Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 3 дугаар сарын 12-ны өдөр болж, чуулганаар ШУА-ийн “2014 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан”-г хэлэлцүүлэн дүгнэж, 2015 оны зорилтоо тодорхойлов. Чуулганд их, бага чуулганы гишүүд, хүрээлэн, төвийн захирлууд, Засгийн газар, БСШУЯ-ны албаны хүмүүс оролцов.
Чуулганыг нээж ШУА–ийн ерөнхиийлөгч, академич Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ:
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагаас харахад улс үндэстэн бүрийн тогтвортой хөгжих чадвар нь үндэсний шинжлэх ухааны чадавхиас хамаарах болж байна. Энэ бол Будапештийн тунхаглалд онцлон тэмдэглэсэн “хөгжихийн тулд мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох, шинжлэх ухаанд суурилсан нийгэм байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийн баталгаа мөн юм.
2014 он бол Монгол улсын төр засгийн газраас шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд анхаарал тавьсан жилүүдийн нэг болов.
Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ШУА-ийн харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж улмаар “Шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргав. Уг тогтоолоор Шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, судалгааг улс орны хөгжлийн тулгамдсан асуудалд төвлөрүүлж үр өгөөжийг дээшлүүлэх, ШУА, түүний бүтцийн академийн бие даасан байдлыг хангаж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд санхүүгийн чадавхиа сайжруулж олон эх үүсвэрээс орлогоо бүрдүүлэх, захиран зарцуулах боломжоор хангах зорилтыг дэвшүүлж, Засгийн газарт энэ талаар тодорхой чиглэл өгсөн билээ.
Монгол Улсын Засгийн газраас гарааны компани байгуулах журмыг баталсан нь оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.
Шинжлэх ухааны салбаруудын төлөөлөл болсон 231 эрдэмтэд бага чуулганыг бүрдүүлсний 33% нь ШУА-ийн харъяа ЭШБ-ыг, 39% нь их сургуулиудыг төлөөлж байна.
Судалгааны ажлын чанар сайжруулах, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилтыг дэвшүүлэх, хүний нөөцийн бодлогын баримт бичиг, хүний нөөцийн стратеги төлөвлөгөө боловсруулах, шинжлэх ухааны хөгжилд төр, хувийн хэвшлийн олон талт оролцоог хангах, өөрийн судалгааны сүлжээг оновчтой болгох, бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үр дүнг нь зөвлөмж болон бусад хэлбэрээр төр засгийн төв, орон нутгийн байгууллагад хүргэх, гадаад харилцааг өргөтгөн үр өгөөжийг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллав.
Манай эрдэмтэд 2014онд 147ном, нэг сэдэвт бүтээл (гадаадад 30), эрдэм шинжилгээний өгүүлэл 854 (гадаадад 296, дотоодод 558), эрдэм шинжилгээний илтгэл 796 (гадаадад 255, дотоодод 541), нийт 1797 бүтээл хэвлэн нийтлүүлсэн байна. Түүнчлэн патент 7, технологи 5, стандарт 26, аргачлал, заавар, зөвлөмж 44, зохиогчийн эрх 12, ТЭЗҮ, зураг, каталог 118-г бүтээсэн ба өнөөдрийн байдлаар ШУА нийт 102 патент, мөн тооны технологи, стандарт эзэмшиж байна. Түүнчлэн “Соёлын өвийн тухай хууль”-ийн хүрээнд нийт 63 удаагийн авран хамгаалах хайгуулын судалгааг эрхлэн гүйцэтгэсэн байна.
Томсон Ройтерс /Thomson Reuters/-ийн Веб офсайнс /WoS/ сайтын мэдээгээр Монголоос ОУ-ын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн нийт бүтээлийн 52,5 хувь нь гадаадад хэвлүүлсэн бүтээлээс авсан нийт ишлэлийн 74 хувь нь ШУА-ийн эрдэмтдийн бүтээлд ноогдож байна.
ШУА 2014 онд дэвшүүлсэн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтын хүрээнд: Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах технологийг Бор-Өндөрийн үйлдвэрт нэвтрүүлж, утаагүй түлшний үйлдвэрийг хувийн сектортой хамтран Чойрт байгуулав. Жилд 10,0мянган каракуль үүлдрийн хурганы арьс үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Сүмбэр” омгийг өсгөн үржүүлэх ферм байгуулав. Хими, химитехнологийн хүрээлэнд Талимоны тосон түрхлэгийг үйлдвэрлэх цех байгуулав. Технологийн инку-батораас гадаадын EM технологийг нутагшуулж, кальцжуулсан давс, уургийн бэлдмэл, чацаргана, гүүний саам хуурайшуулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ДЦС-ын хаягдал үнсэнд суурилсан барилгын материал үйлдвэрлэх технологи, байгалийн гаралтай уурагт витамины нэмэлт тэжээл үйлдвэрлэх технологи, хаягдал шилийг дахин ашиглаж шил шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, гудамж, замын гэрэлтүүлгийн автоматжуулсан систем зэрэг бизнесийнхэнд санал болгох патент, технологи цөөнгүй байна.
Монголын эрдэмтэн судалгааныхаа үр дүнгээр мэдлэгийн үйлдвэрлэлийг урагш ахиулсан дүнтэйгээр 2014 оныг үдлээ.
Монголын эрдэмтдийн бүтээл гадаад дотоодод өндөр үнэлэлт авсныг онцлон тэмдэглэж байна. Академич Х.Намсрай Чингис Хаан одон, Академич Д.Цэрэнсодном Олон Улсын Алтай судлалын Алтан медаль. Академич Ж.Тэмүүжин Хумбольдын сангийн Георги Форстерийн шагнал, Академич О.Төмөртогоо, Доктор Базаргүр нар Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Доктор С.Чулуун ОХУ-ын Дорно Дахины Судлалын дээд шагнал, Доктор Н.Эрдэнэчимэг Азийн шилдэг эмэгтэй судлаач шагналаар шагнагдсаны дээр гуравдагч орны академийн шагналаар 2, Улсын Ерөнхийлөгчийн шагналаар 3 залуу эрдэмтэн тус тус шагнагдлаа.
Монгол Улсын ШУ боловсролын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал Онходын Жамъянгийн 150 жилийн ой, Академич Д.Бадгаагийн 80 жил, Академич Т.Пунцагийн 90 жил, Академич Ч. Сэрээтэрийн 90 жилийн ойг тус тус тэмдэглэв.
2015он гараад Монгол Улсын Засгийн газрын Шийдвэрээр шинжлэх ухааны байгууллагад бүтцийн өөрчлөлт хийлээ. Одоо бид Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, судалгааны ажлын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд бид хамтын оюун ухаанаа дайчлан ажиллах болно.
Улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг өсгөх нь мэдлэгийн хэрэглээ, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийн идэвхжилээс шууд хамаарч байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар Монгол улс 148 орноос 107-д, инновацийн түвшингээр 109 дүгээр байранд орсон байна.
Монголын эдийн засагт технологижсон, оюуны үйлдвэрлэл 17 орчим хувь байхад экспортод нам технологитой бүтээгдэхүүн 16 хувийг, түүхий эд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 83 хувийг эзэлж байна.
Энэ бол нэг талаас шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл үйлчилгээний салбарт нэвтрүүлж, инновацийн үйл явцыг өргөтгөх хэрэгцээ шаардлага байгааг, нөгөө талаас мэдлэгт тулгуурласан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого боловсруулах цаг нь болсныг гэрчлэн харуулж байна.
XXI зууны шинжлэх ухаан, технологийн бодлогод бүтээн туурвих эрх чөлөө, шинжлэх ухааны ёс зүй, залгамж чанар уламжлагдахын зэрэгцээ шинжлэх ухаан нарийсахын хирээр интеграцчлагдах болж, судалгаа боловсруулалтын үр дүнг арилжааны хэлбэрт шилжүүлэн баялаг бүтээх, мэдлэг оюун, шинжлэх ухааны ололтыг өргөн олон нийтэд хүргэж, шинжлэх ухааныг түгээмэлжүүлэх, шинжлэх ухаанлаг боловсролыг төлөвшүүлэх зэрэг шинэ шинэ зорилтууд гарч ирсээр байгаа билээ.
ШУА нь 2013-2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэчлэлийн чиглэлийг:
•Хатуу дэд бүтцийг сайжруулах
•Зөөлөн дэд бүтцийг чанаржуулах
•Менежментийн шинэчлэл хийх
•Шинжлэх ухааны хөгжилд оролцоо, хамтын ажиллагааны үүрэг ролийг дээшлүүлэх хэмээн тус тус тодорхойлонажиллаж байна.
ШУА-ийн 2015 оны үйл ажиллагааны тэргүүлэх зорилт нь:
•Монголын хөгжлийн ШУ-д суурилсан чадамжийг дээшлүүлэх;
•Өөрийн орны бренд судалгааг өргөтгөх;
•Бүс нутаг дэлхийд танигдсан судалгааны үр дүнг нэмэгдүүлэх;
•ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг гаргаж, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх ЭША-ыг доктрантурын сургалтанд хамруулах хүрээг өргөтгөж, чанаржуулах;
•Төр засгийн байгууллага орон нутаг хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад тэдний оролцоог ханган ажиллах зэрэг болно.
ШУА–ийн 2014 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны талаар Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар тавьсан илтгэлдээ:
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын санаачлагаар хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнтэй холбоо тогтоож, БСШУЯ, ШУТИС-тай хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлт” сургалт семинарыг зохион байгуулснаар шинжлэх ухаан, технологийн салбарын статистик үзүүлэлтийг гаргах, фраскатигийн аргачлалыг хэрэглэх эхлэлийг тавив.
Залуу судлаачдыг дэмжих, тэднийг чадавхижуулах, судалгааны арга зүй эзэмшүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Springer Science Business Media компанитай хамтран Нээлттэй мэдээллийн өдөрлөг, эрдэм шинжилгээний бага хурал, семинаруудыг олон чиглэлээр зохион байгууллаа.
Линдаугийн сантай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу залуу судлаачдыг ШУА-ийн Залуу эрдэмтдийг дэмжих сангаас шалгаруулан санхүүжүүлж Германд болдог Нобелийн шагналтнуудын жил бүрийн уулзалт, лекцэнд оролцуулж байна гэж тэмдэглээд дараах шинэлэг үр дүнгүүд гарсан гэж илтгэлээ.
ТӨР ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТАЛААР
2014 онд бодлого боловсруулах, шийдвэр гаргахүйл ажиллагаанд чиглэсэн 44 үр дүнг холбогдох газруудад зөвлөмжийн болон бусад хэлбэрүүдээр хүргүүлсэв. Тухайлбал:
•“Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зөвлөмж;
•“Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурлын зөвлөмж;
•Ази–Европыг холбох Эрээнцав-Бичигт-Зиньжоу эдийн засаг, тээврийн шинэ хонгил байгуулах тухай бодлогын санал зэргийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн;
•Их, дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалт. Экспертийн судалгааны зөвлөмжийг боловсруулж БСШУЯ-нд хүргүүлсэн;
•БНХАУ, ОХУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, ач холбогдол;
•“БНХАУ-ын хөгжилд шинжлэх ухааны салбарын гүйцэтгэж буй үүрэг, инновацийн бодлого, хөгжлийн төлөв” зөвлөмжийг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн;
•Монголын геополитикийн дэд бүтцийг байгуулах тухай /developingmongolia’s geopolitical infrastructure/ бодлогын зөвлөмжийг монгол, англи хэлээр боловсруулав;
•Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа;
•Үйлдвэржилтийг дэмжих арга замын тухай;
•Монгол улсын төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой эрх зүйн орчны өнөөгийн байдлын судалгаа;
•Малын гаралтай түүхий эдээс уураг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж;
•Сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөв, иргэдийн оролцоог үр дүнтэй ашигласан туршлага, сургамж;
•Хөгжлийн урт хугацааны бодлого;
•Ногоон хөгжлийн бодлого зөвлөмжийг боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна
•Говь-Алтай аймгийн хойт сумдын (Бугат, Тонхил, Төгрөг, Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир) нэн ховор, ховор, ашигт ургамлын тархац, нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зөвлөмж.
•Сүхбаатар аймгийн ашигт ургамлын тархац, тэдгээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зөвлөмж.
•Ховд аймгийн ашигт ургамлын тархац, тэдгээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зэрэг зөвлөмжийг боловсруулж, холбогдох газруудад хүргүүлсэн байна.
Дэлхийн Өвийн Монголын урьдчилсан жагсаалтыг шинэчлэн боловсруулах төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцон ажиллаж “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”, “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалууд”, “Монголын говь нутаг дахь хадны зургийн цогцолбор дурсгалууд” өвийн тодорхойлолтыг холбогдох журмын дагуу боловсруулж Монголын Байгаль, соёлын өвийг хамгаалах санд хүлээлгэн өгөв.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас санаачлан БОНХЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж боловсруулав.
“Мансууруулах, донтуулах төрлийн ургамлын тархац-нөөц тогтоох” судалгааг гүйцэтгэж, харьцангуй түгээмэл, аймгуудын 57 хувьд тархалттай, мансууруулах, донтуулах үйлдэлтэй 2 зүйл ургамлын тархалт нөөцийг тогтоон, тархалтын цэгийг тэмдэглэн хууль хяналтын холбогдох байгууллагадшилжүүлснээр тухайн ургамлыг хяналтанд авах боломж бүрдэв.
Соёлын өвийн тухай Монгол улсын хуулийн дагуу эртний амьтан, ургамлын үйлдвэрийн тархалт, тэдгээрийн хөндөгдөх боломжийг судлан тогтоох ажиллагааг 63 компани, байгууллагын талбай, газарт явуулж, тайлан, дүгнэлт гаргажээ.
Төмөр замын трассын нийт 1800 км урттай талбай газарт эртний амьтан, ургамлын хайгуул судалгааны нэгдүгээр шатны ажлыг гүйцэтгээд байна.
Нийт 19 аймгийн 117 сумын нутаг дэвсгэрийн хүрээнд явуулсан авран хамгаалах хайгуулах явцад 151 талбайгаас 5128 дурсгал шинээр илрүүлэн улсын хамгаалалтанд оруулаад байна.
Хот төлөвлөлт, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжлийн болон мэдээлэл технологийн чиглэлээр нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллаж, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн баазыг түшиглэсэн Нээлттэй одон орон төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалт, бохирдлын үнэлгээний 1:25000 масштабтай зураглалыг гаргаж, oршин суух экологийн таатай орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, хяналт тавих, үнэлэмжийн зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэв. Туул, Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ боловсруулав.
Манай эрдэмтэд устах аюулд орсон Мазаалай баавгайн хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулахын тулд ангилал зүйн асуудлыг шийдэх, тоо толгойн хэлбэлзэлийг гаргах судалгааны ажлыг гүйцэтгэснээр мазаалай баавгай нь 5000 гаруй жилийн өмнө хүрэн баавгайн зүйлээс салбарласан шинэ дэд зүйл болохыг тогтоосон байна. Мөн Мазаалай баавгайд тохиромжтой амьдрах орчны загварчлал боловсруулав.
Шинжлэх ухаан, боловсролын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд ашиглаж байгаа байгаль шинжлэл, амьгүй байгалийн сурах бичгүүдэд зөвлөмж боловсруулав. ЕБС-ийн сурагчдын ургамал судлалын онолын мэдлэгийг баталгаажуулахад шаардлагатай дадлагын хичээлийн үзүүлэн таниулах материал, тухайлбал, Монгол оронд өргөн тархалттай 37 овог 140 төрөлд хамаарах186 зүйл гуурст дээд ургамал, 25 зүйл доод (замаг, мөөг, хаг) ургамлын онцлог шинжийг харуулсан 70 ширхэг зурган үзүүлэн (CD –ийн хамт), 20 гаруй тогтмол препаратыг бэлтгэж өгөхажлыг санаачилж, төслийг БСШУЯ-нд хүлээлгэн өгөөд байна.
ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТАЛААР
Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон асуудлуудыг судлан шийдвэрлэх, зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас санаачлан, хөдөө, орон нутагт тулгамдаж буй асуудлыг эрдэмтдийн оролцоотойгоор шийдвэрлэх, орон нутгийн хөгжилд шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх ажлыг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгууд болон Нийслэлтэй хамтын ажиллагааны гэрээтэй байгуулан ажиллаж байна.
Гэрээний дагуу аймаг, орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ховор, ашигт амьтан, ургамлын тархац нөөцийг тогтоох, цөлжилт, бэлчээрийн талхагдал, түүх дурсгалт газрыг хамгаалах, ашиглах болон зарим аймгийн хүн амын хөгжил, эрүүл мэнд, мал аж ахуй, газар тариалан, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон ажлыг жил жилийн төлөвлөгөөндөө тусган гүйцэтгэж байна.
Манай эрдэмтэд Ховд аймгийн Дөргөн, Манхан сумдын “Сумын төвийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Ховд Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран Ховд аймгийн нэгдсэн атлас боловсруулах ажлыг гүйцэтгэж, хэвлэлийн эхийг хүлээлгэн өгөөд байна. Говь-Алтай аймгийн Тайшир, Ховд аймгийн Дөргөний Усан цахилгаан станцыг дэмжихээр тус бүр 10000 кВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц байгуулах төсөл боловсруулаад одоо хэрэгжүүлэх талаар ажиллаж байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл, Их уул, Дөрвөлжин, Яруу сумдад эко системийн судалгааны ажлыг орон нутгийн төсвийн хүрээнд хийж гүйцэтгэв.
Говь-Алтай аймагтай хамтран “Засагт хан аймгийн түүхийн судалгаа баримт, хээрийн шинжилгээ” төслийг хэрэгжүүлж байна.
Баянхонгор аймгийн гадаргуу, гүний ус, рашаан усны иж бүрэн судалгаа хийж 20 гаруй сумын 480 орчим уст цэгийг судалсны үндсэн дээр Баянхонгор аймгийн гидрохимийн зураглалыг боловсруулж захиалагчид нь хүлээлгэн өгөв.
Булган аймгийн Хялганат тосгоны Хайлантын ам дахь ойн суурингийн мод үржүүлгийн газарт 15000 ш нарсны тарьц ургуулан “Хайлантын ам”-ны түймэрт нэрвэгдсэн хусан ойн 5 га талбайг нарсны 2 настай 12500 ширхэг тарьцаар ойжуулав.
“Ламын гэгээний хурдан хүрэн”, Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Хос зогдорт зэрэг монгол тэмээний омог, үүлдрийн хэсгийн популяцийн генетикийн судалгаагаар монгол тэмээний популяци доторх хувьсал нилээд өндөр байгаа буюу популяцийн генетик алслалт үүлдрийн төвшинд хүрээд байгааг илрүүлэв.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын хөндийд Усан цахилгаан станц шинээр барих талбайд явуулсан археологийн авран хамгаалах судалгааны дүнд Чулуун зэвсгийн үеийн бууц суурин, Хүрлийн болон Хүннүгийн үеийн булш нийт 44 дурсгалыг авран хамгаалсан байна.
Уул уурхай болон дэд бүтцийн 19 компани, байгууллагын 23 талбайд палеонтологийн хайгуул судалгаа зохион явуулж, дүгнэлт, ажлын тайланг холбогдох байгууллагад ньхүлээлгэн өгөв.
“Төмөр зам” төслийн талбайд палеонтологийн судалгааг Өмнөговь аймгийн “Ухаа худаг-Гашуун сухайт”, “Цогтцэций-Манлай-Сайншанд-Баруун-урт” болон “Баруун-Урт-Хөөт, Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт” 3 чиглэлийн дагуу явуулж, тайланг захиалагчид нь албан ёсоор хүлээлгэн өглөө.
“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулагдсан “Номын баяр”-ын ном хандивлах аяны хүрээнд 10 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 900 орчим ном, нэгэн сэдэвт бүтээлийг 3 удаагийн арга хэмжээгээр Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд, Баянхонгор, Архангай зэрэг нийт 6 аймгийн нийтийн номын сангуудад гардуулан өглөө.
Манай хүрээлэн, төвүүд нь улсын хийгээд хувийн хэвшлийн сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өөрийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр болон докторын сургалтад хичээл заах, бакалавр, магистр, докторын ажил удирдаж хамгаалуулах, оюутны үйлдвэрийн болон танилцах дадлага удирдах, их дээд сургуулиудын эрдмийн зөвлөлд орж ажиллах, сургалтын хөтөлбөр боловсруулах болон сурах бичиг, гарын авлага бэлтгэх, хянан тохиолдуулах, үндэсний хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж байна.
Гадаад харилцаагаа хөгжүүлэх, харилцаа бүхий орнуудын шинжлэх ухааны академиудтай байгуулсан гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны протокол, төлөвлөгөөний заалтыг хэрэгжүүлэх, зарим орны шинжлэх ухааны байгууллагуудтай шинээр харилцаа холбоо тогтоох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, экспедиц, олон улсын хурал, семинар зохион байгуулах, эрдэмтэн солилцоог өргөтгөх, харилцаа, мэдээллийг хөгжүүлэх зэрэгт анхаарч ажиллав.
Бид 2014 онд гадаадын 9 орны нийт 13 эрдэм шинжилгээний байгууллагуудтай шинээр гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулсан байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗАРИМ ШИНЭЛЭГ ҮР ДҮНГЭЭС
Физикчидхэд хэдэн өнгөт квант тоотой бөөмс (180-300 ГэВ масстай) оршин байвал одоо мэдэгдэж байгаа Хигс бөөмийн үүсэх, янз бүрийн сувгуудаар задрах хөндлөн оглтлолуудтай зөрчилдөхгүйгээр хосоор төрөх магадлал стандарт онолд зааснаас хамаагүй өндөр байж болохыг харуулсан онолын томоохон чухал үр дүнд хүрсэн байна.
Богино зайнд байрласан анхан шатны үүсгүүрийн мэдээллийг HC-05 Bluetooth технологийн модулийг ашиглаж дамжуулах, боловсруулах програм хангамжийг бичиж туршаад тухайн аппаратыг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх загварыг боловсрууллаа.
Химичид хотирын төрлийн нэгэн зүйл ургамалд метилиноситол буюу пенитол бодис өндөр агуулгатай байдгийг тогтоосноор В8 витамины байгалийн шинэ эх үүсгэврийг илрүүлэх боломжтой болов. Дулааны цахилгаан станцын үнсийг дэвшилтэт технологиор боловсруулан геополимер төст материал гарган авах технологийг боловсрууллаа. IV ДЦС-ын шүүлтүүрийн үнсэнд суурилсан геополимер төст-барилгын материалыг гарган авлаа.
Эмээлт орчмын бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийн хагарлын бүсийн нарийвчилсан дүр зургийг гарган авав.
Мазаалай баавгайн амьдрах орчны загварчлалын дүнд байршил нутгийн хэмжээ XX зууны сүүлээс одоог хүртэл 60 гаруй хувиар багассан болохыг тогтоож, ангилалзүйн асуудлыг шийдвэрлэх генетикийн судалгааны дүнд мазаалай баавгай нь ойролцоогоор 4000-5000 жилийн өмнө тусгаарлагдсан биеэ даасан дэд зүйл болохыг тогтоов.
Завханы Улаагчны Хар нуурт нийт 4 анги, 9 баг, 19 овог, 34 төрөлд хамрагдах 59 зүйлийн хөвөгч амьтад байгааг тогтоож, үүний 9 зүйлийн хүрд хорхой, 4 зүйл салаа сахалт хавч, 4 зүйлийн сэлүүр хөлт хавч нийт 17 зүйлийг шинээр бүртгэлээ.
Хэрлэнгийн бүсийн геологийн М1:200000, Адаацагийн районы геологийн М1:100000-ын масштабтай зургуудыг тус тус зохиож, стрүктүрүүдийн геодинамикийн хөгжлийн загварыг шинэчилэн боловсрууллаа.
Махан идэшт үлэг гүрвэл Дейнохейрын хувьслын судалгааны дүн тус салбарт сүүлийн 50-иад жилд гарсан хамгийн том нээлтийн нэгд багтаж, “NATURE” сэтгүүлд хэвлэгдэв.
Цаг уурчид дэлхийн уур амьсгалын загваруудын үнэлгээг хийж, Монгол орны ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийг загварчлан, энэ зууны төгсгөл 2100 оны үед агаарын улирлын температур одоогийнхоос 2.5-6.30С нэмэгдэхээр байгааг тооцоолов.
Хэл шинжээчид“Нэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Монгол хэлний цахим тайлбар толь бүтээх ажлыг эхлүүлж, Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион, эхний үр дүнг олон нийтэд хүргээд байна. Монгол хэлний толь бичгийн салбарыг төрөл зүйлийн хувьд баяжуулсан уг толь нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэн, хэрэглээний өргөн боломж олгож буйгаараа шинэлэг болжээ.
Археологчид Сүхбаатар аймгийн нутгаас Зүүн Түрэгийн хаант улсын язгууртанд зориулсан 80 гаруй тамга, 2500 үсэг зурлагатай 13 тооны гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалыг нээн судлаж Төв Ази дахь руни бичгийн дурсгалын сан хөмрөгийг баяжуулаж, эрдэм шинжилгээний эргэлтэнд орууллаа.
Түүхчид эх орны төдийгүй ОХУ-ын архив мөн БНХАУ-ын Бээжингийн I архивын баримт, ОХУ-ын Эрмитаж, Сибирийн Красноярскийн музей, Тайваний музейн шинэ баримт, гэрэл зургийг ашиглан XVII-XX зууны эхэн үеийн Монгол орны нийгэм-улс төрийн амьдрал, монголчуудын ахуй соёл, зан үйлийг харуулсан “Монголчууд. XVII-XX зууны эхэн үе” бүтээл туурвиж,эл үеийн Монголын түүхийн бүрхэг, маргаантай асуудлыг тодруулжээ.
Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн судлаачид Элэг хамгаалах Антомен, Бөөр хамгаалах Малбус, Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх Эгхомон, Элэг хамгаалах, хордлого тайлах Цульхирын зэрэг биологийн идэвхит хүнсний нэмэлт 4 бэлдмэлийг гарган авч, хими, технологи, эмсудлалын судалгааг явуулж, технологийн зааврыг боловсруулаад байна.
Томуугийн вирүсийн 387 омгийн нейраминидазын саатуулуур эмэнд тэсвэржилтийн фенотип шинжилгээ хийж, Монголд ялгасан 31 омгийн M2, NA генийн нүклеотидын дарааллыг тогтоож, олон улсын зөвшилцсөн сан GenBank-д бүтгүүлж хадгалуулсан байна. Бэтэг өвчний үүсгэгчийн 23 генийн дарааллыг тогтоож, генбанкинд бүртгүүлэв.
Мал зүйч эрдэмтэд малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй гадна дусаалгын Дельта тразпурон, Дельтамонпурон, Амимектинпурон бэлдмэл,адууны нийлүүлгийн өвчнийг анагаах Тридамон, мөн мал эмнэлэгт өргөнх эрэглэгддэг уртасгасан үйлчилгээтэй Тетра УД 300 антибиотик зэрэг 5 эмийн технологийг шинээр боловсруулав.
Монголд анх удаа гадаадын том жимст таримал гүзээлзгэнийг зэрлэг гүзээлзгэнтэй эрлийзжүүлэх ажлыг хийлээ
Ургамал, газар тариалангийн салбарын судлаачид буудайн Дархан-134, Дархан-34, Дархан-131 сорт болон хошуу будаа, хөх тариа зэрэг шинэ сортуудыг нутагшуулан, 30 гаруй га талбайд тариалж 200 тн элит үр үйлдвэрлээд байна.
Техник технологийн салбарын эрдэмтэд гэрийн зуухны туршилтын лабораторийг байгуулж, гэрийн болон нам даралтын зуухны хийцийг сайжруулав.
Судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд нийтийн хүртээл болгох зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас санаачлан Proceedings of the Mongolian Academy of Sciences, Mongolian Journal of International Affairs, Mongolian Journal of Chemistry зэрэг сэтгүүлийг цахим хувилбарт оруулан онлайн хувилбарыг Олон улсын шинжлэх ухааны холбоо (ICSU)-ийн INASP хөтөлбөр, (www.mongoliajol.info)-тай хамтран байршуулж, олны хүртээл болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд цахим хуудсанд байршуулснаас хойш ШУА-ийн Мэдээ сэтгүүлээс нийт 46’537 удаагийн татан авалт хийгдсэн байна.
ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клуб эрдэмтдийн санал дүгнэлтийг бодлого боловсруулагчид хүргэх зорилго бүхий лекторийг зохион байгуулж, уур амьсгалаас үүдэлтэй хөдөөгийн эрсдэл, ядуурлыг бууруулах асуудал, ус, байгалийн бэлчээр ашиглах хамгаалах, машины үйлдвэрлэл хөгжүүлэх гэхчилэн10 гаруй асуудлыг хэлэлцэв.
“Академичдын цуврал” лекцийг зохион байгуулж, академич Д.Хайсамбуу “Монгол уран барилгын хөгжил, онол, аргазүй” сэдвээр, академич Н.Бэгз “Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд” сэдвээр, академич Х.Намсрай “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам” сэдвээр тус тус лекц уншсан бөгөөд лекцэнд 800 гаруй хүн шууд оролцож, лекцийн хураангуйг “Өдрийн сонин”-д хэвлэн олон нийтийн хүртээл болгов.