МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлэн ажиллаачээ гэдэг саналыг бидний зүгээс МАН-ын удирдлагууд, УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд болон шинэ Ерөнхий сайддаа хүргүүлсэн боловч “тоож” байгаа юм алга. Харин нам дотроо талцсан байдалтай байгаа өнөө үед аль нэг талыг нь магтаж, хэн нэг хүнийг нь муулсан бол, эсхүл Засгийн газраа унагаасан нь зөв, буруу гэж бусдын өмнөөс “ам барьсан” бол ямар их “тоогдох” бол???
Т.Аюурсайхан тэргүүтэй УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүдээс концессын асуудлаар Засгийн газар бүрэн эрхээ хэтрүүлсэн, хүүхдийн мөнгө олгохтой холбоотой гаргасан Засгийн газрын тогтоол нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн, мөн Засгийн газар боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан зэрэг үндэслэлээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьж, улмаар нэгдсэн чуулганаар хэлэлцэж огцруулсан.
УИХ-ын нэгдсэн чуулганаар шинэ Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ дахь АН-ын бүлгээс давхар дээлийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол хэлэлцэх явцад О.Баасанхүү гишүүн давхар дээлийн асуудлыг маш тодорхой хөндөж, Засгийн газрын гишүүдийн ядаж 50 хувийг УИХ-ын гаднаас бүрдүүлэх нь зүйд нийцэх талаар сануулж байлаа. Гэвч Ерөнхий сайд болон УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд маань бараг нэгэн дуугаар давхар дээлийг дэмжиж, Ерөнхий сайдаас бусад бүх Засгийн газрын гишүүдээр давхар дээлтэй нөхдийг томилчихлоо. Энэ нь хэлбэрийн хувьд УИХ-ын хэдэн гишүүдийг сайдаар томилсон байдаг л үзэгдэл мэт харагдавч агуулгын хувьд төрийн эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэр, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангаж буй Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг “үл ойшоосон” явдал боллоо. Ингэж бичлээ гээд Баасанхүүг дэмжигчид байна, эсхүл АН-ын хөлсний бичээчид байна гэж элдэв янзаар хэлэх гэж байгаа бол уучлаарай, бид МАН-ын жирийн гишүүдийн төлөөлөл гэдгээ “монгол хэлээр” тодорхой илэрхийлээд удаж байна.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинээр байгуулагдах Засгийн газар УИХ-ын гишүүдээс бүрдэж байж тогтвортой ажиллана, УИХ-ын гишүүн сайдаар нь ажилласан яамны ажил сайн явдаг гэх мэт олон хувилбараар давхар дээлийг “магтсан” утгатай мэдээллээр олон нийтийн тархийг угааж эхэлсэн.Нээрээ тийм ч юмуу гэж бодогдтол цөөнгүй “хөлсний бичээчид” үнэхээр сайн ажилласан. Гэвч хүн төрлөхтөн өнөөг хүртэл ардчиллаас илүү сайн төрийн дэглэмийг хараахан олж нээгээгүй байгаа бөгөөд ардчилсан төрийн үндсэн зарчим бол төрийн эрх мэдлийг хувааснаар төрийн дур зоргыг хязгаарлах явдал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байхад бид энд “давхар дээл бол Засгийн газрын тогтвортой байдлын үндэс юм” гэжтунхаглаад хол явахгүй л байх. Өнөөдрийн бодит байдлаар УИХ-д сонгогдсон МАН-ын 65 гишүүний 24 хувь нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа нь парламентын хяналтын механизмыг алдагдуулах бөгөөд үүгээрээ бид харьцангуй олон гишүүн бүхий парламенттай Англи, Герман улсуудтай “барьцах” нь утгагүй юм.
Төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваагддаг бөгөөд эдгээр нь хоорондоо харилцан тэнцвэртэй байж, хариуцлагыг бие даан хүлээх нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, эрх зүйт төрийн оршин тогтнох суурь болдог. Монгол Улсын Үндсэн хууль нь дээрх үзэл санаанд суурилсан бөгөөд үүний дагуу Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын төрийн байгууллыг тодорхой зааглан хуульчилсан байдаг. Энгийн ойлголтоор Засгийн газрыг томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд нь өөрөө Засгийн газрын бүрэлдэхүүнд давхар ажиллах нь утгагүй бөгөөд төрийн эрх мэдэл хоорондын хяналт, хариуцлагын зохистой тогтолцооны тэнцвэрийг алдагдуулна.
Харамсалтай нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүдийг томилохдоо УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд, тэр дундаа хариуцлага, шударга ёсыг тунхаглаж өмнөх Ерөнхий сайдыг огцруулах ажиллагааг эхлүүлсэн Т.Аюурсайхан нарын гишүүд ардчилсан төрийн үндсэн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг огт тоосонгүй. Уг нь тэд Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ дөвийлгөж, мөн зарим нэг сайдад нэр дэвшигчийг ийм тийм гэж чичлэхээсээ илүү давхар дээлийн харьцааг ядаж өмнөх Засгийн газрын хэмжээнд хадгалах талаар нэг үг дуугарсан бол тэднийг үнэхээр хариуцлага, шударга ёсны төлөө зүтгэжээ гэж олон нийт харах байлаа. Ингэж бичлээ гээд Энхтүвшинг дэмжигчид байна, эсхүл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан нөхдийг буруушааж байна гэж элдэв янзаар хэлэх гэж байгаа бол уучлаарай, бид зөвхөн давхар дээлийн талаар л асуудал тавиад удаж байна гэдгээ дахин хэлэх байна.
Бид “давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй юмаа гэхэд ядаж ерөнхий чиг үүргийн яамдаас бусад буюу чиглэлийн яамдынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас томилох нь Засгийн газрын тогтвортой байдал төдийгүй төрийн эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэр, хүний эрх, эрх чөлөөний баталгаанд чухал ач холбогдолтой гэдгийг чадах чинээгээрээ илэрхийлэн, саналаа хүргүүлсээр байсан ч Засгийн газрын гишүүнийг УИХ-аас томиллоо. Өмнөх Засгийн газарт уг нь Инженер мэргэжилтэй Г.Мөнхбаяр, Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй Ц.Дашдорж, Хүний их эмч мэргэжилтэй А.Цогцэцэг, Багш, судлаач мэргэжилтэй Г.Чулуунбаатар нарын дан дээл бүхий мэргэжлийн боловсон хүчнүүдийг тухайн салбарын сайдаар томилон ажиллуулж байсан. Гэвч давхар дээлийн өнцгөөс харвал “сахил хүртээд шал дордов” гэгчээршинэ Засгийн газар өмнөхөөсөө “муухай” харагдаж байна, хариуцлага, шударга ёсны төлөө зүтгэж биш харин өөрсдөө сайд болохын төлөө зүтгэж өмнөх Засгийн газраа огцруулсан гэж ойлгогдож байна.
Шинээр томилогдсон 16 сайд нараас асууя. Та бүхэн 2016 онд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар нэр дэвшиж УИХ-д сонгогдсон намын гишүүний хувьд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлж ажиллах уу.
“ТУСГААР ТОГТНОЛ ЗУУН
ЖИЛ” ТББ