Баабар ингэж өгүүлэв
Монголын эдийн засгийн багтаамж өнөөдөр 10 тэрбум доллар болжээ. Арван таван жилийн өмнөх шигээ нэг тэрбум дээр очсон ч 60 сая малтай монголчууд турж үхэхгүй нь мэдээж. Гэхдээ ингэж их эрчимтэй тэлсэн эдийн засаг том эзлэхүүнтэй болсон учир эргээд хавчаад эхлэхээр илүү хурц хямралд очно. Хувийнхны болоод хувьсгалын гадаад өрийн нийт хэмжээ бараг 17 тэрбум доллар болж байгаа байх. Үүнээс гадна үндэсний 20 том зээлдэгчийн дотоод өр хоёр их наяд төгрөг давж байна. Энэ бол татварын ихэнхийг төлж байгаа компаниуд ээлж дараалан дампуурна, эсвэл арилжааны банкуудаа бүгдийг нь татаж унагана гэсэн үг. Учир нь Монголын бүх арилжааны банкны зээл олгох дээд чадвар ердөө 8-9 их наяд төгрөг шүү дээ.
Ойрын нэг хоёр жилдээ нэн яаралтай төлөх Засгийн газрын 500 сая доллар, Төв банкны төлөх 600 сая доллар юун түрүүн хүлээгдэж байна. Эхнийх нь Засгийн газрын бондуудын хүү, дараагийнх нь Хятадтай байгуулсан своп зээлийн өр. Үүнийг төлөх мөнгө манайд байхгүй болсон. Гаднаас валютын урсгал орж ирэх нь бараг зогсох чиглэл рүүгээ явж байгаа ба хойтонгийн өрийг яаралтай барагдуулахгүй бол бүр таг зогсох нигуртай. Үүнийг гаргаж авахын тулд төсвийн таналт одоо хэрэгтэй. Нийт төсвийг одоо 25-30 хувь танахаас өөр аргагүй.
Улсын нэгдсэн төсөв дөрвөн тэрбум доллар гарч байсан бол хойтон ийм мөнгө олдохгүй. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс болоод татвар төлөгч голлох компаниуд гайгүй нэг нь цомхтгол хийж, гайтай нь хаалгаа барьж буй учир татвар өгч чадахаа больж байна. Төгрөгийг хамгаалах валютын нөөц хоосрон хасах руугаа орчихсон учир ханшийг цааш барих бололцоогүй болно. Хэрэв Засгийн газар ба Төв банк цаасан мөнгөөр аргалах гэж оролдвол гипер инфляцид очих ч магадлал өндөр байна. Нэг л үгэндээ манай эдийн засгийн байдал одоогийнхоосоо дордон, яаралтай арга хэмжээ авахгүй бол мөддөө сэхэл авахгүйгээр цохилтонд орох гээд байгаа хэрэг л дээ.
Гэвч хэд хэдэн ашигтай (мэдээж ашиглаж чадвал) нөхцөл байдал эргэн тойронд буй боллоо. Монгол төгрөгийн ханш энэ онд 10 хувь унасан бол хойд хөршийнх 30 хувьд хүрчээ. Оросын төв банкнаас рублийг сул тавихаа зарлалаа. Энэ бол цаашид ч их унана гэсэн үг. Валютаар бодоход тэдний өргөн хэрэглээний бараа асар ихээр хямдарна гэсэн үг. Хямдарсаар ч байна. Энэ нь манайд үүсч магадгүй инфляцид хорио болж чадахаар барахгүй дифляци ч үүсгэж болох. Нөгөө талаас өмнөд хөршийн удирдагч Монголд үйлдвэрлэсэн ямар ч барааг (мэдээж стандарт хангасныг нь л байх л даа) худалдан авахад бэлнээ илэрхийллээ.
Монголоос өнөөдөр гадагш нь зарж болохуйц ганцхан зүйл байгаа нь уул уурхайн баялаг, ашигт малтмал. Гэхдээ нэг талаас түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом уналаа, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг бөөнөөр нь хөөж гаргаснаас болоод хайгуул хийх, ашиглах, худалдаж авах зах зээл үндсэндээ бүрэн хумигдлаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн туршид барилга, худалдаа, жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц эрчимтэй хөгжиж ирсний цаад углуурга нь зөвхөн уул уурхайн салбар байсан. Одоо элгээрээ мөлхсөн энэ салбарыг дахиж сэргээхэд хугацаа орно. Маш шуурхай оновчтой арга хэмжээ авлаа гэхэд дор хаяхад гурван жил хэрэгтэй. Бидний зорилго ирэх 2-4 жилд Монголын эдийн засгийг эргэж сэргээн 2010 оны байдалд нь татаж өндийлгөх болохоос ойрын үедээ хөгжүүлэн дэвшүүлэх ямар ч бололцоогүй. Нэг үгэндээ эрчимтэй унаж байгаа эдийн засгийн уналтын хурдыг багасгах, улмаар зогсоох, тэгээд эргэж өгсөх хандлагатай болгох явдал юм. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Буруутанг хайвал бид бүгдээрээ, тиймээс энэ тухай ярихаа больё. Портуун бол гадаад илрэл нь болохоос энэ хямрал нь Монголын нийт ард түмний арав гаруй жилийн хамтын бүтээл.
1. Гадаад өрийн хүүгээ яаралтай төлөхгүй бол цаашид зээл олдохгүй. Зээлээр эхний хүнд давалгааг туулна. Иймээс үгүйдээ л Засгийн газрын өрийн таазыг яаралтай нэмэх хэрэгтэй. Өрийн тааз тэдэн хувиас хэтэрвэл улс сөнөдөг гэх мэтийн уран сайхны яриагаа зогсоомоор юм. Төлж чадах чадвартай бол өрийн тааз хэдэн хувь ч байж болно. Монгол баян, асар их баялаг бидэнд бий. Өөрсдийнхөө хийрхлээр л энэ баялгийг эргэлтэнд оруулах замыг зогсоосон. Өнөөдөр Монголын нийт нутгийн ердөө 20 хувь нь хайгуул хийгдсэн, эргэлтэнд оруулах юм бол тэндээс их наяд долларын баялаг гарч ирнэ. Үүнийг хуучин Зөвлөлт ба Зүүн Европынхон барагцаална, сүүлийн 20 жилд хайгуул хийсэн өрнөдийнхөн ч мэднэ. Олсон мөнгөө хувааж авч идээд доош нь асгачихдаг мунхаг хэрэглээгээ зогсоож чадвал ухаалаг хэрэглээнд зарцуулсан өрөө Монгол төлж чадах бүрэн бололцоотой. Маршаллын төлөвлөгөөгөөр Европ босч ирсэн, Солонгос, Япон, Тайвань бүгд л зээлээ ухаалаг хэрэглэж эдийн засгийн багтаамжаа томруулсан.
2. Татвар голлон төлөгч том компаниудад компаниар нь барьцаалж зээл олгох хэрэгтэй байна. Олон тийшээ сарваганаж жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл гэх мэтийгээ одоохондоо хойш тавих шаардлагатай. Том компаниуд авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол компанийг нь нэрлэсэн үнээр хувьцаалан зарна гэсэн үг. Чухам тэд л юун түрүүн эргэж сэргэн босч ирснээр цалин цавуу, тэтгэвэр халамжийн мөнгийг чинь олж ирнэ шүү дээ.
3. Мал хувьчилсан, байр хувьчилсан явдал нь эдийн засаг хэсэгтээ сэргэхэд асар их дэм болж байсан туршлага бидэнд бий. Энэ нь нийтийг хамарсан шинжтэй байснаар дотоод нөөц бололцоо ундарч байсан. Одоо нийгмийн салбарын хувьчлал хийж эрүүл мэнд, боловсролын салбарыг зах зээлийн тогтолцоо руу оруулбал асар их нөөц гарч ирэхээр байна. Зөвхөн энэ хоёр салбар улсын нийт төсвийн гуравны нэгийг эзэлдэг. Энэ суларсан мөнгөөр асар их зүйл хийж болохоор барахгүй эрүүл мэнд боловсролын салбарыг илүүтэй дэмжинэ. Эмнэлэг сургуулиудыг тэнд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүст нь зээлээр болон үнэ дуудан хувьчилчих юм бол төсвийн ачаалал эрс багасахаас гадна чанар үйлчилгээ нь үлэмж дээшилнэ. Төрөөс цалинжиж буй 160 мянга орчим ажилтан ажилчдын дийлэнх нь энэ салбарынхан. Тэдний амьдралын түвшин дээшилж илүү чөлөөтэй хөдлөх бололцоотой болно. Үнэн чанартаа эмнэлэг сургуулиуд сүүлийн 20 жилд хэдийнээ хувьчлагдсан, харин тэр нь хууль бус гэгдэж буй учир чөлөөтэй зах зээлжиж чадахгүй байгаа юм. Мэдээж хувьчлах маш олон хувилбар буй тул юун түрүүн л баларна сөнөнө гэсэн мэдэмхийрлээс хол баймаар.
4. Ялангуяа соёл олон нийтийн зориулалттай асар их хөрөнгө оруулалт баян байхдаа сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийгдсэн. Энэ болгоныг болохыг нь үнэ дуудаж, болохгүйг нь олон жилээр түрээслэх, зээлээр өгснөөр маш их урсгал зардал хэмнэгдэнэ.
5. Улсын мэдэлд асар их хэмжээний хөрөнгө байна. Улсын үйлдвэрүүд толгой дараалан алдагдалтай ажиллаж буй. Энэ болгоныг хувьчилж байж л дампуурах нэг нь дампуурч, босох нэг нь босно. Ингэж байж л байх ёстой норм горимдоо очно.
6. Үйлдвэрлэлийг ашигтай ажиллуулахын тулд төрөөс албаар барьж байгаа үнийн хязгаарлалыг болиулах хэрэгтэй. Хичнээн жил популизм хийх вэ дээ. Ялангуяа эрчим хүч, шатахуун, нүүрс, цахилгаан дулааны үнийг чөлөөлөхгүйгээр хойшид ч цаашаа өндийхгүй. Хүндрэлийг шүд зуун давж байж л хөнгөрөл рүү очих болохоос өнөө маргаашийг аргацаах зам үргэлж мухардалд хүргэдэг.
7. Тавантолгойг ашиглаж эргэлтэнд оруулах оролдлого 1973 оноос эхэлсэн. Бараг 50 жил өнгөрлөө шүү дээ. Оюутолгойг 2001 онд нээсэн, хэрүүл нь дуусдаггүй. Харамласаар байгаад хэнд ч хэрэггүй болох нь. Цаана нь бидэнд үүнтэй хавьтуулшгүй их баялаг бий ч гаргаж буй авираасаа болоод тэр нь ч үхмэл баялаг болж, бид алтан дээрээ мөнхөд сандайлсан гуйлгачин болж хувирч гүйцлээ. Үүнээс гадна алив орон геологийн хайгуулыг хэнээр ч хамаагүй чөлөөтэй хийлгэдэг. Төр гагцхүү стандарт шаардана, хугацаа өгнө, гарсан үр дүнг нь нэхнэ. Ингэснээр тухайн улсын үнэлэмж нэмэгдэнэ. Судлагдсан баялгаараа дэнчин тавин зээлжих бүрэн бололцоотой болдог. Төр ашиглалтаа хянадаг болохоос хайгуул бол улсад орж ирж буй үнэгүй бэлэг, үнэлэмжийг нь нэмж дэлхийн зах зээлд гарч ирэх бололцоог нь дээшлүүлдэг. Хайгуул хийсэн компани юу ч олохгүй бол өөрснөө шатаад өнгөрдөг учир төрд ямар ч эрсдэл учирдаггүй. Монгол орны геологи судлагдаагүй шахам, онгон зэрлэгээрээ байгаа. Их нуурын хотгорт дэлхийд эхний тавд орох газрын тосны орд бий талаар урьдчилсан таамаг гарсан. Энэ нөөц долоон тэрбум баррел хүрэх аваас хоолойгоор татах тухай ч ярьж байна. Үүнийг нотлохын тулд хайгуул хийж, цооног өрөмдөж, сейсм тавихаас өөр аргагүй. Засгийн газар энд тэндэр зарлан шалгаруулчихаад ялсан компани яг ирээд хийх гэхээр нь унжаад хэвтчихсэн. Унжих байсан юм бол явдал болгож шалгаруулалт явуулах ямар хэрэг байна?
8. Засгийн газар гадаад дотоодын ямар ч компанитай тэндэр зарлаж гэрээ хийж тохиролцчихоод удахгүй эргэж буцан булхайцах, тохироогоо өөрчлөх, хуулиа засах увайгүй үйлдлээ дахин давтаж болохгүй. Ийм увайгүй амьтантай хэн ч хамтардаггүй. Хамтарч хөрөнгө гаргасан нэг нь эргээд олон улсын арбитражаар заргалдан оруулснаасаа ихийн төлбөр нэхэж авдаг. Бид одоо ийм хачин араншингийнхаа төлөө нэлээд төлбөрт орчихоод байгаа ба үүнийг өгч байж л сална. “Өмнөх Засгийн газар одоо хамаагүй”, “манай ард түмэн эсэргүүцээд байна” гэх мэтийн тэнэг тайлбар хэзээ ч явдаггүй юм. Нэгэнт тохирсноо баримталдаг, оруулсан хөрөнгө болон бусад капиталыг нь хөндлөнгийн ямар ч халдлагаас хамгаалж чаддаг төртэй орон л итгэл хүлээдэг.
9. Өдгөө эрчим хүчний эх үүсвэр гаргаж авах технологид хувьсгал гарсны буянаар АНУ дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч боллоо. Ойрхи Дорнодын ач холбогдол буурч эхлэв. Занараас эрчим хүчний эх үүсвэр гаргаж эхэллээ. Давхаргын хийг ашиглах технологи нэвтэрлээ. Азаар Монгол нь занар болон давхаргын хийгээр баян. Гэвч эзээр бид аймаар харамч ба эх оронч учир дараагийн цоо шинэ технологи гартал хав дарах байхаа даа. Энэ бол хурдан сэхэх нэг бололцоо. Гэхдээ зүгээр л бололцоо. Бурханы өгсөн бололцоог “буг” нарын жагсаалаар үнэгүйдүүлэх болов уу даа.
10. Энэ бүх арга хэмжээг авч байж л өнөөгийн манай нийгмийн урагшлах замын гол бул чулуу болоод байгаа авлига байхгүй болдоггүй юм гэхэд эрс багасна. Нийгэм авлигад идүүлсэн байхад юун ардчилал, ердийн хөгжил дэвшлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Төр хэдий их зүйл мэдэлдээ байлгана, авлига төдий л их байна. Хулгай хийдэг сав нь том болохоор аргагүй шүү дээ.
Засгийн газар одоо шинээр байгуулагдах бололтой. Сонгууль хүртэлх жил гаруйгийн хугацаанд элдэв популизмгүйгээр эдгээр болон өөр олон арга хэмжээг яаралтай авахгүй бол бид мөд гарч чадахгүй нүхэнд ойчих бололтой. Бидний хамаг зовлон гэнэт их мөнгө үзээд ухаанаа алдсанд бий. Баярхал, цамаархал, хийрхэл бүх хүнийг хамаарч байсан. Улстөрчид нь үүнд дөрөөлж популизмаар бөөлжих ба үүнийгээ улстөр гэж нэрлэж байлаа. Одоо энэ хийрхэл популизм цааш үргэлжилбэл улс орон маань ачааллыг нь даахгүй. Дээрх өөрчлөлтүүдийг хийсэн ч хүндэрнэ, хийгээгүй ч хүндэрнэ, харин хийвэл засрах төлөв рүү алхам алхмаар ойртоно, хийхгүй бол хямрал улам даамжирсаар гарах гарцгүй болно.
Шинэ Засгийн газар популизмаас (За яахав, бидний нэрлэж дассанаар “улстөржилт” болог) хол байж л хямралыг давах үндсэн нөхцөл бүрдэнэ. Мэргэжлийн гээд байгаа (Мэргэжлийн гэхээр зарим нь сүрхий хичээлийн эрхлэгчээр Боловсролын, дориун шүдний эмчээр Эрүүл мэндийн, дажгүй инжнаараар Эрчим хүчний, бакъ дэслэгчээр Батлан хамгаалахын сайд хийлгэнэ гээд ойлгочихсон бололтой. Уг нь хуулийн өгөгдсөн хязгаарт сайн мэнэжмэнт хийж чадах хүний тухай ярьсан юм л даа. Мэргэжлийн диплом нь биш, багаар тоглох чадвар мэнэжмэнтийн чадвар нь гол.) Засгийн газар бүрдэж байж элдэв сонгууль, дараагийн сандал ширээг бодолгүйгээр реформ хийж чадна гэж бодном. Гэвч ард нь хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Энэ бол хууль тогтоох байгууллага. Их эвсэл гэнэ үү, Үндэсний эвлэрэл гэнэ үү, шинэ Засгийн газрын хийж байгааг дэмжиж, хэрэгтэй хууль тогтоомжийг нь шуурхай гаргаж өгдөг парламент хэрэгтэй байна. Шинэ Засгийн газрынхан харин тэдэнтэй улс төрийн тавцанд өрсөлдөхгүй байх болзолтой. Улс төрийн намууд ердөө хоёрхон жил шүд зууж байгаад хоорондоо хэл амаа ололцон эвсвэл мөн гоёо. Дараа нь яахав дээ, хямралаа давсны хойно эргээд л алалцана биз, ямар сураагүй юм биш. Одоо хийрхээд, популизмдаад, хоорондоо дайсагнаад явах аваас хожим очихоор төлөвлөсөн сандал ширээ чинь ч хугарч эвдрээд харгуй зам дээр ганцаар хоцрох нь байна шүү.
2014.11.15