдлага болон менежментийн чадавхыг сайжруулах, судлаачдын чадавхыг дээшлүүлж, хүний нөөцийг хөгжүүлэн бэхжүүлэх, чадварлаг эрдэмтдийг бэлтгэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй юм.
Тус сургалтад шинжлэх ухааны салбарын Эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, байгууллагын удирдах ажилтан, захирал, ЭНБД нар, хүний нөөц хариуцсан нийт 90 орчим ажилтан, албан хаагч хамрагдаж байгаа юм.
Энэхүү сургалтад сууснаар мэргэжилтнүүд байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан хүний нөөцөө хэрхэн зөв удирдан манлайлах, байгууллагын хүний нөөцийг тасралтгүй бэлтгэх, мэдлэгийг зөв хуваарилах, ажлын байран дахь сургалт хөгжил, үнэлгээ, урамшуулал, төрийн албаны шинэчлэлийн систем, салбарын эрх зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны сэтгэл зүй зэрэг мэдлэг мэдээллийг олж авах юм.
“Мэргэжлийн өндөр ур чадвартай мэдлэг боловсролтой ажилтан, албан хаагч нь тухайн байгууллагын хамгийн үнэ цэнтэй хүмүүн капитал бөгөөд, байгууллагын хөгжил, стратегийн зорилтын хэрэгжилт, хүний нөөцийн хангамжийг тасралтгүй сайжруулахад шийдвэрлэх үүрэгтэй. Тэгвэл шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн удирдлага, манлайлал, боловсон хүчний хангамж, ажлын байран дахь сурч хөгжих боломж буюу давтан сургах хэрэгцээ шаардлага их боловч энэ чиглэлийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаа дутмаг байна. Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлийг даган Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны менежмент, хүний нөөцийн удирдлага, манлайллын ур чадварыг дээшлүүлэх замаар байгууллагын хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлж байгууллагын стратеги зорилгыг хангах, байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан орон тоо, албан тушаал бий болгох хэрэгцээ, шаардлага тулгарч байна” гэдгийг зохион байгуулагчид тодотгов.
Сургалт гурван өдөр үргэлжилнэ.