УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тэрээр УИХ-ын чуулганы хуралдааны дараа Зам, тээврийн хөгжлийн яаманд ирж ажлаа хүлээж авлаа. Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлыг хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн юм.
Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд Я.Содбаатар сайдыг танилцуулаад Зам тээврийн хөгжлийн сайдаар туршлагатай, чадварлаг хүн томилогдож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр салбарын хууль эрх зүйн хувьд шийдэх тулгамдсан асуудлууд нэлээд цэгцэрсэн гэж үзэж байна. Ойрын үед хийгдэх гол ажил маань 2019 оны төсөв, 2018 оны гүйцэтгэл үр дүнгийн ажлууд байгаа. Салбарынхаа хамт олонтой гар сэтгэл нийлж улс орны болон салбарын өмнө тулгамдсан олон ажлыг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Салбарын хамт олон маань шинэ сайдыгаа дэмжиж гар нийлэн хамтран ажилаарай хэмээн Я.Содбаатар сайдад амжилт хүсэж баяр хүргэлээ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа газрын дарга нарыг танилцуулж шинэ сайддаа амжилт хүслээ. Мөн өнгөрсөн хугацаанд Зам тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Шадар сайд Ө.Энхтүвшинд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж ажилд нь амжилт хүссэн юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тамга тэмдэг, салбарын бодлогын бичиг баримт, 2019 оны төсвийн задаргаа бүхий хавтаст материалыг хүлээж авсаныхаа дараа салбарын удирдлагуудад хандан ”Зам тээврийн хөгжлийн яамны хувьд салбарын хүрээнд шийдлээ хүлээсэн ойрын болон хэтийн олон ажлууд бий. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа энэ Засгийн газар, МАН хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа амжуулах, тавьсан зорилт амлалтаа биелүүлэх, мөн салбарын бодлогын асуудлуудыг залгамж халаатай үргэлжлүүлэхэд гол бодлогоо болгож ажиллана.Та бүхнийг салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудын хувьд хийж хэрэгжүүлж буй ажлууддаа эзэн нь болж хамтарч ажиллахыг хүсье” хэмээн хэллээ.