Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/129 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх, хий, хийн бүтээгдэхүүн импортлох, түгээх, борлуулах, тээвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор төсөл боловсруулан батлуулах “Ажлын хэсэг-ийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, орлогч даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн ажиллана. Тус ажлын хэсэгт “Байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахыг үүрэг болгосон юм. Харин төсөл хэрэгжих газрыг хамгаалтанд авч, газар эзэмших эрхийг захирамжаар баталгаажуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав, Захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хяналт тавьж ажиллах бөгөөд асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.