Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байгаа.

Харин дөрвөн төрлийн допингийн бодис хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдоод буй улсын аварга Э.Оюунболд удахгүй болох cap шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Тэрбээр өөрийн багш Д.Батням болон нутгийн бөхчүүдийн хамтаар бэлтгэлээ базааж байна.

Баяр наадам зохион байгуулах комиссоос түүний барилдах эрхийг хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцэслэн батлаагүй байгаа. Энэ нь допингийн шинжилгээг гардаж хийдэг эмч нарт хэрэг үүсгэсэнтэй холбоотой талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн юм.

Улсын аварга Э.Оюунболдын гаргасан гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулж гавьяат эмч Ч.Насанбатад хэрэг үүсгээд байгаа. Сүүлийн 10 жилийн допингийн шинжилгээг нягталж шалгахад улсын наадамд шөвгөрч шинжилгээнд хамрагдсан 38 бөх авлига өгч шинжилгээний хариугаа нуун дарагдуулж байсан нь тогтоогдсон байна. Эдгээр 38 бөхийн дотор сүүлийн жилийн наадмуудад түрүүлж үзүүрлэж байсан аварга арслангуудын нэр байгаа аж.

Допингийн шинжилгээг нуун дарагдуулсан 38 бөхийн нэрийг зарлалгүйгээр допинг хэрэглэсэн нь олонд ил болсон Э.Оюунболдыг барилдуулах наймаа улс төрийн томчуудын дунд явагдсан тухай мэдээллийн эх сурвалж хэлж байна.

S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболд аль хэдийнээ сар шинийн барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базаагаад эхэлсэн нь улс төрийн томчуудын дунд явагдсан энэ тохироог баталж байгаа юм.

Нэр нөлөө бүхий улс төрийн том албан тушаалтан нутгийнх нь аварга, арслангууд допингийн шинжилгээгээ нуун дарагдуулж байсан баримтыг олонд дэлгэхээс эрс татгалзаж, хэл ам хийлгүй аварга Э.Оюунболдыг зодоглуулах наймаа хийсэн гэнэ.

Гаргасан гомдлынх нь явцад ил болсон допингоо нуун дарагдуулж байсан бөхчүүдийн нэрийг нь Э.Оюунболд олонд зарлахгүй байгаа нь цаагуураа учиртайг бөхийн хүрээнийхэн хэлж байна. Залуу аваргын өөрийнх нь нэр ч өнөөх допинг хэрэглэчихээд авлига өгч дээрээс нь төрийн түшээдээр “мундагдуул”-ж нэр цэвэр үлдсэн 38-ын дунд цохиж яваа аж. Тэрбээр “Баяр наадам зохион байгуулах хорооноос долингийн шинжилгээг зарласны дараа “Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн билээ.

Допингийн асуудлын талаар дархан аварга Х.Баянмөнх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболд удахгүй барилдахаа мэдэгджээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ та?

-Би допингийн асуудлаар 10 жил ярьж байна. Допингийн шинжилгээг хяналттай болгох хэрэгтэй. Би 21 жил дэлхийд шээсээ өглөө. Тэр шээсийг хяналт доор авдаг. Гэтэл манайд хяналт алга. Энэ нь авлигын үүр болсон. Э.Оюунболдтой бол ярих юм байхгүй, аварга цолыг нь хураах ёстой.

-Э.Оюунболд “Шинжилгээний үеэр шээсийг маань сольсон” гэж мэдэгдэж байна лээ?

-Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Шээснээс нь дөрвөн төрлийн допинг илэрсэн байсан. Оюунболдыг унагахын тулд хүнд дөрвөн төрлийн хор уулгахгүй биз дээ. Өөрөө л хэрэглэсэн” гэж Э.Оюунболдын байр суурийг эсэргүүцсэн юм.

Допингийн булхайг сайн мэдэх залуу аварга анхнаасаа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нь “уснаас хуурай гарах” арга ухаан байсан нь дээрх үйл явцаас ил цагаан харагдаж байна.

Спортын шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж адуу малд хэрэглэгдэг эм тариаг хэрэглээгээ болгосон тэд хонь бүрэн, чоно цатгалан үлдэхээр тохироо хийж байгааг залуу бөхчүүд эсэргүүцээд эхэлжээ.

Улсын харцага О.Хангай cap шинийн барилдаанд улсын аварга Э.Оюунболдыг зодогловол барилдахгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Допингийн асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэдэг. Заримынх нь цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг хасдаг. Тэгэхээр допингийн хуулийг чангалмаар байна.

Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд барилдвал би лав эсэргүүцлээ илэрхийлээд зодоглохгүй. Би ганц Оюунболдтой тэмцээд байгаа юм биш. Допингоо нуун дарагдуулсан нэр бүхий 38 хүнийг зарлуулж энэ допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж гаргаж Монгол орны дархлаа, бахархал болсон үндэсний бөхөө хойч үедээ цэвэр ариунаар нь өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж мэдэгдээд байгаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий ч допингийн асуудлыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Допингийн асуудалд улс төрийн томчууд хутгалдаг нь асуудлыг удаашруулж байгаа талаар бөхийн хүрээнийхэн хэлж байна. Төрийн түшээд нутгийн бөхчүүдээ хаацайлдаг, бузар булайг нь нуун дарагдуулдаг жишиг тогтоод байгааг залуу бөхчүүд ийн эсэргүүцэж байна.

Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс улсын аварга Э.Оюунболдыг барилдуулахгүй гэж байр сууриа илэрхийлээд байна.

Допинг нуун дарагдуулсан бөхчүүдийг эсэргүүцэж улсын аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийх гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *