Categories
мэдээ цаг-үе

“Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөөг баталлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор гараад буй шийдвэрийг танилцуулж байгаа юм. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газар баталсныг дурдлаа.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэлгэрэнгүй танилцуулж байна.

Тэрбээр “Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас шинэ нисэхийн буудлыг дагаж, аэросити байгуулна гэж төлөвлөн баталж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Майдар, Шинэ Зуунмод гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байх тухай шийдвэр гарч байв.

Харин энэ Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад олон төлөвлөлтийг цогц байдлаар харгалзан Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Уг ерөнхий төлөвлөлттэй холбоотойгоор хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ.

Эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, логистикийн төвийн ойролцоох инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дуусаж байгаа. Дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл гэхчлэн бүгдийнх нь ажлын зургийг хийж эхэлсэн бөгөөд төлөвлөлт батлагдсан тул магадлалаар орж эцэслэгдэнэ.

Ажлын зургуудаар нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч байгаа. Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *