УИХ-ын нөхөн сонгуулиар сонгогдсон хоёр шинэ гишүүн Төрийн ордны чуулганы нэгдсэн хуралдааны их танхимд тангарагаа өргөлөө.
Гишүүд нэрийн эхний үсгийн дарааллаараа, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараглалаа.
Ийнхүү Ц.Идэрбат, Э.Батшугар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр парламент бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж эхэллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр, Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус томилов.