Categories
мэдээ нийгэм

Шинэ технологи боловсруулж, өвөрмөц санаачилга гаргасан иргэдтэй уулзав

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр өнөөдөр шинэ содон санал, санаачилга гаргаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа юм. Уулзалтад Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын удирдлагууд оролцлоо.

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн, Монгол Улсын үндэсний зөвлөх, судлаач Г.Лхагвасүрэн “Цэвэр байгаль системчлэл” боловсруулснаа танилцуулж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Г.Лхагвасүрэн гуайн хувьд нийслэлийн 171 хорооны дэргэд Тохижилт, нийтийн аж ахуйн бичил төв байгуулах санаачилгыг танилцууллаа. Ийм төвийг хороо бүрд байгуулснаар айл өрхүүдээс гарч буй хог хаягдлыг ангилан ялгаад зогсохгүй багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж, цахилгаан эрчим хүч болон дахин ашиглахуйц ус үйлдвэрлэх боломжтой аж. Хатуу хог хаягдал, аюултай хаягдал, төмөрлөг гэж ангилснаар хог хаягдлын овор 10 дахин багасаж, 8937 хүний ажлын байр бий болно гэж танилцууллаа. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон бусад холбогдох албаныхан оролцсон Ажлын хэсэг байгуулан, иргэн Г.Лхагвасүрэнгийн санаачилгыг нарийвчлан судалж, хог хаягдлын менежментийг боловсруулан дүгнэлт гаргаж, энэ оны IY улиралд багтаан Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон юм.

Хорьдугаар зууны Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Балдуугийн Шарав буюу Марзан Шаравын дурсгалд зориулсан цогцолбор барьж, байгуулах газрын зөвшөөрөл хүсэж уулзсан хүн бол “Марзан Шарав хишигтэн” ТББ-ын тэргүүн Ч.Хишигчулуун байлаа. Түүний хувьд Марзан Шарав зураачийн алдар гавьяаг мөнхжүүлэх, олны дунд ам дамжин өнөөг хүрсэн буруу ташаа ойлголтыг залруулах хүсэлтээ илэрхийлсэн. Б.Шаравын онцлох таван бүтээл олонд танигдсан ч нийтдээ 100 гаруй бүтээл туурвисан алдартан гэдгийг онцоллоо. Мөн кинонд гардагчлан тэнэмэл зураач бус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, удам дамжсан нэрт уран бүтээлч талаас нь олонд таниулах, хүмүүсийн мэддэггүй бүтээлүүдийг нь сурталчлах үүднээс цогцолбор байгуулахаар санаачилсан байна. Түүний саналыг сонсож, хөшөө дурсгал барьж байгуулах болон газар олголтын талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.


Д.Ихбаяр орлогчтой уулзсан удаах хүн бол Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг. Тэрбээр танхимын болон цахим сургалтыг дэмжих смарт платформ бүтээж, хувийн хэвшлийн сургуульд хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад түгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Смарт платформыг “Эрин эверест интернэшнл” дунд сургуульд өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн байна. Уг платформ нь цахим бугуйвчийн тусламжтайгаар багш, сурагчдын ирцийг хянаж, хүүхдүүдийн биеийн халууныг хэмжихийн сацуу 1.5-2 метрийн зай барьж буй эсэхийг ч хянаж, дуут дохио өгөх шинэлэг үйлчилгээтэйг онцлов. Шинэлэг технологийг ашигласнаар багш нарын гэрийн даалгавар засах ажлыг хөнгөвчилсөн төдийгүй хүүхдүүдийн ирцийг бүртгэх, халуун хэмжих, халуун хэмжигч багаж төхөөрөмж авах зэрэг уламжлалт зардлыг 80 хувь бууруулсан байна.

Энэхүү шинэлэг технологийг нийслэлийн хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү хангалттай биш гэдгийг нийслэлийн удирдах ажилтнууд тайлбарлаад, эхний ээлжид төрийн өмчит нэг сургуулийг сонгон нэвтрүүлж, үр дүнг судлахаар тогтов. Монголын бүтээмжийн төвийн тухайд нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллагын хувиар энэ ажилд санаачилгатай оролцохоо илэрхийлж байлаа. Харин Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрууд боломжит хувилбар, судалгааг хамтран гаргаж, үр дүнд хүргэхийг даалгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *