Ерөөлч, магтаалч Б.Пүрэвсүхтэй ярилцлаа. Түүнийг “Mongolia’s Got Talent”, “3 сая инээд” нэвтрүүлэгт орж байснаар хүмүүс мэдэх билээ.
-СУИС-ийг дуучнаар төгссөн хүмүүс ихэвчлэн нийтийн дуу руу хошуураад байдаг. Гэтэл та тэднээс өөр чиглэлээр уран бүтээл туурвиж явна. Ерөөлч, магтаалч болоход юу танд хүчтэй нөлөөлсөн бэ?
-Яагаад ерөөлч болов оо гэхээр, би СУИС-ийн Соёлын менежерийн ангийг төгссөн. Өөрийнхөө боломж бололцоогоор хурим, найр их хөтөлдөг л дөө. Хурим хөтлөөд зогсож байхад ерөөлч гэх хүмүүс ирж ерөөнө. Тэд ихэвчлэн уртын дуучны ангийг төгссөн хүмүүс байдаг л даа. Тэд ерөөхөөсөө илүүтэй цээжилсэн хэдэн мөртөө хэлчихээд л гараад явчихдаг нь олон жилийн турш ажиглагдсан юм. Би 2010 оноос хойш хурим, найрын хөтлөгчөөр ажилласан. Миний нутаг чинь Өмнөговь аймаг. Өмнөговийнхон маань билэг танхай ерөөлчид байдаг гэдгийг хүүхэд байхаасаа мэдэрч өссөн. Тийм болохоор ерөөл, магтаалын зах зух надад байдаг байсан л даа. Ерөөл гэж цээжилсэн юмаа дуржигнатал уншчихаад явчихдаг юм биш гэдгийг мэдэрч өссөн учраас “Энэ биш ээ, ингэж ерөөлийн нэр хүндийг унагаж болохгүй. Би ерөөх хэрэгтэй юм байна” гэх ажлын шаардлага гэх юм уу, нэг тийм шаардлага гарсан юм.
Манай удмынхан 2000 онд анх ургийн баяр хийсэн юм. Тэгэхэд манай ураг, удмын мундаг ерөөлч хүн байсан юм. Одоо ч бурхан болчихсон л доо. Ургийн баяр дээр тэр хүний ерөөж байгаа бичлэгийг хожим нь сэргээж үзсэн. Ерөөлийн анхны “А” үсэг маань тэр хүний бичлэг болсон. Тэр мундаг хүнийг амьд сэрүүнд нь заалгаж авч чадаагүй ч гэсэн бичлэгээс нь анхны ойлголт авч, эхний сууриа тавьсан. Бичлэгийг нь дахин дахин үзсээр цээжлэхийг нь цээжилж, нэмж хачирлахыг нь хачирлаж, цааш дэлгэрүүлж зохиохыг нь зохиосон. Тэгээд намайг ерөөгөөд явахад хүмүүс нэг л сонирхдоггүй ээ. Зүгээр л нэг улиг болсон юм, цээжилсэн юмаа л уншиж байна гэх маягтай хандаад байхаар нь яг орчин цагийн залуусын юу эдэлж хэрэглэж, юу сонирхож байгааг холбоод шинэ цагийн, funny (хөгжилтэй) болгож, шууд газар дээр нь бэлэн цэцэлдэг болсон. Одооны залуус өнгө мөнгөнд дуртай гэдэг ухагдахуун дээр тоглолт хийгээд “…Тийм, тийм брэндийн тийм тийм хувцасаар тэгж гангараад, ийм ийм IPhone гар утас бариад, ийм тийм машин тэрэг унаад…” гэж ерөөгөөд эхэлтэл залуучуудад ойлгомжтой бөгөөд сонирхолтой санагдсан. Ингээд ерөөлийн үйл явдлыг орчин цаг руу оруулж жишээ нь, хурим дээр,
“…Энэ хоёр залуу чинь анх
“Тэнгис” кинотеатрт танилцаад
Тэврэлдэн хайрлалцаад
Зайсан толгойн оройд гарч салхилаад
Завсар зайгаар нь “Тоёота” машинаа унаад…” гээд бодит амьдрал руу нь буулгаад ирсэн. Уран яруу хэрнээ хошин, хөгжилтэй, funny маягийн, хүн сонсоход ойлгомжтой амар байдлаар ерөөж эхэлсэн.
Өнөөдрийн Улаанбаатарын амьдралыг ерөөлд оруулаад ирсэн чинь хүмүүс “Энэ бол шинэ цагийн ерөөл байна” гэцгээх болсон. Би түүнээс биш өөрөө “Шинэ цагийн ерөөл” гэж нэршил гаргаж ирээгүй юм шүү. Би ерөөсөө тэгж бодоогүй. Хүмүүс миний бичлэгийг фэйсбүүк рүү оруулаад “Шинэ цагийн ерөөлч” гээд намайг нэрлэчихсэн байсан юм. Тэгээд тэр бичлэгийг хүмүүс их үзэж, шэйрлээд дэмжихээр нь л “Энэ миний явах өнцөг юм байна” гэж бодсон. Миний онцлог бол яг тэр агшинд нь зохиох буюу бэлэн цэцэлж ерөөдөг. Үүгээрээ бусад ерөөлчөөс ялгарах гэж хичээдэг юм.
-Ерөөл бол ирээдүй рүү чиглэж, ирээдүйн явдлыг түргэтгэх, сайн сайхан болгохыг зөгнөж, бэлэн цэцлэх аргаар бүтдэг. Бурханы сургаалд “Бодол биелдэг” гэдэг шиг “Ерөөл биелнэ” гэдэг юм билээ. Үүгээр бол ерөөл хэлэх, хүнийг ерөөх нь буян юм?
-Надад бас тэгж бодогддог юм. Би чинь дандаа сайн сайхан, аз жаргалыг л ерөөгөөд явдаг. Хэдийгээр би ерөөлч гэгдээд энэ ажлаараа ажил, амьдралаа залгуулж байгаа ч намайг урьж аваачаад ерөөл тавиулж байгаа хүмүүстээ тустай, надад ч бэлгэ дэмбэрэлтэй. Ерөөлч хүнийг ном сайн унш гэдэг юм билээ. Ном, сонин их уншина. Ном уншихаар ухаан саруул болж, үг хэллэг уран цэцэн болдог гэж хүмүүс зөвлөдөг юм. Тийм болохоор өөрийгөө чадах ядахаараа л хөгжүүлээд явдаг юм.
-Та одоо хуриманд явна гэлээ. Хөтлөгч хийх гэж байна уу, ерөөх гэж байна уу?
-Ерөөх гэж байна. “Зайсан хилл” цогцолбор дахь Хуримын өргөөний ерөөлч ажилтай.
-Хуримын ерөөлийнхөө эхлэлээс сонирхуулж болох уу?
-Өнөөдөр чинь өвлийн адаг сарын шинийн есний өдөр гэж байгаа.
Зээ, өөдлөн дэвжих заяатай
Өлзий дэмбэрлийн ерөөлтэй
Өвлийн адаг сарын
Шинийн есний дүүрэн мэндийг
Өргөн олон түмэндээ айлтгая аа.
Алтай хангай уулынхаа
Архан бэлээр нь нутагтай
Ард олон түмний минь
Ажил, амьдралын өлгий болсон
Алдарт Монголын нийслэл
Улаанбаатар хотынхоо
Хан-Уул дүүргийг эзэгнэн орших
Хан Богд уулын хормой
Хатан Туул ижийн хөвөөндөө
Заяа буян өөдрөг
Зайсан хиллийнхээ
Гэрлэх ёслолын ордонд
Хүрэлцэн ирсэн
Хүндэт зочид Та бүхэндээ
Алд цэнхэр хадгаа дэлгэж
Ашдын бэлгэ дэмбэрэл
Аз жаргалын ерөөлөө айлгая аа.
-Ямар гоё юм бэ?
-Эхлэл нь энэ юм даа. Тухайн хүмүүсийн өөрсдийнх нь ёс уламжлалаар хуримаа ерөөл, уртын дуу, морин хуурын аль нэгээр нь эхлүүлдэг.
-Ерөөлчид голдуу маш гярхай, ажигламтгай, логик сэтгэлгээтэй, самбаатай хүмүүс байдаг?
-Тухайн орчин, тэнд байгаа хүмүүс юу хийх гэж байна, хажууд ямар тавилга, эд юмс харагдана тэр бүгдийг ажиглаж байгаад л бэлэн цэцэлнэ. Ерөнхийдөө ерөөлчийг эргэн тойрноо маш сайн ажигла гэдэг юм билээ л дээ. Ерөөх гэж очсон газраа маш сайн ажиглана. Айлд очлоо гэхэд ороод мэнд мэдэж, сайхан цайлаад суунгаа тэр гэрийн эзэгтэй ямар зүс царайтай, ааш зан нь ямархуу юм, өрхийн тэргүүн нь ямархуу юм, ноён нуруу нь хэр байна, тавилга, өнгө будаг, гэрийнх нь байгаа байдал, ширээн дээр зассан алим жимс, архи сархад гээд бүгдийг харна. Ерөөлчид ерөөлөө гурван цаг дээр ерөөдөг. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагаа заавал зангидаж оруулдаг. Жишээлбэл, хүүхдийн үсний найран дээр байлаа гэхэд, өнгөрсөн цаг дээр аав, ээж хоёр нь яаж анх танилцаж амьдралаа холбосныг нь ерөөчихнө. Одоо цаг дээр, хүүхэд нь ингэж үсээ сайхан авахуулаад, олон түмнээ урьж сайхан бэлгэ дэмбэрэлтэй сэвлэг даахиа үргээж буйг нь ерөөчихөж байгаа юм. Ирээдүй цагт энэ хүүхэд өсч том болоод эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой, эрүүл энх байгаарай гэж өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг ерөөдөг. Ингэж ерөөдгийг том мундаг ерөөлчдөөсөө сонсож мэдэж авсан юм л даа.
-Үүгээрээ та өв тээгч болж байна шүү?
-Өөрөө, ганцаараа аваад үлдэхгүй, үргэлжлүүлээд хойч үедээ дамжуулах урлаг юм.
-Тэр дундаа бэлэн цэцэлж ерөөх нь Монгол ардын аман зохиолын нэн чухал хэсэг юм. Ардынхаа ийм сайхан аман зохиолыг тээж яваадаа бахархдаг байлгүй?
-Бахархахгүй байхын аргагүй. Аав, ээж маань энэ талын авьяастай хүмүүс л дээ. Ээж, аав маань сум, нутаг орондоо багшийн ажил хийдэг сэхээтэн хүмүүс. Аав, ээж минь бэлэн цэцэлнэ, шүлэг зохионо. Тэр бүгд нь надад нөлөөлсөн болов уу. Өөрийн гэсэн онцлогтойгоор ерөөж, үүгээрээ ажил амьдралаа залгуулж яваа даа баярладаг. Ардын аман зохиол, язгуур өв соёлоо тээж яваа залуу хүн гэж өөрийгөө боддог юм.
-Орчин үед аман зохиол амнаас ам дамжих гэхээсээ илүүтэй техник технологийн ололтыг ашиглаж CD, DVD хэлбэрээр дараа үед дамжих нь дээ гэж ойлгож болох уу?
-За яг наадхыг чинь хүмүүс надад зөвлөөд л байгаа. Энд тэнд ерөөсөн ерөөлөө баримтжуулж ав, орчин цагийн үсний найрны ерөөл, шинэ байрны ерөөл ямар болсон бэ гэдгийг харуулах зорилгоор CD, DVD гарга гэсэн зөвлөгөөнүүд ирж л байгаа даа.
-Ардын аман зохиолыг олон жил судалсан доктор, профессор Р.Чүлтэмсүрэн багш, ардын багш С.Дулам гээд Монгол ардын аман зохиолыг нэвт шувт мэддэг мундаг багш нар бий. Тэр хүмүүстэй уулзаж үзсэн үү?
-Одоохондоо би тийм мундаг суутай хүмүүстэй уулзаж амжаагүй л явна. Тийм хүмүүсээс зөвлөгөө авах шаардлага тулгардаг юм. Хаана хэндээ очиж зөвлөгөө авах талаар сайн мэдэхгүй болохоор өөрийнхөөрөө ингээд явж байна.
-Залуус орчин үеийн юм бүгд рүү тэмүүлж байхад та ардын аман зохиол руугаа зүтгэж, шинээр гаргаж ирж байгаа нь зоригтой алхам л даа?
-Баярлалаа. Хүмүүс ерөөхийг минь сонсчихоод “Ямар сайхан юм бэ” гэдэг. Намайг ерөөгөөд дуусахад л хүмүүс ойлгодог. Зүгээр л сургаар “Энэ нэг залуу ерөөдөг юм гэнэ билээ” л гэдэг. Ерөөл, магтаалыг хэт нийтлэг маягаар олны дунд унагасан нь харагддаг л даа. Ерөөлч гэхээр л цээжилсэн хэдэн мөртөө дуржигнатал уншчихаад гараад явчихна биз гэсэн хандлагаар хүмүүс хүлээж аваад байдаг. Тийм ч болохоор тэр үү, ерөөлч нэр зүүгээд цээжилсэн хэдэн мөртөө уншчихаад гараад явчихдаг нөхдийн балгаар гэх үү дээ ерөөлчийн ажлыг үнэлэх үнэлгээ тиймхэн байдаг. Харин би ажлаараа энэ бүхнийг үгүйсгэж, хэдэн мөрт цээжилчихээд л тэрийгээ ерөөл гэж хэлдэггүй юм шүү гэдгийг ард түмэнд сурталчилан таниулах гээд чадах ядахаараа явж байна даа.
-Та манай сониноор дамжуулж Монголын ард түмэндээ ерөөл өргөж болно шүү?
-Зээ, өргөн олон Монгол түмэн минь ээ
Өөдлөн дэвжих заяатай
Өвчин эмгэг тусахгүйгээр
Хорио цээр тогтоосон байгаа энэ үеэрээ
Коронавирусээс
Анд найз, ах дүү, садан
Алаг үрсээ хамгаалж
Амны хаалтаа байн байн зүүж
Ариун цэврээ дор бүрнээ сахиж байвал
Айх аюулгүй
Айдас хүйдэсгүй
Дэлхий нийтээрээ
Дэгдэж байгаа энэ вирусээс
Дээдэс заяатай Монгол түмэн минь
Удахгүй угтах Сар шинээрээ
Ужиг болсон өвчнөөс ангижирч гарахын
Ерөөл бэлгийг дэвшүүлье!
Өнөөдөр надтай уулзаж
Ардын аман зохиол
Соёлын өв тээж яваа талаар
Сонирхож асууж лавласан
Өдрийн сонин
Өдрийн сонины сурвалжлагч тандаа
Өөдлөн дэвжих заяа
Урт нас, удаан жаргал
Сайн сайхан бүхнийг
Өргөн дэвшүүлье ээ!
-Та бэлэн цэцэллээ, баярлалаа?
-Шууд зохиож байгаа нь энэ байхгүй юу.